Цаг үеийн мэдээ

Монгол Улс утаанд 1 тэрбум доллар үрж, 20 жил байлдаад ялагдлаа. Утааны жанжингууд ажил биш ашиг хийж, амьтад оронд нь ар гэрээ аварч байна.  Муужруулсан түлшинд Халхголын дайнаас 4 дахин олон нэг дивиз цэрэгтэй тэнцэх 9000 гаруй хүн хордож, 1000-аас илүү амь эрсдэв. Үдэж буй энэ онд танхим дүүрэн 39 хүн угаартан амиа алдаж, мянган хүн хордлоо. Утааны жанжингууд өөрсдөө харвал хальс, үзвэл үнс болчихдог угаарын аюултай гэрийн тэжээвэр амьтад үнэнч тууштай, үр дүнтэй тэмцэж байна.

Жишээ нь Сэгсгэр дуудлагатай хав эздээ ам бүлээр нь авран хамгаалсан. Сэгсгэр тэдэн шиг авлига авахгүй, ашиг харахгүй. Сэгсгэр алдар нэр хөөхгүй, одон медаль горьдохгүй, хүнд хязгааргүй үнэнч, хэзээ ч хиамаар худалдахгүй. “Азтай савар” амьтны асрамжийн газраас үрчилж авч, хайрлан тэжээсэн сайн үйлийн үр юм. Сэгсгэр өнөөдөр аав ээжийн өвөрт, амттай шимтэй бүхнийг идэн амьдрахдаа сэргийлэгчийн онц сонор сэрэмжээ огтхон ч алдаагүй байна.

2 настай Энжел, 3 сартай Моли, Жак муужгайнууд 7 хүүхэд, 3 том хүний амийг аварсан. Моли, Жаз, Энжел гурав угаар мэдрэгчээс илүү ажлаа хийж, эздээ татаж чангаасаар бүтэн хоёр халуун ам бүлийг удам угсаагаар нь шударга журамтнууд. 

Нохой, муурнууд амин хувийн шуналгүй, Ардын намын, Ардчилсан намын гишүүн биш. Байгаль орчны сайдын суудалд зүүрмэглэж байсан Д.Оюунхоролын нөхөр Д.Жаргалсайханы  “Гарааны баргил тех” компани “Тавантолгой” түлшид 55 тэрбум төгрөгөөр барьцалдуулагч гэх доломитын шохой зарсан шиг ажил үүргээ урвуулан ашиглахгүй. Угаар мэдрэгчээ хадагт ороогоод залдаг, Тэрэлжид  агаар амьсгалаарай, нар, салхи хоёр ажлаа хийхгүй байна гэж доромжлохгүй.  

Улаантан, цагаантан, МАН, АН-ын засгууд дангаараа, давхраараа 20 жил утаанд ялагдаж ухрахдаа уут уутаар нь олз олсон.  Түлшний чийг чанар, хаягдал дугуй, ашигласан масло,  юу дуртайгаа шатаахыг харж хянах эзэнгүй болсон. 2019-2020 оны үүлэн чөлөөний нар шиг өвлийг эс тооцвол Монгол утаанд нам ялагдав. Эмнэлэгт хүүхдэд ор бүү хэл шал олдохгүй, элэгний хорт хавдарт утаа шууд нөлөөлж байна гэж иргэд, эмч, эрдэмтэд хэлж нотолсоор байхад, хамар нь битүүрч, чих нь дүлийрч, нүд нь солийсон засаг Ерөнхийлөгчийг ширээ тогшиход сая нэг ухаарсан дүр эсгэв. Ард түмний сонгон байгуулсан ардчилсан төр оршихын утга учир, эн  тэргүүний эрхэм үүрэг нь иргэний амьд явах, эрүүл аж төрөх эрх, аюулгүй байдлыг сахин хамгаалах юм. 

Хав, муурнууд хүн байгаад албан тушаал хашсан бол авлига авахгүй, ашиг биш ажлаа хийнэ.

Таны сурталчилгаа