Цаг үеийн мэдээ

Нэн ховор ургамал болох вансэмбэрүү цэцгийг хамгаалах нь яагаад чухал болохыг Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас тодрууллаа.

Вансэмбэрүү цэцэг нь ихэвчлэн гурван мянган метрээс дээш өндөрт уулын хад асганд хосоороо ургадаг. 15 см-ээс нэг метр хүртэлх өндөр, бүдүүн иштэй, захаараа олон хурц шүдлэгтэй, гонзгойвтор навч нь шилбээ дагасан далавч үүсгэсэн дэлбэгэр том цагаан дэлбээтэй цоморлигийн голдоо балчир хүүхдийн зулай адил зөөлөн бүлээн хүрэн толгойтой цэцэг. Манай орны Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар маш ховорхон тархан ургадаг.

Манай байгууллагаас Отгонтэнгэр уулын орчим дахь ургамлын төрөл зүйлийн судалгааг хоёр жилд нэг удаа хийхийг зорьж байна. Ер нь судалгааны ажлыг хэсэгчлэн жил бүр хийх боломжтой юм.

Отгонтэнгэр уулын орчимд ургадаг вансэмбэрүү нь нэн ховор ургамлын төрөл зүйл юм.

Энэ ургамалд эр, эм бэлэг хамтдаа байрладаг, хос бэлэгтэй нэг гэрт ургамал. Үрээр үржихдээ муу. Өөр хоорондоо 10-20 метрийн зайтай ургах бөгөөд үүний нууц нь өнөөг хүртэл тайлагдаагүй байна. Судалгааны дүнд нэн ховор ургамлуудыг хамгаалах нь маш чухал юм гэсэн мэдээллийг олон нийтэд хүргэж байна. Учир нь Отгонтэнгэр орчмын ургамлыг амьдралын хэлбэрээр ангилахад олон наст ургамал зонхилох ба харин монокарп буюу үрээс үүссэн бодгаль цэцэглэж үр удмаа үлдээгээд олон наст шиг дараагийн жилүүдэд дахин дахин цэцэглэхгүй мөхдөг, нэг зүйл ургамал бол Вансэмбэрүү юм. Өөрөөр хэлбэл цэцэглэх явц маш удаан. Цэцэглэх хүртлээ 3-5 жил, зарим үед бүр 8 жил хүртэл зарцуулна. Нас, амьдралын эргэлт, үржил нь дэндүү хязгаартай бөгөөд үрээр үржих чадвар маш муу. 

Тиймээс л вансэмбэрүүг хамгаалах биологийн үндэс нь энэ юм.

Вансэмбэрүү нь Отгонтэнгэрийн дархан цаазат газрын Доод гялгар, Даян уул, Отгонтэнгэр уулын өвөр хэсэгт цөөн тоогоор тархсан байна.

Вансэмбэрүү нь Монгол орны устах аюулд орсон 132 ургамлын нэг. 1997 онд "Улаан ном"-д  бүртгэгдсэн дархан цаазтай ургамал юм. Вансэмбэрүү цэцгийн үрийг гадаадад худалдах, гаргахыг 1974 онд Олон улсын конвенцоор хориглосон байдаг тухай Отгонтэнгэрийн УТХГ-ын хамгаалалтын захиргааны судалгаа шинжилгээ, мэдээллийн сангийн мэргэжилтэн Х.Цэгмидзаяа онцлов.

Сонирхуулахад Вансэмбэрүүг монголчууд эртнээс тэнгэрийн задын цэцэг хэмээн сүслэн шүтэж ирсэн. Эрж хайсан бүрт эс олдох бөгөөд үзэгдэх хүндээ үзэгдэнэ гэх яриа бий.

Атганд багтахгүй бүдүүн ногоон иштэй бөгөөд үндэснээсээ эхлээд ишээ дагаад уртсаж ургасан гонзгойвтор өргөслөг хүрээтэй шүүслэг нойтон навчтай.

Вансэмбэрүүг байгалиас авахдаа цэцэг ургасан газарт майхан бариад лусыг аргадан, идээ өргөж, тэнгэрт үзүүлэлгүй эх газрын хүйснээс салгадаг гэдэг. Монгол нэр нь Нөмрөгт банздоо бөгөөд, вансэмбэрүү, халтаргана гэж орон нутаг бүрт өөрөөр нэрлэдэг.  Хэзээ ч нэгээрээ ургадаггүй, дандаа хосоороо ургадаг учраас ариун хайрын бэлгэдэл ч гэж нэрлэдэг.

Аз жаргал авчирдаг гэгддэг вансэмбэрүү цэцэг нь хүмүүс бидний буруутай үйл ажиллагаанаас болоод ихээхэн ховордсон байна. Хүний биед ихээхэн сайн төдийгүй хорт хавдар, уушгины өвчин, ханиад томууны эм бэлтгэхэд хэрэглэн түүсээр ховордсон цэцэг юм.

Таны сурталчилгаа