“АТАР” ХЭВИЙН БООВНЫ НЭРЭМЖИТ ХҮЧИТ 256 БӨХИЙН БАРИЛДААН ЭХЭЛЛЭЭ.
Монгол Улсын Манлай үйлдвэр “Талх чихэр” ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Баттөр нээж хэлсэн үгэндээ:
Жил бүрийн сар шинийн баярыг тохиолдуулан “АТАР” хэвийн боовны нэрэмжит аймаг, цэргийн цолтой хүчит 256 бөхийн барилдааныг Монголын үндэсний бөхийн холбоо хамтран 2006 оноос хойш тасралтгүй 19 жил зохион байгуулж байгаа билээ.
Анх Монгол Улсын хүндэт засуулч Жигмэдийн Халтмаагийн хүү гавьяат тамирчин Баттуулын санаачилгаар Монголын үндэсний бөхийн холбоо хамтран монгол бөхийн ёс жудаг, өв соёлыг залуу хойчдоо өвлүүлэх, ард иргэдэд таниулах зорилгоор зохион байгуулж байсан.
Тухайн үед залуу бөхчүүдээ дэмжих урамшуулах зорилгоор маш олон барилдааныг уламжлал болгон зохион байгуулж байсан ч өнгөрсөн 19 жилийн хугацаанд тасралтгүй уламжлал болон үлдсэн барилдаан нь “АТАР” хэвийн боовны нэрэмжит аймаг цэргийн цолтой хүчит бөхийн барилдаан юм.
Мөн тухайн үед “АТАРЫН III АЯН”-ны хүрээнд дотоодын хэрэглээгээ хангах, цаашлаад экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлж байсан бөгөөд уг аяныг дэмжих, олон нийтэд таниулах зорилгоор ийнхүү уг барилдааныг "Атар" хэвийн боовны нэрэмжит барилдаан болгон нэрлэснийг онцолж, үндэсний бөхдөө хайртай нийт Монголчууддаа удахгүй болох сар шинийн баярын мэндийг “Талх Чихэр” ХК-ийн нийт хамт олны өмнөөс өргөн дэвшүүллээ.