Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Зам тээвэр хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан, Сайдын зөвлөх Ш.Адьшаа, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны ГТБХЗХ-ийн дарга Ч.Хишигдалай, ДБХ-ийн дарга Х.Шүрэнцэцэг тэргүүтэй баг тус паркийн үйл ажиллагаа, стратеги, бодлого төлөвлөлттэй танилцав.
“Алтанширээт” Үйлдвэрлэл технологийн парк нь Дорноговь аймагт үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд бүс нутгийн хөгжилд хувь нэмэр оруулж, экспортын салбарын хөгжлийг хурдасгах, дотооддоо уул уурхайн бүтээгдэхүүнийг дахин боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргах зорилготойг онцлов.
Тус үйлдвэр технологийн паркийн төслийн хүрээнд Нүүрс угаан баяжуулах үйлдвэр, Төмрийн хүдэр баяжуулах үйлдвэр, Коксын үйлдвэр, Хорголжийн үйлдвэр, Ширэмний үйлдвэрийн цогц бүтээн байгуулалтыг төлөвлөж байгаа юм.
2019-2022 онд Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дахь Алтанширээт үйлдвэр технологийн паркт Төмрийн хүдрийн нойтон баяжуулах үйлдвэрийг барьж байгуулсан,
2022 оноос Алтанширээт үйлдвэр технологийн паркт Нүүрсний баяжуулах үйлдвэр, Коксын үйлдвэрийг барих ажлыг эхлүүлээд байгаатай Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцав.
Энэхүү төслийн зорилго нь хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж, эрдэс түүхий эдийн боловсруулалтын түвшнийг ахиулан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтойг салбарын сайдад төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс илэрхийлэв.