Монголын таеквондогийн холбооноос мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд:
"Монголын таеквондогийн тамирчид тив, дэлхий, олимпын наадамд өндөр амжилт үзүүлэн Монгол улсад таеквондогийн спорт хурдацтай хөгжиж байгаа билээ.
Нийгэмд таеквондогийн спортын нэр хүнд өсөхийн хирээр манай холбоо болон түүний тамирчдыг ашиглан ашиг хонжоо олох зорилго бүхий хувь хүн, байгууллагууд олшрох боллоо.
Сүүлийн үед “Joy Mongolia Travel” болон “Korea National Tourism Organization, Ulaanbaatar office” гэх нэр бүхий газраас монголын таеквондогийн бага насны тамирчдыг эцэг, эхийн хамт БНСУ-д аялуулах, тэмцээнд оруулах тухай мэдээллийг олон нийтийн сүлжээгээр тараах боллоо.
Энэ нь Монголын таеквондогийн холбоонд огт хамааралгүй бөгөөд үүнээс үүдэн гарах бүхий л үр дагаврыг манай холбоо хариуцахгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.
Монголын таеквондогийн холбооноос дээрх асуудлаар БНСУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яам, түүний консулын хэлтэст албан ёсоор хандсан бөгөөд дээр нэр дурдсан байгууллагууд зөвшөөрөлгүй явуулж буй үйл ажиллагаагаа нэн даруй зогсоохыг шаардаж байна" гэжээ.