Цаг үеийн мэдээ

Дундговь аймгийн хэмжээнд энэ онд 84 526 ширхэг мод тарьжээ.

Аймгийн БОАЖГ-ын мэдээлснээр, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Дундговио ногооруулъя” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд 2020-2024 онд тус аймгийн 15 суманд нийт 610 248 мод тарьсан байна.

Дундговь аймаг говь, хээрийн бүсэд оршдог, 74.7 мянган км.кв нутаг дэвсгэртэй. УЦУОШТ-өөс 5 жил тутамд аймгийн нийт нутгийн 665 мониторингийн цэгт хөрсний хээрийн судалгаа болон 6 төрлийн лабораторийн шинжилгээ хийдэг.

Тус төвийн ХАА-н инженерүүдийн хийсэн судалгаагаар хөрсний өнгөн үе элэгдсэн, хөрсөн дээр элсний хуримтлал их хэмжээгээр үүсэж өнгө нь цайрах, идэгдэж устах, доод үе нь ил гарах, үржил шим болон экологийн чадвараа алдаад буйг тодорхойлжээ. 

Монгол орны ойн санг 9 хувьд хүргэж, цөлжилт, газрын доройтлыг багасган, хүлэмжийн хийн шингээлт, усны нөөцийг нэмэгдүүлэх, улмаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулан ногоон хөгжлийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилгоор орон даяар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж буй билээ. Энэхүү хөдөлгөөний хүрээнд Дундговь аймаг орон нутгийн төсвөөс 2021 онд 80 сая, 2022 онд 240 сая, 2023, 2024 онд тус бүр 100 сая төгрөг зарцуулаад байна.  

БОАЖГ-аас төв, суурин газар мод тарьж, ургуулахаас гадна говь цөлийн бүсийн үндсэн мод - загийг тарьж ургуулахад анхаарч байгаа юм.  Заг нь илчлэг сайтай, эрчилсэн урт үндэстэй, олон зуу насалдаг онцлогтой. Заган ойг өргөжүүлэх, элсний нүүдлийг сааруулах зорилгоор тус байгууллага 2022 онд 150, 2023 онд 3 га талбайд 3000 заг суулгажээ.

Харин сүүлийн жилүүдэд иргэд мод тарихдаа эдийн засгийн ач холбогдол бүхий жимсний мод, ялангуяа алимны модыг түлхүү тарьж байна. 

 

Таны сурталчилгаа