Соёлгүй соёлынхны солио галзуу, шок шог үзэгдлүүд сошиалд сүлжээнд тарсаар байна. Чүдэнзтэй ах хаалга тогшиж чихэр горьдсон хүний нялх үрсийг өөрөө олон хүүхэдтэй байж өшиглөж тангараад хөл, толгой илж таалсан хуулиар 300 мянгаар торгууллаа. Хүүхдийн хүчирхийллийн эсрэг кино хийнэ гэж ээж аавынх нь татварын 180 сая төгрөгийг авч байсан Б.Амарсайханд 300 мянга жинхэнээсээ чихрийн мөнгө боллоо.
Соёлын сайд Ч.Номин өөрөө “Баавгай боллоо”. “Баавгай болохсон” кино бүтээсэн зардлын 30 хувийг өгсөн гэж төрийн ордонд цуурсан ч төмсөө тэврээд ичээндээ орсонгүй.
Этик продакшны элдэв захиалгаар жүжсэн ч бай жүжээгүй ч бай, этик ёс зүйгүй үйлдлүүд жигшил зэвүүцэл төрүүллээ. Ар дагз руу тохойдсон дэглэлт, ичимдэг эрхтэндээ хүний нүүр наасан гаж дон далд санаа зорилготой эсэх нь чухал биш. Жүжсэн ч жүжээгүй ч этикгүй этикийнхэн нүдэндээ хуруугаа хийсэн. Шуудай гурил даахааргүй, Рүүкий гэгч шулдайсан хулигаантай боллоо. Төмөр хүлэг унасан согтуу толгой хотын гудамжаар сэлгүүцэж, төрийн цагдаа нарыг бариад ав, хөрөнгөө өгье гэж басамжиллаа. Буян нүнжиг гэхээргүй буруу талдаа хүрдтэй хуучин машиныг нь өвлөх төрийн цагдаа байхгүй ч барьж аваад 30 хоногоор баривчиллаа. “Нэртэй төртэй хүн өөрийн амьдралаа хөөнө, хошуу дүрэхээ боль тэгэх үү” гэх мэтийг үглэдэг энэ хөвсөргөн залуу худалдагч хүүг шолхийтэл цохиж, шалхийтэл агсамнаад уучлал гуйсан болж, уйлан дуугарч байсан юм.
Гэрэлчулуун гэдэг бүсгүй гэрэл гэгээгүй, чулуун зүрхтэй үгээр өөдгүй эрчүүдээ өмөөрөх гээд тус биш ус, нэмэр биш нэрмээс боллоо. Эрчүүдийн хооронд байдаг л зүйл, элдэв маазрал огт биш. Энэ бол хүчирхийллийн гэмт хэрэг. Сошиал бол солиорлын талбар, солгой цагаан хоолой биш.
Эрүүл нийгэм эрэг дээрээ хогоо гаргаж хаядаг нуур далай шиг байдаг. Соёлгүй соёлчин, урлаггүй урлагчингуудын тасалбар билет авах, мөнгө төлөх, ивээн тэтгэх, дэмжиж туслах, урьж залах, дамжуулж сурталчлахаас татгалзаж хогоо шүүрдэж, шалаа угаавал гэр цэвэрхэн болно.
2024-12-21
Соёлын яамтай болсоноос хойш солио галзуу хүмүүсийн тоог урлагийнхан эзэллэг боллоо. Хятадад олны танил тусмаа хууль хамгийн чангаар үйлчилдэг. БНСУ д урлаг соёлынхон ингэж авирлаад олны нүд чихэнд хүрсэн бол хүний тооноос хасагдаж хүүр болох замаа сонгодог
2024-12-21
ийм балиар хүмүүжилгүй юмнуудыг дахин урлагт бүү гарга гол нь соёл сайхан зүлй харах л гэж бид соёл урлагаар бахархдаг биз дээ