МУГТ Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ нь хүндийн өргөлтийн төрлөөр “Рио-2016” паралимпын наадмаас хүрэл медаль, "Токио-2020 паралимпын наадмаас алтан медаль", энэ жил "Парис-2024 паралимпод өрсөлдөж, цээжнээс 248 кг-ыг амжилттай шахсанаар мөнгөн медаль хүртсэн. Тэрбээр паралимпын наадмын алт, мөнгө, хүрэл буюу иж бүрэн медальтай Монголын анхны тамирчин болсон юм. Мөн ДАШТ-ий гурван алт, дөрвөн мөнгө, Дэлхийн цомын зургаан алтан медальт, Азийн наадмын хоёр алт, нэг мөнгөн медалийг хүртэж байсан.
Түүнийг эх орондоо ирэхэд нь амьдардаг байрны СӨХ, хорооны Засаг дарга, оршин суугчид хамтран талархлын самбар байршуулан угтан авч, хүндэтгэл үзүүлжээ. Энэ талаар хорооны зохион байгуулагч Ч.Бямбадулам болон СӨХ-ны дарга н.Гантөгс нараас тодрууллаа.
СӨХ-ны дарга н.Гантөгс: Бид олимпын аваргатай хамт нэг байранд оршин суудгийн хувьд Э.Содномпилжээ аваргыг ирэхэд нь самбар байршуулж хүндэтгэн угтаж авсан. Өмнө нь бас 2021 онд байрныхаа оршин суугчидтай хамт гадаа самбар байршуулан угтаж байсан. Олимпын гурван хос медальтай хүнтэй нэг байранд амьдарна гэдэг их бэлгэшээлтэй байгаа" гэв.
Хорооны зохион байгуулагч Ч.Бямбадулам: "Э.Содномпилжээ аваргыг эх орондоо, гэртээ ирэх үед тухайн байрны СӨХ-оос бидэнтэй холбогдож аваргыг угтан авах гэж байгаа тухайгаа хэлж биднийг хамт угтан авахыг урьсан. Паралимпын аварга маань манай хороонд оршин суудаг болохоор бид дуртайяа хамт тамирчнаа угтан авч хүндэтгэл үзүүлсэн. Э.Содномпилжээ тамирчин маань их баярлаж хүлээж авсан. Мөн ээж нь ч бас их баярлаж хүлээж авсан " гэлээ.