ОХУ-ын Онцгой байдлын яам, Онцгой байдлын ерөнхий газрын хамтын ажиллагааны хүрээнд гурав дахь жилдээ шумбагчдыг бэлтгэх, шүхэргүй десантаар буух хамтарсан дадлага сургуулийг зохион байгууллаа. Хөвсгөл нуурыг түшиглэн зохион байгуулсан тус сургалтад ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отряд, ОБЕГ, түүний харьяа анги салбар, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын нийт 60 гаруй усчин аврагч хамрагдсан юм. Энэ удаагийн мэргэжлийн аврагч-усчин, шумбагчийн гүнзгий шатны сургалтыг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны нутаг дэвсгэрт, дунд шатны сургалтыг Ханх, Цагааннуур сумын “Доод Цагаан нуур”-ын эрэг орчимд гурван үе шаттайгаар зохион байгууллаа.