Цаг үеийн мэдээ

Паралимпын аварга, Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав болон Таэквондогийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатарт Toyota Sienta автомашин болон мөнгөн урамшууллыг гардуулах ёслол боллоо. Тодруулбал, Наран авто худалдааны төвөөс Монгол Улсынхаа төрийн дууллыг Парисын тэнгэрт эгшиглүүлж, паралимпын аварга гэх эрхэм цолыг эх орондоо авчирсан багш, шавь хоёрын нөр их хөдөлмөр, амжилтыг үнэлж ийн сэтгэлийн бэлэг өгч буй юм байна.

Гавьяат дасгалжуулагч, Таэквондогийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар: -Наран авто худалдааны төвийн хамт олонд маш их баярлалаа. Өчигдөр манай тамирчдыг төр засаг маань өндрөөр үнэлж, Хөдөлмөрийн баатар цолыг гардуулсан. Мөн надад гавьяат дасгалжуулагч цолыг олгосон. Маш их талархаж байгаа. Монголын ард түмэндээ маш их баярлаж байгаагаа илэрхийлье. Наран авто худалдааны төв сэтгэлийн урам өгч, тамирчдын хүч хөдөлмөрийг өндрөөр үнэлж байгаад баярлалаа. Цаашдынх нь ажил үйлсэд амжилт хүсье.

Хөдөлмөрийн баатар, Паралимпын аварга У.Сүрэнжав: Наран авто худалдааны төвийнхөндөө баярлалаа. Танай хамт олонд ажлын амжилт хүсье. Амжилтыг минь үнэлж, машин бэлэглэж байгаад маш их баяртай байна. 

Наран авто худалдааны төвийн захирал Л.Гансүх: -Манай худалдааны төв байгуулагдаад 2-3 жил болж байна. Хэрэглэгчиддээ Япон улсаас импортолж оруулж ирсэн чанартай машиныг худалдаалахыг зорьдог. Үйлчлүүлэгчдийнхээ эрэлт хэрэгцээг хангасан үйлчилгээг үзүүлэхийг зорьж ажилладаг. Манай хамт олны 90 хувь нь залуус байдаг. Эдгээр залууст маань үлгэр дууриал, бахархал болсон сайхан амжилтыг У.Сүрэнжав маань гаргасан. Тиймээс манай хамт олон энэ амжилтыг үнэлж, хамт олныхоо зүгээс автомашин бэлэглэхээр шийдсэн. Өнөөдөр гардуулж өгч байна.

Таны сурталчилгаа