Цаг үеийн мэдээ

2019 оны дөрөвдүгээр сард гал түймрийн улмаас их хэмжээгээр сүйдсэн Парисын Нотр-Дамын сүмийг таван жил, найман сар сэргээн засварласны эцэст арванхоёрдугаар сарын 7-ны бямба гарагт нээлээ.  

850 жилийн түүхтэй сүмийн шинэ нээлтэд ирсэн 2500 хүндэт зочны дунд АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп, Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр, Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони, Польшийн Ерөнхийлөгч Анжэй Дуда, Финландын Ерөнхийлөгч Александр Стубб, Гүржийн Ерөнхийлөгч Саломэ Зурабишвили, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нарын 40 шахам улсын төр засгийн тэргүүн, АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден нарын хүмүүс байжээ.  

Мөн Бельгийн хаан Филипп гэргийн хамт, Их Британийн ханхүү Уильям, Монакогийн хунтайж II Альбэр нарын зэрэгцээ тэрбумтан Илон Маск, LVMH группийн тэргүүн Бернар Арно, “Kering” группийн эзэн Франсуа-Анри Пино тэргүүтэй бизнесийнхэн олноор ирсэн байна.  

Сүмийг сэргээн босголтын ажилд 250 орчим компани, 2,000 орчим ажилчин, нарийн мэргэжилтэн гар бие оролцжээ. 

Нотр-Дамын нээлтийг дэлхийн 20 гаруй орны телевиз шууд дамжуулсан бөгөөд баярын үйл ажиллагаа ням гарагт албан ёсоор үргэлжилжээ. 

Таны сурталчилгаа