Цаг үеийн мэдээ

Өнгөрсөн жил зуданд нэрвэгдэж хохирсон малчдад даатгалаас 18 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгогдсон байна. Тухайлбал, Сүхбаатар аймгийн 2382 өрх малын индексжүүлсэн даатгалд хамрагдснаас 100 хувь буюу 4,1 тэрбум төгрөг авсан бол Дорноговь аймгийн 1537 өрх даатгалд хамрагдснаас 1329 өрх буюу 90 хувь нь, Хэнтий аймгийн 1475 өрхөөс 1413 өрх буюу 95 хувь нь нөхөн олговор авсан байна. 

Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль хэрэгжээд 11 жил болж байна. Өнгөрсөн хугацаанд энэхүү даатгалд малчдын 15-16 хувь буюу мал сүргийн 9-11 хувь нь хамрагдсан нь туйлын хангалтгүй үзүүлэлт. Малчдаас даатгалын босго үзүүлэлтийг уян хатан байлгах санал ихээр тавьж буй. Өнөөдрийн байдлаар малчин эрсдэлийнхээ 6 хувийг,  түүнээс дээших хувийн хохирлыг олон улсын даатгалын компани хариуцахаар зохицуулалтай байгаа аж. 

Байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, малчдын мал сүргийг учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах даатгалын тогтолцоог бэхжүүлэх зорилгоор Засгийн газраас Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд дараах өөрчлөлтүүдийг оруулж, боловсруулаад байна. Үүнд: Нэгдүгээрт, даатгалын нөхөн төлбөр олгох босго үзүүлэлтийг хуульчилсан байгааг өөрчлөн уян хатан тогтоосноор Малын индексжүүлсэн даатгалын хамрах хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлэх, улмаар малчдын даатгалд хандах итгэл үнэмшлийг сайжруулахад чухал ач холбогдолтой юм. Хоёрдугаарт, даатгалын нөхөн төлбөрийг гэрээний хугацаанд дараа жилийн намар буюу хохирол гарсны дараа олгодог байсныг өөрчилж, нөхөн төлбөрийг хэсэгчлэн урьдчилан олгох шинэлэг зохицуулалтыг тусгаад байна. Ийнхүү нөхөн төлбөрийг урьдчилан олгосноор малчдын амьжиргааны эх үүсвэрт дэмжлэг үзүүлэх, нөгөөтээгүүр үргэлжлэн тохиолдож болзошгүй зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм. Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэж эхэллээ.

Таны сурталчилгаа