Албан татвар төлөгчийн орлого олох үйл ажиллагаатай хамааралгүй, аж ахуйн нэгжийн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн албан татварын хөнгөлөлтөд хамрагдах бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагааг нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах болон зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлэх талаар нийтлэг журам баталсан байна. Үүнтэй холбогдуулан дараах арга хэмжээг авахыг холбогдох албан тушаалтанд үүрэг болгов.
Уг журамд нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хөрөнгө оруулалт хийсэн болон санхүүгийн дэмжлэг, хандив олгосон албан татвар төлөгч аж ахуйн нэгж байгууллагад хөнгөлөлт үзүүлэхээр заасан. Үүнд:
1. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, агаарын бохирдлыг бууруулах;
2. Байгаль орчинд ээлтэй дулаан, цахилгааны эх үүсвэрийг нэмэгдүүлэх;
3. Гэр хорооллын бүсэд эрчим хүчний хэмнэлттэй, ногоон, пассив барилгын стандарт болон ногоон санхүүжилтийн шаардлага хангахуйц бие даасан инженерийн шийдэлтэй хороолол барьж байгуулах;
4. Авто замын сүлжээг өргөтгөх;
5. Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх;
6. Нийтийн эзэмшлийн зам, талбай, цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулах, нийтийн тээврийн хөгжлийг дэмжих зэрэг болно.
Татварын хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлагыг Сангийн яамнаас зөвлөмж болгосон загвараар боловсруулжээ.