Сонгуулийн ерөнхий хорооноос зохион байгуулж байгаа “Үндсэн хуульт ардчиллыг хамгаалахад сонгуулийн төв байгууллагын гүйцэтгэх үүрэг” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал эхэллээ.
Сонгуулийн төв байгууллагын эрх зүйн байдал, цаашдын үндсэн чиг хандлагыг тодорхойлох, Сонгуулийн эрх зүй, Сонгуулийн процессын эрх зүйн хөгжлийн өнөөгийн байдал, салбар эрх зүйг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох зорилготой уг хуралд Монгол Улсын Их Хурлын гишүүд, Үндсэн хууль, сонгуулийн эрх зүйн судлаач, эрдэмтэн, багш нар, төрийн болон төрийн бус, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцож байна. Түүнчлэн Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбоо /A-WEB/, Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн /International IDEA/, Ардчиллын төлөөх Вестминстер сан /Westminster foundation for Democracy/ зэрэг олон улсын байгууллага болон Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Сонгуулийн комисс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний сонгуулийн комиссын төлөөлөгчид оролцож байна.
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг нээж хэлсэн үгэндээ “Ардчилал хэрхэн хөгжиж, бэхжиж байгаа нь нийгмийн эсвэл эдийн засгийн үзэгдлийн нэгэн адил тоон үзүүлэлтээр шууд илэрхийлэгдэж, хэмжигддэггүй боловч олон улсын байгууллага, судлаачид, эрдэмтэд тухайн улс орны парламентын хөгжил, сонгуулийн систем, түүний зохион байгуулалт, зохион байгуулж байгаа байгууллагын эрх зүйн байдал болон бусад хүчин зүйлийг шалгуур үзүүлэлтийн нэг хэсэг болгон авч үздэг.
Сонгуулийн ямар тогтолцоог сонгож байна вэ гэдэгтэй зэрэгцүүлэн сонгуулийг өөрийн орны онцлогт нийцүүлэн хэрхэн яаж зохион байгуулж байгаа нь Ардчилсан сонгуулийн үндсэн зарчмыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Сонгуулийн зохион байгуулалт, түүний ил тод байдлыг хангаж ажиллахад Сонгуулийн байгууллагын бие даасан хараат бус байдал, чадавхын асуудал чухлаар тавигддаг.
Сонгуулийн ерөнхий хороо нь Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг тус бүр 9 удаа, Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох Орон нутгийн шат шатны Хурлын сонгуулийг 8 удаа зохион байгуулсан ололт амжилт, туршлагадаа дүгнэлт хийн, цаашдын хөгжлийн чиг хандлагаа тодорхойлох олон улсын онол практикийн бага хурал зохион байгуулж байгаад баяртай байна.
Өнөөдөр зохион байгуулагдаж буй энэхүү олон улсын бага хурлаас сонгуулийн төв байгууллагын хараат бус бие даасан байдлыг бэхжүүлэхэд эрх зүйн орчныг хэрхэн тодорхойлж сайжруулах хийгээд сонгуулийн процессын эрх зүйг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах санал, санаачилга гарна гэдэгт итгэлтэй байна” гэж онцлоод оролцогчдод амжилт хүсэв.
Сонгуулийн удирдлагын байгууллагын загвар, эрх зүйн байдал, чиг үүрэг-Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын эхний хэсэг “Сонгуулийн удирдлагын байгууллагын загвар, эрх зүйн байдал, чиг үүрэг-Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо” сэдвийн хүрээнд дэх илтгэлүүдийг танилцуулж эхэллээ.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран “Үндсэн хуульт ардчиллыг хамгаалахад Сонгуулийн төв байгууллагын гүйцэтгэх үүрэг” сэдэвт илтгэл хэлэлцүүлэв. Тэрбээр Сонгуулийн ерөнхий хорооны эрх зүйн байдал, бие даасан хараат бус байдлын эрх зүйн орчин ямар түвшинд байгаа, хараат бус байдлыг бэхжүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчныг хэрхэн нарийвчлан тодорхойлох шаардлагатай, мөн энэ нь Үндсэн хуульт ардчиллыг бэхжүүлэхэд ямар ач холбогдолтой талаар дүгнэж, санал дэвшүүлэхийг зорьсноо илтгэлийнхээ эхэнд танилцуулсан юм. Мөн энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хурлын үр дүнд цаашид Үндсэн хуульт ардчиллыг бэхжүүлэх, хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэх чиг үүрэг бүхий байгууллагуудын хараат бус, бие даасан байдлыг Үндсэн хуулийн эрх зүйн хувьд дэлгэрэнгүй судлах судалгааны сэдэв болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Сонгуулийн удирдлагын байгууллага нь институтийн хувьд бие даасан, бүрэлдэхүүний хараат бус байх шаардлагатай бөгөөд бие даасан байдал нь тухайн байгууллага бүтцийн, чиг үүргийн, эрх хэмжээний, нөөцийн хувьд хараат бус байх утгыг агуулдаг талаар онцлов.
Эрдэм шинжилгээний бага хуралд гадаад улсуудын сонгуулийн байгууллага, олон улсын байгууллагуудын төлөөлөл илтгэл хэлэлцүүлж байгаа юм. Тухайлбал, Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбоо (A-WEB)-ны Нарийн бичгийн дарга нарын газрын Харилцаа хамтын ажиллагаа, арга хэмжээ хариуцсан газрын дэд захирал Жо Жинжү, Харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ли Тэрюн, Харилцаа, хамтын ажиллагааны газрын ахлах судлаач Ли Инна Ким нар “Сонгуулийн удирдлагын байгууллагын загвар” сэдвээр илтгэл тавина.
Түүнчлэн Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Сонгуулийн комиссын Сонгуулийн үйл ажиллагаа хариуцсан дэд дарга Шэбури Волтэр Рамабэлэ “ӨАБНУ-ын Сонгуулийн комиссын эрх зүйн байдал, чиг үүрэг” сэдвээр илтгэл танилцуулах юм.
Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний сонгуулийн комиссын Газрын дэд дарга Ким Сэ Хүн “БНСУ-ын Үндэсний сонгуулийн комиссын эрх зүйн байдал, чиг үүрэг”, Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн /International IDEA/-ийн Ахлах зөвлөх Антонио Спинэлли “Сонгуулийн удирдлагын байгууллагын хараат бус байдлыг хангах загвар” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлнэ.
Гадаад улс, олон улсын байгууллагын илтгэгчдийн дараа Академич Ж.Амарсанаа “Сонгууль-Шууд ардчиллын их чухал хэлбэр” сэдвээр илтгэл танилцуулах юм.
“Үндсэн хуульт ардчиллыг хамгаалахад сонгуулийн төв байгууллагын гүйцэтгэх үүрэг” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал үдээс хойш “Сонгуулийн эрх зүй, Сонгуулийн процессын эрх зүйн хөгжлийн өнөөгийн байдал, салбар эрх зүйг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудал” сэдвийн хүрээнд үргэлжилнэ.