Цаг үеийн мэдээ

УИХ-аас баталсан Ахмад настны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. 

Хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой эрх зүйн актуудыг Засгийн газраас баталлаа. 

Ахмад настанд дэмжлэг, хөнгөлөлт олгох журам, Ахмадын сан байгуулан ажиллуулах  журмыг баталж, Насны хишиг олгох тухай журмыг шинэчлэн баталлаа.  

Ахмадын сан байгуулан ажиллуулах журам батлагдсанаар аж ахуйн нэгж байгууллага, төсвийн байгууллага нь байгууллагынхаа Ахмадын санг ямар нэг хоёрдмол утга, үл ойлголцолгүйгээр байгуулан ажиллуулах боломж бүрдэж ахмад настны нийгмийн хамгаалал сайжрах юм.

Ахмад настанд дэмжлэг, хөнгөлөлт олгох журамд нийгмийн халамжийн үйлчилгээний цахимжилттай уялдуулж, ахмад настанд хуульд заасан дэмжлэг, хөнгөлөлтийг хүнд сурталгүй, олон баримт бичиг бүрдүүлэхгүйгээр олгоход чиглэсэн зохицуулалтууд багтсан.

Насны хишиг олгох журмын шинэчлэлд ахмад настанд чирэгдэлгүйгээр хүсэлтийг хурдан шуурхай шийдвэрлэх, насны хишгийг жил бүр тогтмол хугацаанд олгох асуудлыг тусгасан.

Мөн төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд болон гадаад амьдарч байгаа ахмад настанд насны хишгийг хэрхэн олгох зохицуулалтыг тусгалаа.

Таны сурталчилгаа