Япон улсаас Монгол Улсад салбарласан "Balance Strestch" хөдөлгөөн засах, эмчилгээний төв нь “Парис-2024” зуны олимпын наадамд өрсөлдсөн Монгол Улсын шигшээ баг тамирчдын төлөөлөлтэй хамтран ажилласан.
Уг төвийг үүсгэн байгуулагч анагаах ухааны доктор, Япон улсын иргэн Савада Дайсакүг МҮОХ-ны "Олимпын алдар" одонгоор шагналаа. Уг шагналыг Монголын Үндэсний олимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар гардуулав.
Савада Дайсакү нь 1999 онд Японы мэргэжлийн сүмо бөхийн спортод хөл тавьж 2 жилийн дараа хүзүүндээ хүнд бэртэл авч байжээ. Ингэснээр спортоо орхиж өөрийгөө эдгээхийн тулд хөдөлгөөн засал, анагаах ухааны эрдэмд шамдан суралцсан байна. Япон улсад өөрийн “Balance Strestch” хөдөлгөөн засал, эмчилгээний төвийг үүсгэн байгуулсан.
2 жилийн өмнө Монгол Улсад салбараа нээж энэ цаг мөчөөс Монгол Улсын шигшээ баг тамирчдын төлөөлөлд хөдөлгөөн засал, эмчилгээг нутагшуулж өнгөрсөн “Парис 2024” зуны олимпын наадмаар үнэ төлбөргүйгээр баг тамирчдын төлөөлөлд үйлчилгээ үзүүлэн хамтран ажилласан гавьяатай. Тэд 2028 оны зуны олимпын наадам хүртэл хамтран ажиллахаар төлөвлөж буй.