Цаг үеийн мэдээ

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед удирдлага дор ажиллаж байсан О.Эрдэнэбулган, н.Үүрийнтуяа гэдэг төрийн өндөр албан тушаалтан лиценз олгохдоо авлига авсан гэх мэдээллийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хэлсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаас тодрууллаа.

-Таны Засгийн газрын үед ураны лиценз олгох асуудал яригдаж байсан. Тухайн үеийн Уул уурхайн дэд сайд болон Ашигт малтмалын газрын дарга авлига авсан асуудал олон нийтийн цахим сүлжээнд тавигдсан. Энэ асуудал дээр таны байр суурь?

-Нэгдэх өдөр бүлгийн хурал дээр Н.Учрал сайдын хэлснийг сонсоод би залруулга хийхийг оролдсон. Гэхдээ бүх юм аа хараагүй, үзээгүй байгаа. 2014 оны арваннэгдүгээр сард намайг огцруулж байсан. Лиценз өгсөн асуудал нь 2015 оны зургадугаар сард юм билээ. Тэр үеийн бүлгийн хурлын дараа зарим материалыг тодруулахын тулд зарим ажиллаж байсан хүмүүсийг дуудаж уулзсан. Арваннэгдүгээр сарын 5-нд намайг огцруулаад, тэр үед Цөмийн энергийн агентлаг гэж байхад ямар технологиор ураныг олборлох гээд байгаа юм бэ, газрын гүнээс яаж авах гэж байгаа юм бэ гэдэг асуудал гараад тэр үедээ аюулгүйн зөвлөл дээр нэг яриад "энэ асуудлыг тодруулъя" гээд орхисон. Тэр үедээ аюулгүйн зөвлөл лицензийг нь олгоё гэсэн бол Цөмийн энергийн агентлаг олгох байсан юм байна. Намайг огцруулсныхаа дараа Цөмийн энергийн агентлагийг 2014 ондоо багтаагаад татан буулгачихсан юм байна. 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд Цөмийн энергийн агентлаг гэж байхгүй болсон. Тэгэхээр хэн лиценз өгөх вэ гэдэг асуудал үүснэ шүү дээ. Ингээд Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар ураны ашиглалтын лицензийг өгөх асуудлыг хариуцдаг болсон юм байна. Би өнгөрсөн юм ярьж байгаа. Манай үед лиценз олгох асуудал яригдсан боловч шийдвэр гараагүй. Технологи нь ямар байх юм бэ гэдэг дээр хариулт нь байхгүй учраас орхигдсон. Одоо яригдаж байгаа нь Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар өгчихсөн ийм л зүйл байгаа юм билээ.

-Уул уурхайн дэд сайд байсан О.Эрдэнэбулган таны зөвлөхөөр ажиллаж байсан хүн...

-Тэр бол үнэн. Бензин шатахууны үнийг тогтвортой болгоё гээд олон сайн ажлуудыг хийсэн залуу. 2015 оны зургаадугаар сард лиценз өгсөн юм байна. Сайханбилэгийн Засгийн газрын үед. Тэр үед Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар өгдөг болчихсон юм байна. Тэр үед О.Эрдэнэбулган дэд сайд байгаагүй, Н.Алтанхуяг Ерөнхий сайд байгаагүй. Тэр үед лиценз олгогдсон.

-Францын шүүхээс О.Эрдэнэбулган, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга н.Үүрийнтуяа нар авлига авсан гэдэг тогтоогдоод мэдээллээ АТГ, Прокурорын байгууллага руу явуулсан байна л даа...

-Би тэр тухай мэдэхгүй. Үүнийг хууль хяналтын байгууллага тогтооно. Бүлгийн хурал дээр над руу "таны доор ажиллаж байсан О.Эрдэнэбулган, таны доор ажиллаж байсан н.Үүрийнтуяа" гэж хэлж байна лээ. Яагаад надад хамаатуулаад байгаа юм бол. Агентлагаас өгөх байсныг тэр газар руу өгсөн байна. Зориуд хийсэн юм биш үү. Миний зөвлөхөөр 2004 онд Сангийн сайд байхад хэдэн сар хийсэн. Яагаад намайг үүнтэй холбох гээд байгааг ойлгосон л доо. Би ураны асуудлыг нээх мундаг эсэргүүцээгүй. Манай Засгийн газрын үед ураны асуудалд Арева гэдэг компани байна. 34 хувийг нь Монголын Мон-Атом гэдэг компани эзэмших юм байна гээд явж байсан. Газар доороос яаж олборлох вэ гэдэг асуудал нь тодорхойгүй байсан учраас орхигдсон. Сая ураны асуудлыг хөндөхөд нь хэлсэн "Шинжлэх ухааны асуудал биш. Байгаль орчин, хүн, тэнд байгаа мал амьтанд хор хохирол учруулахгүйгээр, монголын газар нутгийн уранаар хордуулахгүйгээр яаж олборлох вэ" гэдэг асуудлаа л эхэнд ярих ёстой. Одоо ч тэр би ийм байр суурь дээрээ байгаа.

-Та энэ парламентад байгаа хоёрхон физикч гишүүний нэг. Уран олборлох гэрээний хөрөнгө оруулалтын гэрээ зурагдлаа. Энэ асуудал дээр чимээгүй өнгөрч байгаа. Танд ашиг сонирхлын зөрчил бий юу?

-Шударга үнэний төлөө үг хэлэхээр надтай хамаагүй юмыг надад наагаад байгаа биз дээ. Бүр сайд нь тийм зүйл ярьж байна. Сайд хүн гэдэг чинь улс төрч биз дээ. Самбар дээр баримтуудаа гаргаж тавьж байгаад бүгдийг нь ярьж няцаая гэж бодож байна. Энэ гүтгэлгүүд дуугүй явж болохгүй юм байна шүү гэдэг том сануулга боллоо.

Таны сурталчилгаа