УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүйн байнгын хорооны гишүүд Шүүхийн ерөнхий зөвлөлд (2024.10.15) ажиллаж байна. УИХ-ын даргын санаачилсан хууль, эрх зүйн шинэчлэлийн “Гурван төгөлдөршил” бодлогыг хэрэгжүүлэхээр 54 ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Энэ хүрээнд хууль тогтоох байгууллага, шүүх засаглал хамтран ажиллаж, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалыг бий болгохоор санал солилцож байна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан уулзалтын эхэнд “Шүүх байгууллага хараат бусаар ажиллахад онцгой анхаарал хандуулж, орчин нөхцөлийг сайжруулах, бие дааж асуудлаа шийдвэрлэхэд хамтран ажиллана” гэлээ.
Тэрбээр, Хууль тогтоох дээд байгууллага, шүүх засаглал нь тус тусын чиг үүрэгтэй боловч хууль, эрх зүйн шинэчлэлийг явуулахад хамтран ажилласнаар хууль тогтоомжуудыг иргэдийн хүлээлтэд нийцүүлэх боломж бүрдэнэ гэдгийг онцоллоо.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг шүүх байгууллагуудын үйл ажиллагааны талаар танилцуулав. Шүүгчийн ачаалал их, ажиллах орчин нөхцөл хүнд байгаагаас шалтгаалж сул орон тоо бүрэн нөхөгдөхгүй байгаа талаар мэдээлэв.
Өнөөдрийн байдлаар шүүхүүд 42 барилгад үйл ажиллагаа явуулж буй ч 36 нь стандартын шаардлага хангахгүй, суулттай, мөөгөнцөр үүссэн гэх мэт асуудалтай байгааг тодотгов. Мөн шүүхүүдийн 6 нь өөрийн байргүй, 4 нь прокурорын байгууллагын байранд, 1 нь орон нутгийн өмчийн барилгад байрлаж байгаа нь хараат бусаар ажиллах боломжийг хязгаарлаж буйг онцлоод, шүүх байгууллагын байр, орчин нөхцөлд анхаарлаа хандуулахыг хүслээ.
Уулзалт Шүүхийн ерөнхий зөвлөлд үргэлжилж байна.