“Монголын Уран зургийн Галерей”-аас зохион байгуулж буй “AR GALLERY-ҮНЭТ БҮТЭЭЛҮҮД” төслийн тусгай үзэсгэлэн 2024 оны 11 дүгээр сарын 18-аас 12 дугаар сарын 05-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Үзэсгэлэнгийн нээлтийн ёслол 11 дүгээр сарын 18-ны өдрийн 16:00 цагт тус галерейн үзэсгэлэнгийн их танхимд болно.
Монголын Уран зургийн Галерейн уран зургийн сан хөмрөг 2009 оны 5 дугаар сарын 19-ний өдөр гал түймрийн аюул тулгарч Монголын дүрслэх урлагийн сор болсон Монголын түүх, нийгмийн байдал, ахуйн болон байгалийн сэдэвт, хөрөг зургууд, орчин үеийн чиглэлийн бүтээл 1000 орчим бүтээлүүд өртсөн юм.
Тухайн цаг үеэс хойш Монгол Улсын орчин цагийн дүрслэх урлагийн сор болсон галд өртсөн үнэт бүтээлийг авран хамгаалах чиглэлээр Монголын Уран зургийн Галерей нь сэргээн засварлах, сэргээн бүтээлгэх олон талт ажлыг санаачлан хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд 2024 онд “AR GALLERY-ҮНЭТ БҮТЭЭЛҮҮД” төслийг санаачлан хэрэгжүүлж олон нийтэд танилцуулахад бэлэн боллоо. Тус төслийн зорилго нь галын гэмтэлтэй уран зургийг AR технологийн тусламжтайгаар анхны эх бүтээлээр нь сэргээн үзэх, хосгүй үнэт бүтээлийн дүрүүдтэй бодитоор танилцах боломжийг үзэгчдэд олгох юм.
Хосгүй үнэт бүтээлүүд нь AR технологид суурилсан сонирхолтой дэглэлттэй байхаас гадна Англи, Монгол болон дохионы хэлээр тайлбарладаг “Виртуал тайлбарлагч”-тай байна.