Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2024/ШЦТ/94 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуульд заасан үндэслэлээр хаалттайгаар хянан хэлэлцлээ.
Анхан шатны шүүхийн хууль зүйн дүгнэлтийн зарим хэсэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36, 37 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангаагүй, хэргийн талаар зарим шүүгдэгчид холбогдох хэргийг улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч нарын саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг бүрэн хийгээгүй, харилцан зөрүүтэй нотлох баримтыг үгүйсгэж няцаагаагүй зэрэг нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул шүүхийн шийтгэх тогтоолын зарим заалтыг өөрчилсөн, хүчингүй болгон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанаар дахин шийдвэрлүүлэх, нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэсгийг зөвтгөн өөрчилж, бусад шүүгдэгч нарт холбогдох хэсгийг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Тодруулбал: Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Батхишигт эрүүгийн хариуцлага оногдуулсан хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанаар дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж,
Шүүгдэгч Б.Ганхуягийн үйлдсэн хахууль авах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, улмаар уг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож тогтоогдсон гэж үзсэн бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Харин гэмт хэргийн замаар нэгэнт олсон эд хөрөнгө, мөнгийг өөр зүйлд захиран зарцуулж, хэлбэрийг нь өөрчлөх замаар мөнгө угаасан үйлдлийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж давхар зүйлчилсэн нь эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, давхардуулах хариуцлага ногдуулахгүй байх зарчимд нийцээгүйгээс гадна шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлд хамаарч байна.
Иймд шүүгдэгч Б.Ганхуягийн холбогдсон гэмт хэргүүдээс үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт яллах дүгнэлт үйлдсэнийг, мөн шүүгдэгч Б.Отгонжаргалын холбогдох хэргүүдээс албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон хэрэгт яллах дүгнэлт үйлдсэнийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Ингээд шүүгдэгч Т.Аюурсайханы нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасаж, ялыг 2 жил 6 сар хорих, шүүгдэгч Б.Ганхуягийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасаж, оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт 3 жил 9 сар хорих, шүүгдэгч Б.Отгонжаргалын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасаж, 1 жил хорих ялаар тус тус тогтоож, бусад нэр бүхий шүүгдэгч нарт оногдуулсан хорих болон торгох ялыг тус тус хэвээр үлдээж, Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, Б.Отгонжаргал, И.Даваадорж нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Мөн зарим шүүгдэгч нараас гаргуулбал зохих мөнгөн дүнг зөвтгөн өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.
Тус хэрэгт нүүрстэй холбоотой хэргийн үйл баримт авагдаагүй, энэ талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээгүй, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг явагдаагүй болохыг тэмдэглэж байна.
Тойм бэлтгэсэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг
иргэн
2024-09-13
Энэ нүүрсний асар их дуулиантай олон холбогдогчтой хэрэг нийтийн сонсгол хийж ил тод болгоод олны анхааралд оруулаад л таг болов. Гэтэл томоохон албан тушаалтан болон зарим нөхөд ямарч ял зэмгүй өнгөрөв бололтой. Ганхуяг, Аюурсайхан хоёр гарахда энэ бүхнийг ил болгоно байхаа. Үндсэндээ энэ хоёр залуу л гол буруутан болоод өнөрч байх шиг.