Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй 1100 автобусанд теле камер байршуулсан. Теле камерын тусламжтай 06:00-22:00 цагийн хооронд авто замын нэгдүгээр эгнээгээр зорчиж буй автомашин болон автобусны буудал дээр түр буюу удаан хугацаагаар зогсож хөдөлгөөнд саад болж буй жолооч нарын зөрчлийг баримтжуулж буй. Зөрчлийг Замын хөдөлгөөний Удирдлагын Төвөөс Тээврийн цагдаагийн албанд илгээж баталгаажуулснаас зөрчил гаргасан жолоочид хариуцлага тооцож буй. Өнөөдрийн байдлаар зөрчил гаргасан 100 гаруй тээврийн хэрэгсэлд торгууль ногдуулжээ.
Энэ талаар ЗХУТ-ийн Зөрчил бүртгэлийн хэлтсийн дарга Ш.Гантөмөр “Автозамын нэгдүгээр эгнээг чөлөөтэй зорчуулах зорилгоор автобусанд теле камер байршуулж нэгдүгээр эгнээгээр зорчсон тээврийн хэрэгсэлд торгууль ногдуулж байгаа. 09 дүгээр сарын 01-ний өдрөөс теле камераар зураг дарж торгууль ногдуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нотлох баримт, зургийн шаардлага хангасан 100 гаруй зөрчилд торгуулийн арга хэмжээ аваад байна.” гэв.
зочин
2024-09-14
Торгосон нь зөв. Бүр ачаад явах хэрэгтэй. Ийм машинууд иргэдийг автобусанаас буух, автобуснаас буухад бэрхшээл үүсгэдэг.