Дэлхийн банкны санхүүжилтээр “Монгол Улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн хүрээнд эмнэлгийн зориулалтаар бүрэн тоноглосон, түргэн тусламжийн хоёрдугаар ээлжийн 24 машиныг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан /2024.11.22/ сумдын Эрүүл мэндийн төвүүдэд хүлээлгэн өглөө.
Төслийн хүрээнд нийт 75 автомашин нийлүүлэхээс эхний ээлжийн 20 машиныг өнгөрсөн аравдугаар сард гардуулан өгсөн. Энэ удаа Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Завхан, Сэлэнгэ, Хэнтий, Өмнөговь аймгийн сумдын Эрүүл мэндийн төвийн удирдлагуудад өгч, түлхүүрийг нь гардууллаа.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан улсын хэмжээнд яаралтай тусламжийн тогтолцоог шинэ шатанд гаргахад түргэн тусламжийн чиглэлээр тусгайлан тоноглосон автомашинуудын хэрэгцээ чухлыг дурдаад цаашид бүх сумдын эрүүл мэндийн төвийг эмнэлгийн зориулалтаар тоноглогдсон, зөөврийн амьсгалын аппараттай, дефибрилятортой, хүчилтөрөгчийн баллонтой туулах чадвар сайтай машинаар хангах ажлыг зохион байгуулж байгаа гэв.
Дэлхийн банкны Суурин төлөөлөгчийн орлогч Хосе Диаз Санчез эдгээр автомашин нь туулах чадвар сайтай, Монгол орны эрс тэс цаг агаарын нөхцөлд зориулан тусгайлан тоноглогдсон гэдгийг онцолж байлаа. Үлдсэн гуравдугаар ээлжийн машиныг энэ ондоо багтаан бусад алслагдсан сумдын эрүүл мэндийн төвд өгөхөөр төлөвлөөд байна.
2024-11-24
Татварын мөнгөөр ядаж наад хадаг аяга сүү авдгаа больцгоо. 21-р зуунд улсын ажил хийхдээ ингэж бүү тэнэгт. Үхсэгээ хтйж тийшээ салганаж явж байгаан. Ямар цагаан сар болж байгаа биш. Жоохон оюунлаг болох болоогүй юу?