Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Суурин төлөөлөгч Матилда Димовскаг өнөөдөр (2024.09.24) хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл УИХ-ын 2024 оны намрын чуулганд хүний эрх болон авлигын эсрэг хуулийн төслүүдийг өргөн барьж, батлуулахаар ажиллаж байгаа талаар дурдаад Монгол Улс авлигатай тэмцэх стратегийг шинэчлэх, илүү өргөн хүрээнд ажиллахад НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн оролцоо, дэмжлэг чухал болохыг онцлов. Нөгөө талаас, хатагтай Матилда Димовска Хууль зүй, дотоод хэргийн сайдтай танилцсандаа баяртай буйгаа хэлээд тус байгууллагын үйл ажиллагааны чиглэлийн талаар товч мэдээлэл өгч, Монгол Улсад хууль сахиулах ажиллагаанд хүний эрх, жендерийн тэгш байдлыг дээшлүүлэх төсөл амжилттай хэрэгжүүлж байгаа талаар онцлов.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын зүгээс Хүний эрхийг хангах II хөтөлбөрийг зарлан хэрэгжүүлэх; АНУ-ын Төрийн департаментын Мансууруулах бодистой тэмцэх, хууль сахиулах асуудал эрхэлсэн олон улсын товчоо (INL)-ны санхүүжилттэйгээр Монгол Улсын хууль сахиулах байгууллагуудын “Алба хаагчдыг чадавхжуулах сургалтын хүрээлэн” байгуулах зэрэг хоёр чиглэлд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр туслалцаа үзүүлэн хамтран ажиллахыг хүсэж буйгаа илэрхийлсэн юм. Тус хүрээлэнг байгуулснаар үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргүүд болох хар тамхи, мансууруулах бодис, мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр алба хаагчдын мэдлэг боловсрол, ур чадварыг дээшлүүлэх ач холбогдлын талаар тодотголоо. Хариуд нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Суурин төлөөлөгч Хүний эрхийг хангах II хөтөлбөр болон “Алба хаагчдыг чадавхжуулах сургалтын хүрээлэн” байгуулахад дэмжлэг үзүүлэх чиглэлд хамтын ажиллагааны ямар боломжууд байгааг судалж, дараагийн уулзалтаар нарийвчилсан төлөвлөгөөг хэлэлцэх саналаа илэрхийлэв.
Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн сайдын Зөвлөх Л.Батмөнх, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Нямгэрэл, Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ч.Нарантуяа, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн ажилтан Л.Бархас нарын төлөөлөл байлцлаа.