Цаг үеийн мэдээ

Дэлгэрмөрөний гол дагасан байц өндөр хавцал, асга хадтай бараан өвөр ёстой л  ямааны нутаг юм. Өнгөрсөн, өнөөдөр, ирээдүйн аваргуудыг “өлгийдөн”  байдаг ээлтэй дулаан бууц ажээ. 

Дунд гозгорын  нөмөрт Улсын аварга малчин Д.Доржпалам агсны  том ач хүү Б.Баянмөнх өвгөдийнхөө  нутагт нутаглаж ирсэн өвөлжөө бууцанд “эзэн” болж мал сүргээ өсгөн үржүүлж "Хилэнт-Эх" хэмээх модон луу жилийн аймгийн Хошой аварга малчин хэмээх хүндтэй алдрыг хүртлээ. 

Тэрбээр 25 жил тасралтгүй мал маллаж, тэмээн сүргээс бусдыг нь өсгөн үржүүлж ашиг шимийг нь хүртсээр байна.  Б.Баянмөнх гэргий Ш.Лхамтайгаа  2000 онд айл болж, хоёр хүү, нэг охин төрүүлж, өсгөсөн юм.  Тэд өрх тусгаарлаад аав, ээжийнхээ өмчид өгсөн зуу орчим малаа дагаж, малчин болох замыг сонгож, уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлийн хүчээр мянга таван зуугаас дээш толгой мал тоолуулдаг байв. Харин сүүлийн хоёр жилд бэлчээрийн даац хэтэрч, ган зудын давтамж ойртсон тул малынхаа тоог бууруулан чанаржуулах талд онцгой анхаарч эхэлсэн байна. 

Хонь, ямааг хамтад нь бэлчээхэд тохиромжгүй нутаг гэж бий. Өвлийн цагт хонь, ямаагаа хамтад нь бэлчээдэггүй. Ямааг өглөөд  хониноос нь ялгаж хад асга, уулын өвөр хяр дагуулан явуулдаг. Хонь нам дор газрын бэлчээрээр идээшилдэг. Малчин хүн малаа хайрлаж өсгөвөл амжилт, ашиг шимийг нь их хүртдэг юм гэж аймгийн Хошой аварга малчин  Б.Баянмөнх мал маллах өөрийн арга туршлагаасаа хуваалцсан юм. 

“Айл болоод төдөлгүй зудад нэрвэгдэж хавар нь дөрвөн хурга бойжуулж авсан ч мал маллахаас цөхрөлгүй хорин таван жил хөдөлмөрлөсөн үр шимийг хүртэж,  аав, ээж ах дүү, нутгийн зон олон, найз нөхдийн хайр хүндэтгэл дунд Хошой аварга малчин хэмээх шагнал хүртэж байгаадаа баяртай байна” гэж түүний  гэргий Ш.Лхам дурссан юм.

Б.Баянмөнх, Ш.Лхам хоёр  таван зуугаад эм хонь төллүүлж, хаврын хатууд өвдөг эвхэх чөлөөгүй хөдөлмөрлөж явсныг Хошой аваргынд зочилсон зочид ярьж байлаа.   Халуунд халж, хүйтэнд хөрж, цагийн хэцүүд малтайгаа хамт зутардаг малчны нөр их хөдөлмөрт шамдаж явснаас биш халширч, төвөгшөөлгүй өнөөдрийн энэхүү амжилтад хүрч байгаагаа Хошой аварга малчид онцолсон юм. 

Б.Баянмөнхийн өвөө Д.Доржпалам агсан Нэгдлийн ямаа маллаж гурван жилийн төлөвлөгөөг давуулан биeлүүлж 1971 онд Улсын аварга малчин болж байсан. Эмээ н.Цэгмэд нь 1972 онд  “Аймгийн аварга” саальчин болж байв. Мал маллахдаа малыг айлгаж,  цочоож болохгүй, малын хээл хүндрэхээс өмнө уулын ар хяраар, хээл нь хүндрээд ирэхээр нам дор газрын бэлчээр сонгох жишээтэй, бэлчээрийн хуваарилалтыг нарийн хийдэг байх хэрэгтэйг Улсын аварга малчин Д.Доржпалам гуай үр хүүхэд, ач зээ нартаа сургамжилдаг байсныг хүүхдүүд нь энэ үeэр  дурсаж байлаа. 

Б.Баянмөнх тавь гаруй жилийн дараа өвөөгийнхөө бууринд аймгийн аваргын шагналыг ихэрлүүлж, Улсын аваргын амжилтыг биелүүлэх их хариуцлага хүлээлээ. Аймгийн Хошой аварга малчны шагналыг аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Нямдаваа, сумын Засаг даргын орлогч О.Бямбаяр, МЭҮАлбаны дарга Д.Дамдиндорж, Ойн байцаагч Б.Нямжав, багийн Засаг дарга З.Ижилмөрөн нар малчны хотонд нь ирж гардууллаа. Энэ жилийн аймаг, сумын шагналд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж тэдний бүтээлээс нь аварга малчдад гардуулж байгаагаараа онцлог байсан юм.. 

 Б.Гэрэлням

Таны сурталчилгаа