Цаг үеийн мэдээ

Боловсролын цахим мэдээллийн сан бүрдүүлэх, ажиллуулах журмын талаар Боловсролын сайд П.Наранбаяр, Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга, Боловсролын яамны Цахим боловсролын газрын дарга Т.Бат-Эрдэнэ нар мэдээлэл өглөө.

Цахим сургалтын зориулалтаар ашиглагдаж байгаа программ хангамж, системүүдийг хооронд нь уялдуулах, мэдээлэл солилцоог сайжруулах, цахим шилжилттэй холбоотой боломжит ажил үйлчилгээнүүдийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлж либералчлах хүрээнд Боловсролын цахим мэдээллийн сан бүрдүүлэх, ажиллуулах журмыг шинэчлэн батлав. Энэхүү журам батлагдсанаар цахим боловсролын салбарт төрийн оролцоо буурч, компаниуд төсөл хэрэгжүүлэхийн тулд төрийн байгууллагыг зорьдог биш, сургууль, багш, сурагч, эцэг эх, асран хамгаалагчдын хэрэгцээ шаардлагыг хангах байдлаараа өрсөлдөх боломж бүрдэж байна.

Боловсролын цахим мэдээллийн сан бүрдүүлэх, ажиллуулах журмыг шинэчлэн батлахдаа дараах онцлох өөрчлөлтүүдийг тусгав. Үүнд:

- Сургалтын байгууллага, Edtech компани хоорондын харилцаанд төрийн шаардлагагүй оролцоог багасгаж, шаардлагатай тохиолдолд Боловсролын яамнаас хяналт тавьдаг байх;

- Мэдээлэл солилцох боломжтой эсэхэд заавал Боловсролын яам болон Боловсролын ерөнхий газар оролцолгүйгээр технологийн мэргэжилтнүүд нь шийдвэрлэх боломжтой байх;

- Сургалтын байгууллага, Edtech компани хоорондоо гэрээ байгуулахдаа системийн ерөнхий болон тусгай шаардлага хангаж байгаа эсэхийг Удирдах зөвлөл ба бусад зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлэдэг болох;

- Гэрээ байгуулахдаа цахим систем ашиглах, аливаа субъектээс хамааралгүйгээр мэдээлэл солилцох үйл явц хэвийн үргэлжлэх;

- Систем ашиглалтын зардлыг эцэг, эх асран хамгаалагчдад сайн дурын үндсэн дээр хариуцуулдаг болох юм.

Боловсролын цахим мэдээллийн сан бүрдүүлэх, ажиллуулах журам: https://cdn.greensoft.mn/.../Order-2024%20A-260%20juram.pdf

Таны сурталчилгаа