Цаг үеийн мэдээ

“Эх оронч суралцагч” сэдэвт хөтөлбөрт хамрагдаж буй сурагчид өнөөдөр Сэлэнгэ аймгийн түүхийн дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газрууд, эх орны торгон хилээр аялав. “Эх оронч суралцагчид”-ыг Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Хилийн цэргийн 0101, 0243 дугаар ангийнхан угтан авч Сэлэнгэ аймгийн 9 гайхамшгийн нэг болох тус аймгийн Алтанбулаг сумын нутаг дахь “Сайханы Хөтөл”-өөс аяллыг эхлүүллээ. 

Тэмээн хүзүүтийн хөтөл хэмээн нэрийддэг байсан эл газрыг жанжин Д.Сүхбаатар “Үнэхээр сайхан хөтөл юм аа” хэмээн уулга алдсанаас хойш Сайханы хөтөл хэмээн нэрийдэх болсон түүхтэй гэдэг. Түүнчлэн суралцагчид Алтанбулаг сум дахь түүхийн дурсгал, хилийн цэргийн техник, зэвсэглэгчтэй танилцаж, хилийн 652 дугаар багана дээр дурсгалын зураг татуулсан юм. Мөн Тужийн нарсан ойн ажиглах цамхгаас орчныг тольдож, олс таталтаар өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.

Таны сурталчилгаа