Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал Ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн их завсарлагааг 15 минут болгох шийдвэр гаргажээ. Мөн цаашид энэ хугацааг 20 минут болгох боломж байгаа эсэхийг холбогдох төрийн байгууллагуудад судлах үүрэг даалгавар өгчээ. Уг шийдвэрийнхээ талаар тэрбээр цахим хуудастаа дараах мэдэгдлийг гаргасан байна. Үүнд:
"Дархан-Уул аймгийн Од цогцолбор сургуулийн хүүхдүүд надад захиа бичсэнээ гардуулж өглөө. Одоогоор нэг ангийн захиаг үлдээсэн байна. Бусдыг нь бүгдийг нь уншлаа. Нэг бүрчлэн бүгдийг нь уншсан. Нийт Ерөнхий боловсролын сургуулиудын хувьд гаргах хэд хэдэн шийдэл байна гэж харлаа. Завсарлагааны цаг богино учраас хүүхдүүд бие засахаас авхуулаад, цайны газарт ороод аяга хоол аваад идчих боломжгүй байна гэдэг зүйлийг их бичжээ. Тэгэхээр ямар дундын хувилбар гаргаж болох вэ. Би хоёр өдөр бодлоо. Их завсарлагаа нь гурван ороод нэг завсарладаг юм байна. Тэгэхээр одоо байгаа их завсарлагааны 10 минутыг эхний ээлжид 15 минут болгоё. Үдээс өмнө 15 минут, үдээс хойш 15 минут гэхээр өдөрт 10 минутын л нэмэгдэл гарч ирнэ. Зөв үү. Тиймээс үдээс хойш хичээл 13:30 цагт ордог байсан бол 13:35 цаг болгож хойшлуулаад, орой тарах хичээл 18:45 цаг байсан бол 18:50 цаг болоод 10 минутаар л хойшлох асуудал гарна. Эхний ээлжид их завсарлагааг 15 минут болгож туршиж үзээд, хүүхдүүдэд хэр боломжтой хугацаа байна вэ гэдгийг хараад, цаашлаад үүнийг яавал 20 минут болгож болохоор байна гэдгийг нарийн судалж үз.
Хүүхдүүдийн хүнсний аюулгүй байдал тал дээр анхаарал хандуулаад өгөөч. Шарсан, хуурсан бүтээгдэхүүн сургуулийн орчинд зарах хориотой тийм үү. Үүн дээр мэргэжлийн байгууллагууд албан ёсны хөтөлбөр гаргаад, сургуулийн орчны дэлгүүр, хоршоо, цайны газруудад хяналт тавь. Сургууль дотор байгаа бүтээгдэхүүн үйлчилгээнд хяналт тавих ажлыг зохион байгуулж ажилла.
Сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах тал дээр хүүхдүүд их санал, гомдол ирүүлжээ. Өнгөрсөн жил “Хүүхэд хамгаалах жил”-ийн хүрээнд Од цогцолбор сургуулийн В байр буюу бага сургуулийн гадна талд авто зогсоол тойрог хэлбэрээр явах авто замын ажлыг хийж гүйцэтгэсэн. Одоо А байр буюу ахлах сургуулийн гадна зогсоол хийх, тохижуулах, өөрөөр хэлбэл автомашин тойрог хэлбэрээр гарах ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж яаралтай ажиллах хэрэгтэй байна. Тендерийг яаралтай зохион байгуулж, энэ хичээлийн жилдээ багтааж хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах ажлыг зохион байгуулж ажилла. Боловсролын газар энэхүү ажлыг бусад сургуулиудад хийх, аюулгүй байдлыг хангах, авто тээврийн хөдөлгөөн, зам тээвэр зогсоолтой холбоотой ажлыг хий. Энэ жил бид Нэгдүгээр сургуульд авто зогсоол хийж байгаа. Энэ мэтчилэн бусад сургуулиудад ямар зүйл шаардлагатай байна судалгаа мэдээллүүдийг гаргаж ирүүлээч ээ гэдэг үүрэг даалгаврыг өгч байна” гэжээ.