Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлиг, Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 44 дүгээр тэмдэглэлээр 2024 оныг “Үндэсний бичиг, соёлын жил болгон зарласны дагуу “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”- ийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2024 оны есдүгээр сарын 13-22-ны өдрүүдэд улс даяар өргөн цар хүрээтэй тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
Энэ онд “Олон улсын бичиг үсгийн өдөр”-ийг “Олон хэлний боловсролыг дэмжих нь: “Бичиг үсэг харилцан ойлголцол, энх тайвны төлөө” уриан дор тэмдэглэхээр зарласан.
Дээрх өдрүүдэд Чингис хаан Үндэсний музейн эрхлэн гаргасан "Дэлхийд тархсан монголын өв" 11 боть цувралыг танилцуулж оролцоно. Энэхүү боть цуврал нь Монгол, ОХУ, Унгар, Тайвань, Япон, Дани Норвегийн хаант улсад хадгалагдаж буй Монгол улстай холбоотой дурсгалуудаас бүрдсэн, албан ёсны зөвшөөрөлтэйгөөр мэргэжлийн тайлбар зүүлттэйгээр, монгол, англи, орос хэл дээр хэвлэгдэн олон нийтийн хүртээл болгосон билээ.
"Дэлхийд тархсан монгол өв" цуврал 11 боть номын төслийн удирдагч, ерөнхий редактораар академич С.Чулуун ажилласан бол зохиогчоор ОХУ-ын судлаач Ю.И.Елихина болон судлаач А.И.Шинковой, Унгар улсын судлаач Бирталан Агнеш, Дани улсын судлаач Кристал Брае, Япон улсын судлаач Конагая Юки, Норвеги улсын судлаач Мариа Картвейт болон судлаач Я.Ганбаатар нар ажиллаж, Д.Начин, Я.Ганбаатар, Сье Яолин, Л.Соёл, Б.Нямдорж, Н.Ганбат, Х.Нямдулам, Б.Батбаяр, Б.Должинсүрэн болон Телеки Кристина нар орчуулагчаар ажиллаж, техник редактораар доктор Л.Эрдэнэболд, эх бэлтгэл, хэвлэлийн дизайнераар Б.Баясгалан нар ажилласан.
"Үндэсний бичиг соёл, номын өдрүүд нь өв соёл, түүхэн уламжлалаа дээдлэн хүндэтгэх, үр хойчдоо монгол эх хэлээрээ зөв ярьж, бичих соёлыг төлөвшүүлэх, үүний төлөө зүтгэж буй бүх хүмүүст хүндэтгэл үзүүлэх баярын өдөр юм.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Соёл, урлагийн газраас “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2024”-ийг Боловсролын яам, Боловсролын ерөнхий газартай хамтран зохион байгуулж, бүх шатны боловсролын байгууллагыг өргөнөөр хамруулж, төрийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын бүтээлч санал санаачилгыг дэмжин ажиллана.