Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар Нийслэлийн өмчөөс төрийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, нийслэлийн өмчийн Хангарди ордныг газар эзэмших эрхийн хамт Улсын дээд шүүхэд шилжүүлэх шийдвэрийг холбогдох байгууллага гаргасан. Тус барилга болон тавилга, эд хогшил, тоног төхөөрөмж, хангамжийн материал зэрэг төрийн өмчид шилжүүлэх эд хөрөнгийн жагсаалтыг нийт 13 тэрбум 763 сая төгрөгөөр үнэлсэн байна.
Хангарди ордон болон газрын хөндлөнгийн үнэлгээг өмнө нь хоёр удаа хийлгэж байсан. Тухайлбал, НИТХ-ын шийдвэрийн 2018 онд Нийслэлийн өмчийн харилцааны газар захиалга өгч үнэлүүлэхэд барилга болон газрыг нийтэд нь 43 тэрбум 423.3 сая төгрөгөөр үнэлж байсан. Харин 2022 онд хийсэн үнэлгээгээр тус барилгыг 77 тэрбум 745.4 сая төгрөг, газрыг 2 тэрбум 105.6 тэрбум төгрөгөөр үнэлж байжээ. Ийнхүү хоёр ч удаагийн хөндлөнгийн үнэлгээний дүнгээс хамаагүй бага буюу 13.7 тэрбум төгрөгөөр Хангарди ордныг үнэлж, төрийн өмчид шилжүүлж байгаа асуудлыг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан тодруулж асуун, байр сууриа илэрхийллээ.
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Яагаад шинэчилсэн үнэлгээг балансад тооцохгүй байна вэ. Барилга анх ашиглалтад орсон 2008 оны үнэлгээгээр тооцож явсаар байх юм уу. Хотын захиргааг нүүлгэх шийдвэр гарснаас хойш Хангарди ордныг дуудлага худалдаагаар худалдах тухай асуудлыг жил бүрийн нийслэлийн төсвийн үеэр хэлэлцдэг байсан. Тухай бүрд ч гэсэн арай өөр дүн тавьдаг. Хөндлөнгийн байгууллагууд үнэлэхдээ бараг 80 орчим тэрбумаар үнэлгээг тогтоож байхад бид төрийн өмч хамгийн багаар үнэлэгдэнэ гэсэн хандлагатай байж болохгүй. Ямар зорилготой ийм шийдвэр гаргаад байгааг ойлгохгүй байна. Энэ асуудлыг би Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн нэгдсэн хуралдаан дээр хөндөж тавина…” гэлээ. Нийслэлийн Засаг даргын 1 дүгээр орлогч Н.Мандуул мөн нийслэлийн хөрөнгийн үнэлгээг дахин авч үзэх зайлшгүй шаардлага үүссэн бөгөөд Нийслэлийн ИТХ-ын даргатай санал нэг байгаагаа илэрхийлэв. Энэхүү асуудлыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэн, эцсийн шийдвэрийг гаргана.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ