Цаг үеийн мэдээ

Танай байрны орцонд үе үе газны сав өрөөтэй харагддаг юм биш биз. Ямар нэгэн содон үнэр үнэртдэг үү. Хэрвээ тийм зүйлтэй таарвал анзаараад нэг үзээрэй. Сүүлийн жилүүдэд өсвөр насныхны дунд ахуйн хэрэглээний газ, будаг шингэлэгч үнэрлэж мансуурах тохиолдол нэмэгдсэнийг мэргэжлийн байгууллагууд мэдээлж байна. Үүгээр зогсохгүй эмчийн жоргүй олгодог энгийн эмүүдийг их хэмжээгээр хэрэглэж, мансуурах болжээ. 

“Газ үнэрлэвэл найзална” хэмээн уруу татаж, мансуурчээ

Яармагийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс... 

ЕБС-ийн 5-6 ангийн хэсэг бүлэг хүүхдүүд гэр хорооллын дахин төлөвлөлтөд орж эзэнгүй болсон балгас руу явсан байна. Тэд 5-дугаар ангийн сурагч Б-г “Бидэнтэй хамт явахгүй бол ална” хэмээн сүрдүүлж, “Газ үнэрлэвэл найзална” гэж урхидан улмаар 4-5 удаагийн давтамжтай газ үнэрлэж мансуурсан. Тухайн хүүхдүүд мансуурсан байдалтай байхад Б-гийн ар гэрийнхэн нь олж, хордлого тайлах эмчилгээ хийлгэжээ. Газыг хүүхдүүд хэрэглэхдээ үргэлж биенийхээ уруу таталтад орж хэсэг бүлгээрээ хэрэглэсэн байдаг. Хэрэглэж эхэлсэн бол сэтгэцийн болон зан авирын биеэ даасан эмгэгтэй болдог.

Энэ талаар “Дети-Окси” эмнэлгийн эмч, дотор эмнэлзүйн хордлогын эмч Б.Сэргэлэнгээс тодруулахад:

-Ахуйн хэрэглээний зүйлс буюу будаг шингэлэгч, газ гэх мэтийг ашиглан мансуурахыг дэлхийн дахинд toxicomania гэж нэрлэдэг. Энэ нь хордлогын зориулалтаар ямарваа нэг манарлыг авахыг хэлж байгаа юм.

1. Сэтгэлийн хөөрөлд аваачих,

2. Тайвшралыг авчирах,

3. Гутралд оруулах гэсэн гурван төрлөөр ангилж болно.

Сүүлийн үед toxicomania-г архины дараахь хордлогын хэмжээ гэж үзэхээр байна. Шинэ төрлийн мансууруулах бодис нийгмийн хөгжлийн явцад гаж урсгал болж орж ирдэг. Өсвөр насны хүүхдүүд өртөмтгий байдаг. Ингэхдээ нийгмийн хэрэгцээ буюу нэг нэгэнтэйгээ найзлах, нөхөрлөх энэ хүрээллийн дунд энэхүү мансууруулах явц явагддаг.

Сэтгэлзүйч Б.Өнөбилгүүн:

-Өөрийн гэсэн хүрээлэлтэй болох өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх хэрэгцээ хүүхдүүдэд өндөр байдаг. Найз нөхөдтэйгээ байхын тулд тэр найз нөхдийнхөө хэрэглэдэг зүйлийг адилхан хэрэглэж, хэрэглээ нэгтэйгээ болж байж, нэг нэгнийгээ ойлгох, нэгнээ миний найз хэмээн хүлээн зөвшөөрдөг.

Аз жаргалын гормоныг зохиомлоор бий болгосноор донтолт үүсдэг

Дэлхийн хэмжээнд нийт өсвөр насныханы 10 орчим хувь нь ямарваа нэгэн зүйлд гүнзгий донтсон байна гэдэг судалгаа бий. Өсвөр насныхан томчуудыг бодвол юмсыг илүү нарийвчлан задлан ялгаж, утга учиртай гүн гүнзгий болгож хүлээж авах хандлагатай байдаг нь ч үүнтэй холбоотой. Нэг ёсондоо тэдний тархины үйл ажиллагаа нь асар хурдацтай өрнөж, хурц сэргэг байдаг ч эсрэгээрээ сэтгэцийн үйл ажиллагаа нь аливаа асуудлыг дааж давах чадвар султай. Мөн ямар нэг асуудал үүсэхэд тархи нь хамгийн хялбар аргаар бүхнийг мартахыг эрэлхийлж буй нь энэ насны хүүхдийг донтолт гэх ангал руу түлхэж байдаг.

Сэтгэлзүйч Б.Өнөбилгүүн:

-Донтолт янз бүр байдаг. Эхлээд тухайн хүнд гоё сайхан мэдрэмж, аль эсвэл онцгүй мэдрэмжийг төрүүлж болно. Гэхдээ донтолтын өөрийнх нь химийн найрлага бодис, орц найрлагаас өөр өөр мэдрэмжийг төрүүлдэг.

Ерөнхий зарчим нь дофамин гэх гормоныг донтолт ялгаруулдаг гэсэн үг. Тухайн гормон ялгарсан нөхцөлд хүн илүү тайван, аз жаргалтай мэт мэдрэмжийг мэдэрдэг.

Жишээ нь, тамхи татах үед бидэнд дофамин ялгардаг. Тэгэхээр ажил дээрээ өндөр стресстэй байгаа хүмүүс гарч салхилангаа тамхилдаг. Тэр үедээ тайвширсан мэдрэмж тухайн үедээ төрдөг. Гэхдээ маш богино хугацааны дараа асар их ядралтын мэдрэмж өгдөг. Хүн бүрт тодорхой дофамин ялгаруулах хэмжээ байдаг. Энэ лимитийг маш богино хугацаанд ойр ойрхон хэтрүүлчихээр, тэрийгээ байнга нэхдэг. Өөрийн бие организм үйлдвэрлэх ёстой дофаминыг гаднаас авч, ялгаруулах шинж тэмдэг рүү орж ирэх нь донтолт юм.

Энэ талаар “Дети-Окси” эмнэлгийн эмч, дотор эмнэлзүйн хордлогын эмч Б.Сэргэлэнгээс тодруулахад:

-Анх удаа хэрэглэж байгаа нөхцөлд нэлээд таадгүй мэдрэмж өгдөг. Таашаал өгөхгүй. Бөөлжүүлдэг, ерөнхий хордлогын шинж тэмдэгүүдийг илрүүлдэг. Хоёр дахь, гурав дахиасаа тодорхой хэмжээний таашаалыг авдаг. Донтолтын байдалд шилжсэнээр эрүүл мэндийн талаас гэхээсээ илүү нийгмийнх болдог. Ойрын хүмүүсээс тань toxicomania-д орсон бол зургаан сарын дараа хувь хүн гэдэг зүйлээ алдаж эхэлдэг. Тухайн хүн тэр бодисыг төлөө юу ч хийхээс буцахаа больдог.

Toxicomania-д өртсөн хүн худалч, хулгайч болдог

Хүүхдүүд эхэндээ тамхи татаж мансуурдаг байснаа түүнийгээ хүндрүүлэх, мансуурлын зэргээ ахиулахын тулд газ хэрэглэдэг байна. Өдгөө ахуйн хэрэглээний мансууруулах бодисоос илүү ахисан түвшний мансуурал буюу сэтгэцэд нөлөөлөх эмийг хэрэглэх нь ихэсчээ. Газ үнэрлэх, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхийг хүүхдүүд нэгнээсээ мэддэг гэнэ. Ийн тухайн хүүхдүүд интернетээс хэрхэн хэрэглэх талаар судалж, тухайн бодисуудыг мансууралд ашиглах арга технологийг нэгэндээ дамжуулдаг аж. Тиймээс интернет орчинд хяналт шаардлатай байна. Гар доорх материал ашиглан мансуурахыг сурталчилсан бичлэгийг хүүхэд үзэхийг хараад суух нь хэр оновчтой бол.

Энэ талаар “Дети-Окси” эмнэлгийн эмч, дотор эмнэлзүйн хордлогын эмч Б.Сэргэлэн:

-Тухайн бодисыг олж авахын тулд хэнд ч юу гэж ч ярьж болно. Бараг төрсөн эхийгээ үхсэн гэж ч хэлж болдог. Ийм худалч болж хувирдаг. Мөн би чадна, би болгоно гэх хоосон амлалтуудыг өгч эхэлнэ. Улмаар үгүйсгэлийнхээ үе рүү шилжинэ. Ийн бие физилогийн шинж рүүгээ ордог.

Турах, гүйлгэх, шартах гэх мэт энэ шинж тэмдгүүдийг тоолгүй хэрэглэсээр байдаг. Эцсийн шат буюу хөдөлж чадахаа больсон үедээ ар гэртээ хандаж эцсийн тусламжийг гуйдаг. 

Эмч дээр ирээд тухайн хүнд нөхцөл байдлыг ойлгуулах үед би донтчихоод байгаа юм байна. Өвчин тусчихсан юм байна гээд эрүүлжих шат руугаа ордог.

Toxicomania нь гэнэтийн үхэлд хүргэх аюултай

Газ үнэрлэснээр хамрын таславч цоорч хамраас нь цус гарах, амьсгал төв мэдрэлийн системийг дарангуйлж, эд эрхтэнүүдийн ажиллагаа хэвийн бус болгох, комд оруулж амь насыг нь авч одох эрсдэлтэй. Үүнийг хэрэглэвэл сэтгэл зүй, бодол санаа, мэдрэхүйд өөрчлөлт ордог. Амтлах, үнэрлэх, харах сонсох чадвар мууддаг. Шууд утгаараа үхэлд хүргэх аюул байдгийг эмч сэрэмжлүүлж байна. Газ үнэртсэн даруйд амь насаа алдах эрсдэл өндөр байдаг.

Энэ талаар “Дети-Окси” эмнэлгийн эмч, дотор эмнэлзүйн хордлогын эмч Б.Сэргэлэн:

-Газ үнэрлэснээр амьсгалын зам бөглөрөх, уушигны буглаа үүсэх, хатгаа үүсгэх, ам салст гэмтэх гэх мэт зүйлс клиник талаасаа илэрдэг. Гал түлэхэд зориулсан байхад тэрүүгээр амьсгалдаг байна гэсэн үг шүү дээ.

Цавууны асуудлууд байна. Цавуу бол химийн полиорганик нэгдэл. Дотроо маш олон төрлийн донтуулагчийг агуулж байдаг. Полиорганик нэгдлүүд хүний биед орсноор тийм хурдан задардаггүй. Задарсан ч дундын бүтээгдэхүүн гэх зүйлийг үүсгэдэг. Тухайн дундын бүтээгдэхүүн биеэс задарч гарах гэж маш удаан хугацаагаар биед оршдог. Эцсийн бүтээгдэхүүн CO2 болохын тулд элгээр дамжих хэрэгтэй байдаг. Тэгэхээр элэг, бөөрний дутагдал, нойр булчирхайн үрэвсэл гэх мэт олон сөрөг нөлөөг үзүүлнэ.

Зорилго мөрөөдөлтэй хүн донтолтоос гардаг

Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 7 сарын байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой 268 гэмт хэрэг бүртгэгдсэнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.6 хувиар өссөн байна. Зөрчлийн 181 гэмт хэрэг бүртгэгдсэнийг өмнөх оны долоон сартай харьцуулахад 53.6 хувиар өссөн байна. Гэмт хэрэгт холбогдогсдыг субъектив байдлаар авч үзвэл эрэгтэй 268, эмэгтэй 34, оюутан 6, насанд хүрээгүй гурван хүүхэд холбогдон шалгагдсан.

Сэтгэлзүйч Б.Өнөбилгүүн:

Би хэзээ л бол энэ хэрэглээнээсээ гарч чадна гэж боддог. Тухайн бодисоос гарах гэж хэд хэдэн удаагийн оролдлого хийгээд чадахгүй, тэр бодист дийллдэж, ялагдах мэдрэмж авсан үедээ би донтчихсон юм байна гэж хүлээн зөвшөөрдөг. Донтолтоос гарахын тулд өөрийн гэсэн мөрөөдөл, зорилготой болох ёстой. Ихэнх донтсон хүмүүс эдгээр чанар сул байдаг. Нэг ёсны тэмүүлэлгүй болдог. Тиймээс сэтгэлзүйч хүмүүс тухайн хүнээ зорилготой болгож, өөртөө итгэх итгэлийн нэмэгдүүлдэг.

2050 он хүртэл тухайн бодисуудын хэрэглэгчдийн тоо нэмэгдэх хандлагатай байдаг. Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хоёр гарыг шалгаж, турж эцэх, хоолондоо дургүй байна уу гэдгийг анзаарч, үнэхээр ийм асуудал тулгарсан бол мэргэжлийн эмчид хандахыг уриалж байна.

Б.АМАРТҮВШИН

 

Таны сурталчилгаа