Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газар, Мишээл экспо, Дүндэмүн дүүргийн захиргаа хамтран "Монголд үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдааг 6 дахь удаагаа Сөүл хотноо зохион байгуулж байна.
Уг арга хэмжээнд ноос ноолуур, үндэсний дээл хувцас, арьс ширэн бүтээгдэхүүн, бэлэг дурсгал, өдөр тутмын хувцас, гоёл чимэглэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн болон хүнсний чиглэлийн 20-н аж ахуй нэгжүүд оролцож байна.
Сүүлийн жилүүдэд хоёр улсын аялал жуулчлалын салбар болон худалдаа эдийн засгийн өсөлт эрчимтэй нэмэгдэж байгаа юм.
БНСУ нь манай улстай гадаад худалдааны 4 дэх түнш улс юм.
2023 оны Монгол улсын гаалийн ерөнхий газрын бүртгэлээс авч үзвэл манай улсаас тус улсад хийсэн экспорт 150 сая ам доллар, импорт 414.9 сая ам доллар, нийт бараа бүтээгдэхүүний эргэлт 564.9 ам долларт хүрсэн байна.
Зургаа дахь удаагаа зохион байгуулагдаж буй үзэсгэлэн худалдаа нь хоёр улсын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес эрхлэгч үйлдвэрлэгчдийг гадаад зах зээлтэй холбож, хөрөнгө оруулагчдыг татах, үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг сурталчилан таниулах зорилготой зохион байгуулагдаж байгаа юм.
Монголд үйлдвэрлэв-2024 арга хэмжээ энэ сарын 16-нийг хүртэл Дүндэмүн дүүрэг дээр үргэлжилнэ.
Дашрамд дурьдахад ирэх онд хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохионо.