Цаг үеийн мэдээ

Жүжигчин О.Дөлгөөнтэй ярилцлаа.

Танд ярилцлагын санал тавиад нэлээд удаан хугацаанд завгүй байна гэх хариуг өгсөн. Бэлтгэл, сургуулилт ихтэй байна уу?

“Монгол Хан” төсөл маань олон улсын төсөл болж явагдаж эхэлсэн. Их Британийн Лондон хотын Вест-Энд, Колесиум театрт 17 удаагийн тоглолтыг хийгээд ирлээ. Тэнд тоглогдож байхад Сингапурын Base Entertainment-ийн продюсер, захирал нь үзээд, таалагдсан. Тэгээд Сингапурт тоглох хүсэлт тавьсан. Анх удаа монголын жүжиг гадагшаа зарагдаж байгаа гэсэн үг. Сингапурт тоглохоос өмнө Монгол Хан төслөө монгол хувилбараар нь монголчууддаа үзүүлье гэж шийдсэн. Гэрэл, дуу хөгжим, техник гээд бүхий л зүйл дээр нь гаднын багууд ажилласан. Мөн хувцас загвар гээд бүхий л зүйлүүдэд бага зэргийн өөрчлөлт орсон. Энэ хувилбараа саяхан монголдоо тоглоод дууслаа. Орой болгон жүжгээ тоглохын сацуугаар жүжигчид хоёр баг болж хуваагдаж байгаа. Нэг нь англи хэл дээрх баг, нөгөө нь монгол хэлээр тоглох баг. Гэхдээ хоёр баг хоёулаа англи, монгол аль ч хэлээр тоглосон бэлэн. Мөн бид АНУ-аас гурван жүжигчин урьж авчраад, ажиллаж байна. Миний хувьд хоёр багтаа хоёуланд нь байгаа учраас өдөр нь сургуулилтаа хийгээд, орой нь тоглолтдоо ороод  явж байсан. Одоо бас л англи, монгол хэлээрээ бэлтгэл, сургуулилтуудаа хийж байна. Ер нь Сингапур яван явтлаа завгүй бэлтгэлтэй байж байгаад явах юм шиг байна.  

Таныг илтгэсэн хамгийн ойр дүр тань “Single ladies” киноны Гэрэлээгийн дүр шиг санагддаг. Харин танд ямар дүр тань хамгийн ойрхон тусдаг вэ?

Хүмүүс харин тэгж боддог юм. Би ихрийн орд л доо. Ихрийн орд болохоор янз бүр болоод байдаг юм. Заримдаа маш хөгжилтэй, өөдрөг, бүх зүйлийг гоёор харна. Заримдаа сэтгэлээр унаад бүх зүйл болж бүтэхгүй санагдаад, орондоо шигдээд л. Хүмүүс дийлэнх нь намайг “Single ladies”-ийн Гэрэлээгийн дүртэйгээ адилхан гэдэг. Дотно найзууд маань чи яг тэр Гэрэлээ шиг л гэдэг. Гэхдээ би өөрийгөө ажиглаад байхад надад яг дотно орчин бүрдсэн тохиолдолд би тийм байдаг шиг байна лээ. Одоо яриад сууж байгаа нь түүнээс тэс өөр болчхож байгаа юм. Хүн болгон тухайн орчиндоо тааруулж харьцдаг байх. Танихгүй хүн рүү оччихоод шууд яриад эхлэх Гэрэлээгийн дүр эвгүй шүү дээ. Хүмүүсийг эвгүй байдалд оруулна. Хамаагүй, бодохгүйгээр шууд ярина. Одоо миний нас хэд билээ. Хүний хэлснийг бодоод, жаахан даруухан болоод байгаа юм шиг байна лээ. Дотно найзуудынхаа дунд бол яг л Гэрэлээ шиг л дээ. 

Даруухан болоод байгаа гэлээ. Тэгэхээр 20 настай кино, жүжигт тоглож байсан үе, 30 настай тоглох жүжиглэлт хоорондоо өөр болж байна уу?

Өөр. Яагаад гэхээр илүү туршлагаждаг юм билээ. Би одоо л үүнийг ойлгоод байгаа. Жүжиглэнэ гэдэг нь өөрөө хүний амьдралаар амьдарна гэсэн үг. Хэдий сургуульд нь сураад техник эзэмшиж, сурч мэдэж байгаа ч гэсэн хэрвээ би ийм байсан бол яах байсан бэ гэж бодно. Жаахан байхад тоглож байсан дүрүүдээ бодохоор миний мэдэрч үзээгүй мэдрэмжүүд маш их байсан. Энэ үед би яах байсан бол гэж өөрийнхөө төсөөллөөр ч юм уу эсвэл таньдаг, ойр дотнын хүнд тийм зүйл тохиолдсон бол яаж байна ажиглана. Энэ үед хүн ингэж хариу үйлдэл үзүүлдэг юм байна гэдэг ч юм уу төсөөллөөрөө тоглодог байсан. Одоо гучин нас гарчихлаа. Өөрийнхөө хэмжээнд амьдрал үзээд, гутарч, гуньж, хаяж, хаягдаж зөндөө юм үзлээ. Тэгээд л үүн дээр хүн ингэх юм байна, энийг ингэх юм байна гээд боддог болдог юм байна. Би зарим үед уурлаж бухимдах ч юм уу, сэтгэл хөдлөлийн үе тохиодоход өөрөөсөө гаргаж байгаа тэр сэтгэл хөдлөлөө “Хүүе, ингэдэг юм байна шүү дээ. Яг ингэж хүнд мэдрэгддэг юм байна. Тэ” гээд бодоод байдаг юм. Тэр болгонд хүн насан туршдаа суралцана гэдэг шиг туршлага хуримтлуулж, бүх зүйлээс суралцаж байдаг юм байна. 

“Монгол Хан” жүжигт тоглох саналыг анх хэрхэн хүлээн авч байв. Тухайн үед “Би чадах болов уу” гэсэн эргэлзээ төрж байв уу?

Сонгуулийн ажилд оролцоод бэлгэд нь ийм дүр авчихсан мэтээр яриа мэр сэр гараад байсан. Би АНУ-д сурч, магистраа хамгаалаад 2019 онд Монголд ирсэн. Ирэнгүүтээ “Хувьсал” продакшны “Ноён эмэгтэй” киноны зураг авалтад шууд орсон. Тэр үед 45 хоног Дарханд байрлаад, зураг авалтаа хийсэн юм. Тэгэхэд Урнаа эгч “Херо энтертайнмент анх удаа жүжиг тавих гэж байна. Эгч нь их хатны дүрд сонгогдсон юм байна. Бага хатнаа хайж байгаа гэсэн. Гурван жүжигчнээс сонгон шалгаруулах гэнэ. Чи нэгэнд нь нэрлэгдсэн байна лээ. Миний дүү хичээгээрэй. “Херо” энтертайнмент том продакшн. Тэгэхээр маш сайн, чанартай уран бүтээл болох нь тодорхой. Чамтай холбогдох байх аа” гэж надад хэлсэн юм. Дараа нь Херо энтертайнментаас менежер нь надтай холбогдоод “Бид ийм дүрд чамайг сонгон шалгаруулалтад урьж байна. Проб өгөх боломж байна уу” гэсэн. Би тэр үед Дарханд байсан болохоор видео проб өгсөн. Тэгээд Гүргэл хатны дүрийн монологийг видео пробоор өгч, мэйлээр явуулаад тэнцээд орж байсан. Тэгээд яах вэ 2019 онд тэнцэж ороод бэлтгэл ажил эхлээд, зохиолтойгоо танилцаад, хувцас хунарынхаа хэмжээг өгөөд явж байтал корона гараад, карантин болж жүжиг маань хойшилж, хойшилж сүүлд тавигдсан. Ийм түүхтэй шүү. 

Тухайн үед цахим орчинд янз бүрийн л сэтгэгдлүүд явсан шүү дээ. Хүн л юм чинь эмзэглэнэ, бухимдана. Тэр үед өөрийнхөө сэтгэл зүйг хэрхэн удирдаж байв. 

Би амьдралынхаа туршид нэг ч сөрөг сэтгэгдэл авч үзээгүй байсан юм билээ. Хүн болгон дандаа “Чи гоё шүү, дэмждэг шүү, хөөрхөн шүү” гээд л дандаа гоё үг авсаар байгаад түүндээ хүн даварчихсан байдаг юм билээ. Нэг бодлын одоо эргээд бодохоор маш сул дорой байсан юм байна. Хүн болгоноос хамаардаг. Заавал гоё гэдгээ уншиж, хүнээр хэлүүлэхийг хүсдэг. Хүнээс хэтэрхий их хамааралтай байсан юм байна гэж бодогддог. Хүмүүс дандаа худлаа мэдээлэл бичдэг. Ямар ч баримт, нотолгоогүй худлаа мэдээллийг ямар ч цензургүй мэдээллийн сайтууд нь ч тавьж л байдаг. Хуурамч хаяг биш жинхэнэ хүмүүс ч тавьж л байдаг. Ямар зорилгоор яагаад тэгснийг би мэдэхгүй. Тийм дайралтууд анх ирэхэд дандаа гоё зүйлийг авсаар байгаад маш эмзэглэсэн. Уйлна, шанална. Зөвхөн над руу биш миний хүүхэд рүү дайрч байгаа юм. Нэг хэсэг маш их юм ирээд байхаар нь сошиал хаягаа хаалаа. Би бүр тэсэхгүй байна шүү дээ. Сэтгэл гутралд ороод сошиалаа хаасан чинь бараг л дагагчаа алдахгүй гэж сошиалаа хаалаа гэдэг комментууд явсан. Үнэндээ би өөрийнхөө сэтгэл зүйг л хамгаалаад байгаа юм. Тэр үедээ маш хэцүү байсан. Анх удаа тийм зүйл үзэж байгаа учраас. Дараа нь хүн боддог юм билээ. Ер нь хүн дандаа сайн яригдана гэж байхгүй. Хэзээ ч хэн ч хүнд 100 хувь таалагдахгүй юм байна. Хүн өөрөөрөө байгаад өөрийнхөө дотно хүмүүст л таалагдах ёстой юм байна. Чамайг буруугаар харъя гэсэн хүн чамайг яаж ч зөв байсан буруугаар л харна. Зургаагийн тоог нөгөө тийш нь харуулаад ес гэдэг шиг. Хүн болгон өөрийн бодолтой. Тэглээ гээд би тэр хүнийг үзэн ядаад ч юм уу, энэ хүнд яагаад би таалагдахгүй байгаа юм бол гэж бодох утгагүй юм байна лээ. Энэ хорвоо дээр бид бүгд өөр. Өөр өөр байгаа болохоор л бид оршин тогтнож байгаа. Одоо харин дасаад сэтгэл зүйн хувьд арай хүчтэй болж байгаа гэх юм уу. Хүчтэй болгож байгаад бас баярлалаа. Одоо нэг их тоохоо больсон доо. Рекуэстийнхээ мессежийг уншихаа больсон. Өмнө нь бүгдийг нь нэг бүрчлэн уншдаг байсан. Зүгээр л урдах ажлаа хийгээд явж байя. Цаг хугацаа бүгдийг харуулна. Заавал өөрийгөө баталж, нотлох шаардлагагүй. Гол нь миний дотно хүмүүс, надад хамааралтай хүмүүс намайг ойлгож байхад л боллоо.

Тайз, дэлгэц хослуулсан жүжигчин, уран бүтээлч байна гэдэг хэр ур чадвар, эв дүй шаарддаг вэ?

Мэргэжлийн уран бүтээлчид аль аль нь шаардагдана. Манай мэргэжил үзэгчийн нүдэн дээр ил байдаг. Хүмүүс бүгд л мэддэг. Мэргэжлийн бус хүн ч энэ муу жүжигчин дээ. Энэ бол сайн жүжигчин гээд бүгд мэддэг. Яагаад гэхээр хийж байгаа ажил нь хүний нүдэн дээр ил юм чинь арын хаалга байхгүй талбар гэж миний хувьд боддог. Тэгэхээр аль аль нь хэцүү. Мэргэжлийн гэдэг утгаараа тайз бол яг мэргэжлийн урлаг. Тайзан дээр хэзээ ч мэргэжлийн бус хүн жүжигт тоглодоггүй. Тэгэхээр илүү мэргэжлийн чансаа шаардсан амьд урлагт бол тайз. 

Та урлагт хөл тавиад нэлээд хэдэн жил боллоо. Таны хамгийн их чансааг сорьсон дүр ямар дүр байв?

Надад бүх л дүр хэцүү байдаг. Ер нь амархан зүйл гэж байхгүй. Хүний ажлыг гаднаас нь харахаар амархан санагддаг байх. Хүмүүс намайг чиний ажил амархан. Зүгээр ангалзаж, инээж яваад хэдэн үг цээжлээд гардаг гэж хэлдэг. Гэхдээ дотор нь ороод харахаар таны ажил ч хэцүү. Бүх ажил, мэргэжилд хэцүү зүйл ч бий, гоё зүйлүүд ч бий. Түүнийгээ чин сэтгэлээсээ өөрөө хүсдэг, чаддаг учраас хүмүүст тийм амархан харагдуулдаг ч байж магадгүй. Миний бүх л дүр хэцүү. Чадахгүй зүйл зөндөө гарна. Манай мэргэжил чинь одоо яг хийгээд сурчихлаа гэхээр чадахгүй үе тулгарна. Жишээ нь, хүмүүс жүжигчин гэхээр л чи нэг уйлдаа, чи одоо шууд уйлах уу гэдэг. Хэзээ ч тийм зүйл байдаггүй. Би нэг уйлаад сурчихлаа гэхэд дараа нь би хаана ч байсан уйлна гэсэн үг биш. Гэтэл хүн чинь өөрийгөө үнэмшүүлнэ. Хэрвээ би гэж бодно. Орлуулгын арга хэрэглэнэ. Байнгын л өөрийнхөө сэтгэл зүй бие махбодоо бэлдэнэ. Байнгын дулаахан газар үйл явдал өрнөөд байхгүй. Маш их цаг зав, маш их золиос гаргана. Ялангуяа эмэгтэй хүн бүх зүйлээ л зориулна. Ер нь манай мэргэжил хатуу. Гэхдээ өөрөө маш их дуртай болохоор сонгосон. Миний амьдралдаа хийсэн хамгийн зөв сонголт жүжигчин мэргэжлийг сонгосон минь. Багш нартаа маш их баярлаж явдаг. 

Жүжигчин хүн болгон дотроо ийм дүр бүтээчих юм сан гэж бодож, зорьж, шатаж явдаг шиг санагддаг. Танд тийм дүрд тоглох юм сан гэсэн хүсэл байдаг уу?

Би эсрэг дүрд л тоглож үзмээр байдаг. Шинэ нээгдэх киноны маань зөвхөн постер нь цацагдлаа. Манай OI энтертайнментын “Гурав дахь цохилт” нэртэй уран сайхны киноны. Тэгээд л хэн хэн ямар дүрд тоглосон бэ гэдэг таамаг явлаа. Тэгтэл Дөлгөөн бол амьдралдаа оготнын хамраас ч цус гаргаж үзээгүй тийм л дүрд байгаа гэсэн. Угаасаа тэгж харагддаг болохоор ч тэр юм уу эсрэг дүрд л тоглож үзмээр санагдаад байдаг юм. 

Та залуу хүн. Дараагийн зорилгоо тодорхойлсон байх. Цаашдын зорилго юу байгаа вэ?

“Монгол Хан” төсөл маань Сингапурт тоглогдох нь Азийн нээлт гэж яригдаад байгаа. Цаашдаа маш олон улсад тоглох төлөвлөгөө, жагсаалт гарсан. Сая бид Вест-Эндэд тоглосон. Вест-Энд гэдэг нь спортоор бол Дэлхийн аваргад очоод хүчээ сориод ирлээ. Одоо Броудвей буюу олимпод явахаар бэлтгэгдэж байна. Жүжиг маань сонгогдчихсон. Ард нь маш олон ажлууд бий. “Монгол Хан” жүжгийн олон жилийн аялан тоглолтын төлөвлөгөө гарчихсан байгаа. Эндээ гэрээтэй ажиллахын хажуугаар хувь уран бүтээлээ ч бас хийнэ. 

Таны гол дүрд нь тоглосон шинэхэн уран сайхны кино тун удахгүй нээлтээ хийнэ гэсэн. Шинэ бүтээлийнхээ талаар жаахан мэдээлэл өгөөч?

Номадиа пикчерс, OI intertainment-ийн хамтарсан уран бүтээл “Гурав дахь цохилт” уран сайхны кино энэ сарын 27-ны өдөр нээлтээ хийх гэж байна. Маш сонирхолтой акшион, трейллер кино. Онцлог нь 90 хувь нь хятадад зураг авалтаа хийсэн. Хятад уран бүтээлчид оролцсон кино уран бүтээл юм. Та бүхэн маань бидний шинэхэн уран бүтээлийг есдүгээр сарын 27-ноос бүх кино театруудаар хүлээн авч үзээрэй. 

С.ОТГОНБАЯР 

Таны сурталчилгаа