Одоогоос 34 жилийн өмнөх энэ өдөр Монголын ард түмний сонголтоор сонгогдсон Улсын Бага Хурал анхлан чуулснаар байнгын ажиллагаатай парламентын үйл ажиллагааг эхлүүлсэн түүхтэй. Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ардчилсан засаглалын дархлаа, хууль дээдлэх ёс, хүний эрх, эрх чөлөөний баталгаа болсон парламентын суурийг тавьсан Улсын Бага Хурлын гишүүдийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нар өнөөдөр /2024.09.13/ хүлээн авч уулзлаа.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан байнгын ажиллагаатай парламент үүссэн байгуулагдсаны ойн баярын мэнд дэвшүүлээд, “Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх зарчим бүрнээ хэрэгжих үндэс нь 1990 оны ардчилсан сонгуулиар тавигдсан. Улсын Бага Хурал бол улс орны улс төр, эдийн засаг, нийгмийн байгууллыг шинэчлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх түүхэн гавьяа байгуулсан парламент юм” гэж онцоллоо. Тэрбээр УБХ-д дөрвөн намын төлөөллөөс бүрдсэн 53 гишүүн сонгогдож байсан бол 34 жилийн дараа 5 нам, эвслийн 126 гишүүнтэй парламент бүрдсэн нь та бүхний үүсгэсэн парламентат ёсны түүхийн шинэ хуудас, улс төрийн шинэ соёлыг нэвтрүүлсэн үйл явдал болсон гэлээ. Мөн энэ удаагийн УИХ бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, шинэ үеийн парламентат ёсыг төлөвшүүлэн, шинэчлэлийн зорилтыг дэвшүүлж, ирэх дөрвөн жилийн стратегиа хууль эрх зүйн орчны “Гурван төгөлдөржилт” гэж тодотгон ажиллахаа илэрхийллээ.
УБХ-ын дарга, УИХ-ын дарга асан Р. Гончигдорж 1990 оны 9-р сарын 13-нд бүрэн эрхээ хэрэгжүүлсэн Улсын Бага Хурал нь Үндсэн хуулийнхаа гол санааг нийт орон даяар үе залгамжлан авч явах эрх ашгийг бий болгосон гэв.
УБХ-ын гишүүн, УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан Монголчууд бид дэлхийн жишгээр амьдрахыг хүссэн учраас Монгол Улсад байнгын ажиллагаатай парламентыг байгуулсан. Улс орноо өөрчилж, шинэчлэх эхлэл нь парламенттай болох байсан учир хамгийн анхны байнгын ажиллагаатай парламент болох УБХ-ын гишүүд улс орноо шинэ нийгмийн тогтолцоонд шилжүүлэх том зорилготой байсан талаар тодотголоо.