Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд жил болгон “Ногоон технологи” өдөрлөг арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ жил Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран байгаль орчныг хамгаалах, нөөцийг зохистой ашиглах, орчны бохирдол, доройтлыг бууруулахад техник, технологийн ололт, инновацын шийдлийг ашиглах, ногоон технологийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор “Ногоон технологи-2024” үзэсгэлэнг энэ сарын 18, 19-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулна.