Нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээлэл хийлээ.
Нийслэлийн сонгуулийн хорооны дарга П.Хадбаатар: Нийслэлийн сонгуулийн хороонд НИТХ-д нэр дэвшихээр 15 нам, нэг эвсэл оролцохоор бүртгүүлсэн. Үүний дагуу тогтоол гаргасан. Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ыг сонгох тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу НИТХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох эрхээ авсан 10 нам, нэг эвслээс 281 хүн, нэг бие даагч баримт бичгээ ирүүлсэн. Нийслэлийн сонгуулийн хорооноос Сонгуулийн тухай хуулийн 27.5 дахь хэсэгт заасан нам эвслийг шийдэх тухай асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах баримт бичигт шаардагдах лавлагаа нэр дэвшигчдээс авсан байгаа. УБЕГ-т 2024 оны есдүгээр сарын 10-ны өдөр хүсэлтээ ирүүлсэн этгээдийн 51 болон түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшиж байгаа хуулийн этгээдийн мэдээллийг авсан. Үүний дагуу бид татвар болон бусад байгууллагаас хугацаа хэтэрсэн төлбөртэй байна гэсэн тодорхойлолтыг авсан. Ингээд 2024 оны есдүгээр сарын 11-ний өдөр нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлаар хурал хийсэн. Хурал 100 хувийн ирцтэй. Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ыг сонгох тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1-т зааснаар өчигдөр хэлэлцсэн. Үүнийг сонгуулийн хороо хуралдаанаараа шийдвэр гаргана. Хуралдаанд оролцогч гишүүдийн дийлэнх олонхын саналаар шийдвэрлэнэ гэж заасан. Үүний дагуу нэр дэвшигч 282 иргэний мэдээлэл нэг бүрчлэн танилцуулагдаж, ирүүлсэн материалууд дээр бүгдийг бүртгэх эсэх талаарх тогтоолоо гаргаад явсан. Сонгуулийн хуульд тавьсан шаардлагын дагуу бүртгүүлэхээр хүсэлт ирсэн иргэдээс 33 нь татгалзах тогтоол гарсан. Эдгээрийн нам эвсэл тус бүрээр нь хэлж танилцуулна.
МАН-аас 4 хүн татгалзсан. 45 нэр дэвшигч ирсэн. 41-ийг бүртгэсэн.
АН-аас 44 хүний материал ирүүлсэн. Үүнээс 2-ыг нь татгалзсан. 42-ыг бүртгэсэн.
Үндэсний эвслээс 27 нэр дэвшигчийн материал ирсэн. 24-ийг бүртгэж, 3-ыг татгалзсан.
ИЗНН-аас 45 хүн бүртгүүлсэн. 36-ыг бүртгэж 9-ийг татгалзсан.
Эрх чөлөө хэрэгжүүлэгч намаас 3 нэр дэвшигч материал ирүүлсэн. Нэгийг нь бүртгэж, 2-ыг нь татгалзсан.
Иргэний хөдөлгөөн намаас 6 нэр дэвшигчийн материал ирүүлсэн. Бүгдийг нь бүртгэсэн байна.
ХҮН-аас 45 хүний материал ирүүлсэн. 39-ийг нь бүртгэж 6-г нь татгалзсан.
Үнэн ба зөв нам 14 хүний материал ирүүлсэн. 14-лээ бүртгэгдсэн байна.
Ард түмний олонх засаглал нам 18 хүний материал ирүүлснээс 15-ыг нь бүртгэж, 3-ыг нь татгалзсан.
Иргэдийн оролцоо нам 26 хүн материал ирүүлснээс 24-ийг нь бүртгэж, 2-ыг нь татгалзсан.
Сайн ардчилсан иргэдийн нам 8 хүний материал ирүүлсэн. 7-г нь бүртгэж, нэгийг нь татгалзсан.
Нэг бие даагч материал ирүүлсэн. Шаардлага хангаагүй учраас татгалзсан. Нийт 33 хүнийг татгалзаж, 249 хүнийг бүртгэсэн байна.
Энэ бол эцсийн байдлаар биш. Сонгууль болохоос 25 хоногийн өмнө дахин материал бүрдүүлж өгөх боломж бий. Сонгууль болохоос 15 хоногийн өмнө нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулна. Энэ нь есдүгээр сарын 27-ны өдөр таарч байгаа. Үнэмлэхээ авсан хүмүүс сонгуульдаа оролцоод явна.