Монгол Улсын болоод дэлхийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан, эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр дүн нь олон улсын хэмжээнд үнэлэгдсэн, мэргэжлийн өндөр ур чадвартай дотоод, гадаадын эрдэмтэн, манай улсын шинжлэх ухаан, технологи, инновацын хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан төрийн зүтгэлтэн, хувь хүнд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн дээд шагнал “Хубилай хаан” медалийг олгодог.
Энэ жил “Хубилай хаан” медалиар:
- 1976 оноос хойш ШУА-д эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтнаас академийн Ерөнхийлөгч болтлоо тасралтгүй 50 орчим жил ажилласан Биохимийн салбарын тэргүүлэх эрдэмтэн, Монгол чацарганын тосыг сансрын нисгэгчдийн хоол хүнсэнд хэрэглэх, сансрын нислэгийн үед цусанд үүсэх чөлөөт радикалын хэмжээг бууруулдаг болохыг тогтоосон, төрөөс үндэсний шинжлэх ухааны салбарын хөгжилд анхаарах чиг хандлагыг сайжруулахад онцгой хувь нэмэр оруулсан Монгол Улсын Их Хурлын гишүүн, Академич Дүгэрийн Рэгдэл,
- Дэлхийн жишиг, дотоодын онцлогт нийцүүлэн Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн салбарын эрх зүйн орчныг сайжруулж, эрдэм шинжилгээний байгууллагуудын үндсэн чиглэлийн санхүүжилтийг бий болгосон, эрдэм шинжилгээний ажилтны оюуны үнэлэмжийг дээшлүүлж, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлсэн, салбарын дэд бүтцийг бий болгож цахим, нээлттэй шинжлэх ухааныг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Лувсанцэрэнгийн Энх-Амгалан,
- Мал эмнэлэг, хүнсний аюулгүй байдал, нийтийн эрүүл мэндийн чиглэлээр хийсэн судалгааны үр дүнд тулгуурлан шинжлэх ухааны өгүүлэл 150 гаруйг бичиж хэвлүүлсэн, олон улсын хамтарсан болон Засгийн газрын санхүүжилттэй 7 төслийг амжилттай удирдаж үр дүнд хүргэсэн, олон улсын патент 1, дотоодын патент 7, ашигтай загвар 4-ийг Оюуны өмчийн газраар батлуулсан Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал, доктор Бадгарын Батцэцэг,
- Япон Улсын Каназавагийн их сургуулийн профессор Кацүжи Ёши-ока,
- ОХУ-ын Шинжлэх Улааны Академийн зөвлөх, академич Валентин Иванович Сергиенко нарыг тус тус шагналаа.
Монголын болон дэлхийн түүхэнд баларшгүй ул мөрөө мөнхлөн үлдээсэн түүхэн зүтгэлтэн, шинжлэх ухаан, боловсрол, соёлыг идэвхийлэн дэмжигч, ивээн хөгжүүлэгч Хубилай Сэцэн хааны нэрээр нэрлэсэн энэхүү шагналыг Монгол Улсын Шинжлэх ухааны академи 2008 оноос эрдэмтэн мэргэд, төр нийгмийн зүтгэлтнүүдэд өгч эхэлсэн байна.