Цаг үеийн мэдээ

Зөгий.мн сайт энэ удаагийн эерэг сурвалжилгаараа тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан Нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар сургуулийг онцолж байна. ЕБС-ийн 55 дугаар сургууль нь 48 жилийн турш үйл ажиллагаагаа явуулсан бөгөөд 2010 оноос эхлэн 10, 11, 12 дугаар ангийн сурагчдаа ерөнхий боловсролын хичээлээс гадна Талх нарийн боов-Бариста, Зочид буудлын өрөөний үйлчлэгч, Цэцэрлэгч-Ногоочин, Хоол үйлдвэрлэл гэсэн дөрвөн мэргэжлээр төгсгөн ажлын байранд зуучилж байна. 

Нийслэлийн ЕБС-ийн 55 дугаар сургуулийн захирал, МУГБ Ч.Ганбилэгтэй ярилцлаа. 

-Танайх ерөнхий боловсролын сургууль хэрнээ хүүхдүүдэд давхар мэргэжил олгож байна. Яагаад тэр вэ? 

- Манайх бол хөгжлөөрөө ялгаатай хүүхдүүдийн сургууль. Хүүхдүүд есдүгээр ангиа төгсөөд МСҮТ-д орохоор заах арга зүй нь таарахгүй гээд буцаж ирэх тохиолдол маш их байсан. Тийм учраас бид өөрсдөө хүүхдүүдээ цаашдын бие даасан амьдралд нь бэлдэх хэрэгтэй гэсэн үүднээс ахлах ангийн хичээлээ сурахдаа давхар мэргэжил олгох хэрэгтэй гэж үзсэн. Хүүхдүүд ихэвчлэн хүндэвтэр хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй учраас хүүхдүүдийнхээ онцлогт тохируулан тухайн мэргэжлүүдийг сонгосон байгаа. Хүүхдүүддээ зориулан иж бүрэн дадлагын кабинетуудыг хийсэн. 

-Энэ жил шинээр Талх нарийн боов-Бариста мэргэжлийн ангийн нээжээ. Яагаад энэ чиглэлээр хүүхдийг сургах болов?

- Сүүлийн үед хүмүүс кофе шоп их орж байна. Кофенд дурлагсад олширчээ. Тиймээс энэ ангийг нээсэн юм. Кабинетын хувьд италийн чанартай брэндийн тоног төхөөрөмжөөр тоноглосон байгаа. Хүүхдүүд төгссөний дараа ямар ч кофе шопод, ямар ч кофены машин дээр ажиллах чадвартай болно. Мөн кейк, жигнэмэг зэргийг хийж сурна. Хаана ч гологдохгүй. Нийслэлийн ЕБС-ийн 55 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч П.Буян-Учрал хэлэхдээ “Кофе нь дотроо маш олон төрөлтэй. Тэднийг чанаж хийнэ гэдэг үнэхээр сонирхолтой. Бас луувантай кейк, жигнэмгүүд хийх дуртай. Ахлах ангиа төгсөхөөс гадна мэргэжилтэй болж байгаадаа маш их баяртай байна. Сургуулиа төгсөөд энэ мэргэжлээрээ ажиллан өөрийн кофе шопыг нээх мөрөөдөлтэй” гэв. 

Энэ хичээлийн жилд тус сургууль орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн Талх нарийн боов-Бариста мэргэжлийн ангиа шинээр нээжээ. 

Талх нарийн боов-Бариста мэргэжлийн багш Н.Одонгуатай цөөн хором ярилцлаа. 

-Багш хүн хүүхдийнхээ хийсэн зүйлсийг хараад их урам авдаг байх даа? 

-Тэгэлгүй яах вэ. Хүүхдүүдтэй ажиллана гэдэг чинь хайр шүү дээ. Зааж байгаа зүйлийг сайн сурахад л маш их урам авдаг. Хүүхдүүд маш чадварлаг болсон. 10 дугаар ангийн сурагчид маань одоо кофены үүсэл хөгжлийг суралцаад явж байна. Хэзээ кофе шопын кабинет руугаа буух вэ гээд л байнга асуудаг. Зөвхөн манай анги ч гэлтгүй бага ангийн сурагчид хүртэл цонхоор хараад багшаа энэ юу вэ, ямар гоё газар вэ л гээд байдаг юм.

10, 11, 12 дугаар ангийн хүүхдүүд мөн өөрсдөө цэцэг тарьж хүнсний нарийн ногоонуудыг арчилж ургуулан, ургацаа хураан авдаг. 

“Цэцэрлэгч-ногоочин мэргэжлийн ангийн туслах багш Ц.Энхболд ярихдаа “Энэ мэргэжил хүүхдүүдийн гарын булчин, анхаарал төвлөрөлт зэргийг тодорхой хэмжээнд хөгжүүлж хүүхдүүдэд дасгал болдог. Анх яаж үр суулгахаас эхлээд бүгдийг нь зааж сургана. Хүнсний ногоо гэхээр ихэвчлэн хүлэмжид ургуулж болох улаан лооль, чинжүү, гүзээлзгэнэ, салат навч зэрэг ногоонуудыг тарьдаг. Хүүхдүүд өөрсдөө хийдэг болохоор түүндээ их дуртай. Ургацаа хурааж аваад хүүхдүүд өөрсдөө идэхээс гадна үлдсэн ургацаа тогоочийн ангийн хүүхдүүддээ өгдөг юм” гэлээ. 

Тухайн мэргэжилд тохирсон кабинетыг сургууль дотор тохижуулж өгснөөр хүүхдүүд яг л тухайн орчинд байгаа мэтээр дадлага хийх боломж бүрджээ. Жишээлбэл, зочид буудлын өрөөний үйлчлэгч мэргэжлийн кабинет нь дөрвөн одтой зочид буудлын өрөөний стандартыг бүрэн хангаснаар хүүхдүүд тухайн мэргэжлээрээ ажиллахад аль ч улсад гологдохгүй гэдгийг мэргэжлийн багш нь онцолж байв.

Таны сурталчилгаа