Нэгэн иргэн цахим хуудсаараа дамжуулан хээр замд нөхрийнх нь амь насыг аварсан цэргийн залууг хайж, түүнд баярласнаа илэрхийлэхийг хүсэж буйгаа нийтэлжээ. Түүний постыг олон мянган иргэн болоод хэвлэл мэдээллийн байгууллагууд түгээж, буянт үйлсийн эзнийг хамтдаа хайсан байна. “Нэрийг нь ч асууж амжаагүй, Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний ангид ажилладаг гэсэн. Тэр залуу байгаагүй бол бид хэлэхэд ч хэцүү, амаргүй нөхцөлд очих байлаа” хэмээгээд цэргийн залуугийн өмссөн хувцас, өндөр, царай төрхийг хүртэл хайж буй постодоо дүрсэлсэн байлаа. Тэгвэл тэрхүү бахархалт үйлсийн эзэн нь Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн алба хаагч Алтансүхийн Хүслэн бөгөөд тэрээр Зэвсэгт хүчний эгнээнд элсээд хагас жил болж байгаа залуу боловсон хүчин байна. ШУТИС-ийг 2024 оны долоодугаар сард олон нийттэй харилцах чиглэлээр дүүргэж, багийнх нь хүсэл мөрөөдөл болсон цэргийн албыг сонгосон нь энэ ажээ.
Түүнтэй холбогдож, болсон үйл явдлын талаар тодруулахад “2025 оны нэгдүгээр сарын 1-2-нд шилжих шөнө Улаанбаатар хотоос Баянхонгор аймаг руу зорчиж байсан юм. Шинэ оноо гэр бүлтэйгээ гаргачхаад ажил руугаа буцаж байгаа нь тэр. Тэгэхэд нэг эгч айж сандарсан байдалтай гар өргөөд нөхөр нь ухаан алдах гээд, зүрх нь зогсчих гээд байна, эгчдээ туслаач гэсэн. Тэр даруйдаа хиймэл амьсгаа хийж, ухаан алдуулчихгүйн тулд юм хүртэл ярьж өгсөн. Ахад өөрийгөө ухаан алдах гээд байна гэдэг мэдрэмж өгөхгүйн тулд өөрийгөө цэргийн алба хаагч, Баянхонгор аймаг дахь цэргийн ангид ажилладаг гээд ойр зуур юм ярьсан. Ярингаа зарим үед хиймэл амьсгаа хийж, бадайрсан гар хөлийг нь барьж сулласан. Аз болоход төд удалгүй 10 гаруй минутын дараа эмнэлгийнхэн ч ирсэн. Тэгээд л би машиндаа суугаад явсан даа” гэсэн мэдээллийг өгөв.
Харин болсон үйл явдлаас хойш 10 гаруй хоногийн дараа Д.Эрдэнэцэцэг гэдэг бүсгүй хээр замд ханийнх нь амийг аварсан залууг эрж, талархсанаа илэрхийлэхээр эрэл сурал болсон нь энэ ажээ. Энэ тухай А.Хүслэн ярихдаа “Утсаар дүүдээ маш их баярлалаа. Миний дүү зогсож туслаагүй бол ханиа алдах байлаа. Одоо ах нь зүгээр болсон. Очиж уулзаж, баярласнаа хэлмээр байна” гэхэд нь хол хөдөөгөөс нааш цаашаа яваад яах вэ, зүгээрээ эгч ээ” гэж хэлсэн. Говь-Алтай аймагтаа малчин хүмүүс юм билээ. Өчүүхэн тусыг минь үнэлж, талархсанаа илэрхийлсэн нь надад харин сайхан сэтгэгдэл төрүүлж байна. Үүнээс өөрөөр талархал гэж юу байх вэ” хэмээн ярилаа.
А.Хүслэн тус ангидаа соёл хүмүүжлийн офицер албан тушаалд ажилладаг бөгөөд ирэх гуравдугаар сард дэслэгч цолоо хүртэх гэнэ. Тэрээр өөрөө ч удам дамжсан цэргийн хүн аж. Түүний аав С.Алтансүх, ээж Н.Баасансүрэн нар Дорноговь аймгийнх, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн тусгай салбарт залуу нас, хөдөлмөр бүтээлээ зориулсан, тэтгэвэртээ гараад удаагүй байгаа бэлтгэл ахлах ахлагч нар байна.
Ахмад Д.БОЛОР