Нийслэлийн Онцгой байдлын газрын 2024 оны тайлангийн хурал өнөөдөр боллоо. Арга хэмжээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, НИТХ-ын даргын зөвлөх Т.Мөнхнасан, НЗДТГ-ын дарга, П.Хадбаатар, ОББ-ын Ахмадын холбооны тэргүүн, бэлтгэл хурандаа С.Залуухүү нар оролцож алба хаагчдад мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүслээ.
Нийслэлийн Онцгой байдлын газраас 2024 онд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэн гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд нийслэлийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж байгууллагын оролцоо, хамтын ажиллагааг уялдуулан, мэргэжлийн удирдлага зохион байгуулалтаар хангаж, иргэдийн амь нас, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг хангах чиглэлээр гүйцэтгэлийн төлөвлөгөөг 98,8 хувь, нийслэлийн Засаг даргатай байгуулсан хариуцлагын гэрээг 97,3 хувь, ОБЕГ, НОБГ-аас дэвшүүлсэн зорилтыг 96,9 хувьтай хэрэгжүүлэн ажилласан.
Өнгөрч буй 2024 онд нийслэлийн хэмжээнд аврах ажиллагааны 488, гал түймрийн 1863 нийт 2351 удаагийн дуудлага мэдээллээр алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 3507 эрдэнэт хүний амь нас, 287 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажиллалаа.