Түргэний эмч, жолоочийн нэг өдрийн ажил хэрхэн өрнөдгийг сонирхон Нийслэлийн түргэн тусламжийн төвийг зорилоо. Ахлах эмч А.Хулангоо биднийг хүлээн авав. Нийслэлийн түргэн тусламжийн төвд дуудлага хүлээн авагч, эмч, жолооч нар тус тусдаа суух өрөөтэй. Өдрийн хоолны цагаар өөрсдөө хоолоо хийгээд идэх гал тогоотой, шөнө оройдоо амрах давхар ортой өрөө гээд хэд хэдэн өрөө байлаа. Дуудлагаа хүлээн аваад эм тариа, дусал зэргээ бэлдсэн цүнхээ шүүрч аваад л гарахад бэлэн үүдэндээ бэлтгэн тавьжээ. Дуудлага хүлээн авагчдын хэсэгт 10-аад хүн компьютерын өмнө суугаад ирсэн дуудлага бүрийг хүлээн авч, утсаар зөвлөгөө өгөх боломжтой хэсэгт нь зөвлөгөө өгөөд, эмч очих шаардлагатай дуудлагыг ахлах эмч рүү шилжүүлнэ. Ээлжийн ахлах эмч дуудлага бүрийг эмч жолоочдоо хуваарилна.
Ингээд ахлах эмч А.Хулангоогоос цөөн хэдэн асуултад хариулт авлаа.
-Шинэ жилийн үеэр ачаалал их байв уу?
-Оргил үе нь. Баярын үеэр өдөртөө 2000-2100 дуудлагатай байсан. 2024 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрөөс хичээл сургууль амарсантай холбоотойгоор дуудлагын тоо багасаж 1500-1600 дуудлагатай болсон. Ажлын өдрүүдэд арай бага 1300-1400 дуудлагатай байсан бол амралтын өдөр арай ихэсдэг. Ихэвчлэн томуу, томуу төст өвчлөлтэй холбоотой халуурах, ханиалгах,бөөлжих суулгах дуудлагууд их байсан. Арванхоёрдугаар сард баяртай холбоотой архидан согтуурах осгох, гэмтэх дуудлага мөн нэмэгддэг.
-Нийслэлийн түргэн тусламжид өдөртөө хэчнээн эмч, жолооч ажилладаг вэ?
-Манайх дүүрэг болгонд нэг салбар Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол гээд таван салбартай. Энэ бол Төв салбар нь.
-Оны өмнөхөн түргэний эмч дуудлагаар өвчтөн тээвэрлэж яваад осолд орсон хэрэг гарсан шүү дээ. Энэ мэтээр эмч нар бэртэх гэмтэх тохиолдол их байдаг уу?
-Тухайн дуудлага манай ээлжийн эмч байсан. Зургаан сартай жирэмсэн дутуу төрсөн гэх утгатай дуудлага орж ирсэн. Эмчийг очиход ураг амьгүй байсан учраас сэхээн амьдруулах арга хэмжээ аваад, яаралтай эмнэлэгт хүргэх шаардлагатай байсан тул хамгийн ойрын эмнэлэг болох Эх нялхас руу тээвэрлэж байх явцад зам тээврийн осолд орсон.
-Тухайн эмчийн биеийн байдал ямар байгаа вэ. Одоогоор ажилдаа орсон болов уу?
-Одоогоор ажилдаа ороогүй. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд өчигдөр гарсан.
-Түргэний эмч нар ихэнх нь эмэгтэй эмч нар байдаг шүү дээ. Шөнө орой, согтуу хөлчүү хүмүүстээ газар дуудлагад очоод халдлагад өртөх, ямар нэгэн байдлаар биед нь халдах тохиолдлууд гардаг уу?
-Шөнө оройн дуудлагад гарахдаа дандаа жолоочтойгоо цуг айл руу орохыг зөвлөдөг. Зүрх өвдлөө гэсэн утгатай дуудлага байхад архи уучихсан согтуу хүмүүс байдаг. Мөн урьдчилан сэргийлж цагдаатай хамт орох ч тохиолдол байдаг. Архитай холбоотой дуудлага бол цагдаа хамт дуудчихдаг. Өөр утгатай дуудлага бол цагдаатай хамт очих боломж хомс л доо.
-Мөн саяхан нөхрөө гаргахгүй гээд түргэнд худлаа дуудлага өгсөн гэх мэдээлэл явсан. Ийм маягаар худлаа дуудлага өгөх тохиолдол их үү?
-Дуудлагын утга бүрд эрэмбэлэн ангилал хийдэг. Хаанаас дуудлага өгсөн байна гадаа гудамжинд уу, осол гэмтэл үү гэдгээс хамаараад эрэмбэлэн ангилал хийдэг. Ухаангүй байна, амьсгалахгүй байна гэх мэт дуудлага дээр очиход бусдад уурласан, нөхөртөө гомдсондоо болоод дуудлага өгсөн тохиолдлууд нэлээд байдаг. Түүнээс болоод хэрэгтэй дуудлагадаа очиж чадахгүй ачаалал үүсэх тохиолдол бий.
-Нэг дуудлагад хэдэн минутад очих ёстой вэ?
-Яаралтай дуудлагад 20 минутад очно гэсэн зарчимтай ажилладаг.
Ингээд ахлах эмч А.Хулангоо дуудлагаа хуваарилав. Бидэнтэй цуг явах эмч Э.Бадрахыг танилцуулаад БГД-ийн хорьдугаар хороонд хутгалуулсан гэх утгатай дуудлага ирсний мэдээлэв. Э.Бадрах эмч ч цүнхээ шүүрээд яаравчлан гарлаа. Бид ч араас нь гүйв.
Түргэний машинд суугаад эмчтэйгээ танилцах бяцхан чөлөө олдлоо.
-Та түргэн тусламжийн төвд хэдэн жил ажиллаж байна вэ?
-Одоо зургаа дахь жилдээ ажиллаж байна.
-Ажил нь хүнд үү?
-Хүний их эмчээр сурч төгсөөд л шууд энэ төвд ажиллаж эхэлсэн. Хэцүү үедээ хэцүү. Сайхан үедээ сайхан шүү.
-Ямар үед хэцүү байдаг вэ?
-Өвчтөнөө эмнэлэгт нь хүргэж өгч чадалгүй алдчих л хэцүү дээ.
-Танд тийм үе тохиож байв уу?
-Байлгүй яах вэ. Цээжинд нэг юм буглаад хэцүү болчихдог юм.
-Одоо хэдүүлээ хаашаа ямар дуудлагад явж байгаа билээ?
-Одоо 30 гаруй насны эрэгтэй хутгалуулсан гэх дуудлагаар явж байна
Ингээд айлынхаа байрны гадаа ирлээ. Орцны үүдэнд 2-3 хүн зогсчихсон “Ашгүй эмч ирлээ” гээд хаалга онгойлгож өгөв. Эмч ч дээшээ гүйж хоёр давхрын нэгэн хаалга руу орлоо. Архины нэвширсэн үнэр. Хэзээ ч угаасан нь бүү мэд дагтаршсан хиртэй шал. Энд тэнд бөөлжчихсөн, хэзээ ч бөөлжсөн юм бүү мэд хатаж, хүний гишгэгдлээр ийш тийш хагарч бутран үсэрнэ. Гал тогооны жижиг өрөөнд нь хоёр хүн байлаа. Нэг нь хөлөө боочихсон. Нөгөө нь хөнжлөөр ороон хэвтжээ. Эмч нэр насыг асуув. Муухан ярьж хариулж байна.
-Хэзээнээс эхэлж уусан бэ гэхэд гаднаас цуг орж ирсэн бага зэргийн согтолттой 40 гарсан болов уу гэмээр эрэгтэй “Шинэ жилээс хойш ууж байгаа” гэлээ. Эмч өвчтөнийг босгоод үзтэл бие нь энд тэндгүй сийччихсэн, хэд хэд хутгалжээ гэв. Жолоочийг насилк аваад ир гээрэй Гэмтлийн эмнэлэгт хүргэнэ гэлээ. Хөл гар сайтайгаараа миний охин буугаад ирэх үү гэхэд нь би ч жолоочид хэл хүргэхээр доош гүйв. Жолооч ч машинаасаа сэп хийтэл үсрэн буугаад насилкаа барьсаар дээш гүйлээ.
Буцаж ороод байрыг нь тойруулан ажлаа. Хоёр өрөө айл юм. Гэхдээ байдаг хүмүүс нь байнгын архины хэрэглээтэй болов уу гэмээр бүрэн бүтэн, цэвэр зүйл нэг ч байсангүй. Том өрөө нь тавилга гэх зүйл бараг байхгүй. Голд нь ганц түшлэгтэй сандал байгаа нь газарт уначихсан хэвтэнэ. Хана тааз нь халтайж, ууж идсэн зүйлээ цацсан болов уу гэмээр энд тэндгүй толбо үүсжээ. Архины эхүүн үнэрт дотор муухайрч жорлон нь руу орох гэсэн ч ямар байх бол гэсэн төсөөллөөс айн болилоо. Анх орж ирэхэд цуг байсан хүн бас л хөлдөө шархаджээ. Яагаад ингэсэн, хэн ингэсэн тухай асуухад хоёулаа санахгүй байна. Согтуу байсан гэх үгээр ам таглана. Ингээд бид Арваннэгдүгээр хороололд байх ГССҮТ-ийн харьяа Түлэнхийн төв рүү өвчтөнөө ачаад хөдөллөө. Замд эмч өвчтөнөө ухаантай байлгах гэж байн байн юм асууна. Яаж байна, өвдөж байна уу, хаана өвдөж байна гэх мэтээр асуусаар эмнэлэгтээ ирлээ.
Өвчтөнөө шууд Амилахуйн тасагт оруулан эмчид нь хүргэж өгөөд жолоочтойгоо цуг буцаад гарлаа. Түргэний жолооч М.Мөнх-Эрдэнэтэй эмчийг гарч ирэх хооронд жаахан ярилцлаа.
-Өвчтөнөө оруулж өгөөд гарч ирлээ. Энэ үед юу бодогддог вэ?
-Бидний ажлын хамгийн сайхан нь энэ шүү дээ. Дуудлагаар очсон өвчтөндөө хурдан шуурхай анхны тусламж үзүүлээд дараагийн шатлалын эмнэлэгт хүргэж өгөөд, эмчид нь хүлээлгэж өгчхөөд гарч ирэх л хамгийн сайхан даа.
-Ингэж тээвэрлэж явахдаа осолд өртөх, эрүүл мэндэд нь эрсдэл учрах тохиолдол гарч байв уу?
-Өвчтөнөө түргэн шуурхай хүргэхийн тулд түгжрэлтэй үед урсгал сөрнө. Ингэхдээ аюулгүй байдлаа өрсдөө сайн хангах л хэрэгтэй л дээ Тийм тохиолдол гарч байсан л даа. Тэр үедээ жолооч өөрөө л хариуцлагаа хүлээнэ.
-Та эмчтэйгээ цуг хэр удаан дуудлагад явж байна. Эрэгтэй эмчтэй дуудлагад явах нь бас давуу талтай биз?
-Эмчтэйгээ сүүлийн гурван жил хамт ажиллаж байна. Давуу талтай л даа. Өвчтөнөө өргөж, ачиж тээвэрлэхээс авхуулаад эрэгтэй эмч давуу тал олон. Гэхдээ манай эмэгтэй эмч нар ч дутахгүй бүгдийг нь л хийгээд явдаг.
-Дуудлагад явж байхад эмч нь эрсдэлд орсон тохиолдол байсан уу?
-Урьд нь эмэгтэй эмч нартай цуг явдаг байхад даралт ихэссэн гэх дуудлагад ганцаараа орчихно. Гэтэл нөгөөх нь согтуу хүн байвал надад хэлж чадахгүй. Би машиндаа хүлээгээд байдаг. Гэтэл эмчийг маань элэг барих тохиолдлууд гарч л байсан. Ер нь шөнө оройгоор явахад эмэгтэй эмч нарт маань жаахан хүнд л дээ. Тэглээ гээд яах вэ. Ажил болохоор зохицуулаад явдаг.
Ийн биднийг ярилцаж байх хооронд эмч маань өвчтөнөө хүлээлгэж дуусаад гарч ирлээ.
Дараагийн дуудлага нь ирсэн үү?
-Ирлээ.
-Одоо хаашаа ямар дуудлагад явах билээ?
БГД-ийн дөрөвдүгээр хороонд хэвтрийн хөгшний даралт ихэссэн дуудлагад очно гэсээр машинаа асаагаад эргэлээ.
-Сая хүргэсэн хүн маань гайгүй байгаа. Ямар онош тавив?
-Монголын нийгэмд ийм айлууд маш олон болсон. Бүгдээрээ нийлж архидна. Архи уухаараа хэд хоногоор ч хамаагүй үргэлжлүүлэн ууна. Тэгээд согтуу нэгнээ гэмтээнэ. Хэн тэгсэн, хэзээ тэгсэн асуухаар санахгүй ийм тохиолдлууд маш олон. Саяны өвчтөн хавсарсан оноштой. Хэд хэд хутгалуулсан. Дээрээс нь архины хордлоготой. Шингэний дутагдалд орчихсон. Тийм шоктой хүн байлаа. Хутгалуулсан шархнаас илүү архины хордлого нь давамгайлчихсан хүн байна.
Эмч, жолоочийн яриа нийлж байгаа зүйл нь өвлийн улиралд гудамжинд согтуу унтах, архины хордлогод орсон зэрэг дуудлагууд ихэсдэг. Тухайн дуудлагад хурдан очихгүй бол осгох хөлдөх эрсдэл ихтэй гэв. Голцуу 40-50 насны гэр оронгүй хүмүүс ийм байдалд орох нь элбэг аж. Гэр оронтой ч гудамжинд тасарч унаад хөлдөх, осгох тохиолдол их гардаг байна. Баярын үеэр 20-30 насныхан архи хэтрүүлэн хэрэглэж гудамжинд уначих, осгочих тохиолдол их гарсан гэлээ. Нийслэлийн түргэн тусламжийн төв нь төвийн зургаан дүүрэгтээ бүгдэд нь дуудлагаар очдог. Үүн дотроо хамгийн ярвигтай нь Сонгинохайрхан гэнэ. Эмээлт зах, 61-ийн гарам хүрнэ. Хүн ам хамгийн ихтэй, гэр хорооллын бүс ихтэй. Хаяг байршлыг олох, орц гарцны асуудал жаахан хэцүү байдаг хэмээн учирлалаа. Нийслэлийн түргэн тусламжийн төв болон салбар таван эмнэлэгт өдөрт нийтдээ 120-150 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллана. Өдөрт дунджаар нэг эмчид 30-40 дуудлага ирдэг. Хичээл сургууль амрахаас өмнө томуу, томуу төст өвчний дуудлага дийлэнхийг эзэлж байжээ. Хичээл амарсан үеэс хэвтрийн хүн хүндрэх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмтэж бэртэх, хордлогод орох, явганаас халтирч бэртэх гэх мэт дуудлагууд ихэсжээ. Нэг эмчид өдөрт оногдож байгаа 30-40 дуудлагаа 100 хувь гэж үзвэл 40-50 хувь нь архитай холбоотой дуудлага эзэлж байна хэмээн эмч, жолооч хэлж байлаа. Ийн дараагийн дуудлагадаа явах хооронд замын ачаалал нэлээд ихэсч эмч чанга яригчаар жолооч нарыг зам тавьж өгөхийг сануулан, жолооч урсгал сөрж явахаас аргагүйд хүрэв. Үүнд Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд ажлаа хийж явахдаа урсгал сөрж яваад осол гэмтэлд орсон тохиолдолд яах тухай нэг ч зүйл заалт байдаггүй. Үүний улмаас жолооч хариуцлага хүлээх тохиолдол олон гардаг аж. Ажлаасаа халагдаж, хариуцлага хүлээсэн жолооч ч олон тухай эмч, жолооч маань хэлж байв. Цагдаа, онцгой, түргэн бүгд адилхан гэлээ. Сүүлд л гэхэд нярай тээвэрлэж яваад осолд өртсөн жолооч нөгөө машины хохирлыг өөрөө төлөх ёстой гэнэ. Ингэж явсаар бид дараагийн айлдаа ирэв. 80 гаруй насны хэвтрийн хөгшний даралт ихэсжээ. Эмч үзээд онош тавин, эм бичиж өгөөд гэр бүлийнхэнд нь зөвлөгөө өгөөд гарлаа. Дараагийн дуудлага Вокзалын автобусны буудалд хүн уначихсан босохгүй байна гэх дуудлагыг хүлээн авлаа. Вокзалын хойд талын автобусны буудал дээр цагдаа ирчихсэн дуудлага ирүүлжээ. Унасан хүнээ хоёр талаас нь түшээд босготол согтуу байгаа нь илт. Бас л нэвширсэн архины эхүүн үнэр. Толгой нь хагарч цус гарчээ. Өмдөндөө шээчихсэн нь өвлийн хүйтэнд дагширсан хөлдсөн байна. Өвчтөнийг түшиж машиндаа хэвтүүлээд, толгойн хагархайг нь цэвэрлэж боолт хийгээд хөдөллөө.
-Хааш нь хүргэж өгөх вэ?
-Хамгийн ойрхон дараагийн шатлалын эмнэлэг нь Төв гэмтэл юм байна. Тийш л хүргэж өгнө дөө гээд хөдлөв. Өвчтөн ч жаахан дулаацсан бололтой унтаад өгөв. Машин ч өвчтөний үнэрт уусан архины эхүүн үнэр нэвт шингэв. Арваад минут давхисаар Төв гэмтлийн үүдэнд ирээд өвчтөнийг сэрээж, тэргэнцэрт суулгаад эмнэлэг рүү оруулж өглөө. Эмчийг өвчтөнөө хүлээлгэн өгөх хооронд жолооч машинаа цэвэрлэв. Орон дээр туссан цусыг жавёолинтай ус шүршин, шалаа арчив. Энэ бүгддээ нэг удаагийн алчуур, бээлий хэрэглээд, хар уутанд хийж очоод устгалд оруулах тухай учирлалаа. Бидний дараагийн дуудлага хорооллын CU-д хүн ухаан алдаж унасан байна гэв. Очиход цагдаа ирчихсэн байлаа. Цагдаагийн ярианаас CU-гийн ажилтан согтуу тасарч унасан тухай дуулав. Байгууллагын нэр хүнд гээд хөөгдөөд гарлаа. Ийнхүү бидний өнөөдрийн эмчтэйгээ цуг явах хуваарь дуусаж, Төв салбар руу буцав. 3-4 цагийн хооронд дөрвөн дуудлагад явахад гурав нь архитай холбоотой дуудлага байв. Эмчийн хэлсэнчлэн монголын нийгэмд ийм айлууд элбэг болсон гэх үг сонсогдсоор...
С.ОТГОНБАЯР