Зөгий.мн сайт энэ удаа Чингэлтэй дүүргийн 275-р цэцэрлэгийн багшийн туслах Б.Ариунааг онцоллоо. Тэрээр цэцэрлэгийн багшаар 33 жил ажиллаж байгаа бөгөөд цэцэрлэгийнхээ анги танхимыг өөрийн оёж, урласан бүтээлээрээ тохижуулдаг аж. Бид түүнтэй цөөн хором ярилцлаа.
- Сайн байна уу? Та хэзээнээс оёж эхэлсэн бэ?
- Сайн байна уу? Би анх юм оёхыг арван жилийн сургуульд сурч байхдаа Үйлчлэх хөдөлмөрийн хичээлээс сурч байлаа. Одоо тэр эрдмээ ашиглаад хүүхдүүдээ хөгжүүлэх зүйлсийг өөрийн гараар хийгээд явж байна.
- Таны урласан зүйлс их бүтээлч харагдаж байна. Санаагаа хаанаас олсон бэ?
- Санаагаа бол фейсбүүк, ном гээд олон төрлийн зүйлээс л авдаг. Хүүхдүүдээ тав тухтай байлгах, хөдөлгөөнийг нь дэмжих үүднээс л ийм зүйлс оёдог юм. Би хүүхдүүдтэй ажиллах их дуртай. Ажил дээрээ ирээд хэдэн хүүхдүүдээ харахаар их баярладаг. Тэдний дунд би өөрийгөө хөгшин гэж огт мэдэрдэггүй. Адилхан л хүүхэд шиг байдаг. Хүүхдүүдтэйгээ байхаар бие өвдөхгүй, жаргалтай байдаг. Гэртээ байгаад байхаар бие өвдөөд л хүүхдүүдээ санаад л хэцүү шүү дээ.
- Хүүхдүүд нь ч бас багштайгаа уулзаад их баярладаг байхдаа?
- Хүүхдүүд маань өглөө ирээд л багшаа гээд тэврээд авдаг. Амралтын өдрөөр амраад ирэхдээ их санасан байдаг. Би ч гэсэн нэг бүтээл хийчихвэл хүүхдүүддээ харуулж, тоглуулах гээд их яардаг. Амралтын өдрүүдийг хурдан дуусаасай, хүүхдүүдтэйгээ уулзах юм сан гээд нойр хүрэхгүй их хүлээнэ.
- Залуу багш нарт та их үлгэр дуурайл болдог юм байна?
- Би залуу багш нарыгаа хүүхдээ хөгжүүлж, юмхнаар юм хийж сураасай гэж их боддог. Тэдэнд үлгэр дуурайл болохыг их хичээдэг дээ.
Б.Ариунаа багшийг бүтээлч сэтгэлгээтэй, харилцаа хандлага сайтай, залуу багш нарт үлгэр дуурайл болдгоос гадна дээл, хувцсыг хүртэл сайхан оёдог гэж хамт олон нь магтаж байлаа.
Түүний талаар Чингэлтэй дүүргийн 275-р цэцэрлэгийн арга зүйч С.Амаржаргал "Манай Б.Ариунаа багш бол маш бүтээлч, уран багш. Залуу боловсон хүчинд үлгэр дуурайл их үзүүлдэг. Энэ багшийнхаа ачаар бид хүүхдүүдийнхээ урлагийн хувцас, багш нарынхаа бүжгийн хувцас, ариун цэврийн өрөөн дахь гишгүүр гээд бүгдийг гарын доор материалаар хүүхдүүдийнхээ эрүүл, аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлж байна. Бусад бүлгүүдийн туслах багш нар хүртэл Б.Ариунаа багшаас суралцаж өдрөөс өдөрт анги танхимаа өнгөлж, ажилдаа сэтгэл гаргаж байна. Цэцэрлэгийн сургалтын орчин сайжрахад маш их нөлөө үзүүлсэн" гэлээ.
Бүлгийн багш Д.Сарангэрэл "Би багшаасаа урлаж, шагладгийг нь зах зухаас нь сурч л явна. Түүнээс гадна хүн ямар харилцаа хандлагатай байх, зөв хүн байх зэргийг хүртэл суралцаж байна. Бас багш нар нь бүтээлч байхаар хүүхдүүд маань хүртэл дагаад юмыг шинээр сэтгэж, хийдэг юм байна. Хүний хийсэн хөдөлмөр гээд хүүхдүүд маань бас цэвэрч нямбай болж байна" гэв.