Цаг үеийн мэдээ

Монгол улсын Үндсэн хуулиар иргэд хувийн аж ахуй эрхлэх эрхтэй болж, өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч хамгаалах болсон. Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд хувийн хэвшлийн оруулах хувь нэмэр өсөж ДНБ-ний 80 орчим хувь, татварын орлогын 70 хувийг бүрдүүлж, ажлын байрны 81 хувийг бий болгож байна.

МҮХАҮТ нь бизнесийн төлөөллийн байгууллагын хувьд бизнес эрхлэгчдэдээ таатай орчин бүрдүүлэхийн төлөө  Бизнес эрхлэгчдэдээ  хамтран хөгжих, бизнесээ өргөжүүлэх, олон улсын зах зээлд нэвтрэх боломжийг бүрдүүлэх,  гадаад хамтын ажиллагааны цар хүрээг тэлж, бизнес эрхлэгчдийн гүүр болж ажиллах,  бүтээгдэхүүн, үйлчилгээг дотоод болон гадаад зах зээлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, экспортын боломж нэмэгдүүлэх,  нийгмийн хариуцлага,  бизнесийн ёс зүй,  эдийн засгийн гол салбаруудын нийтлэг бодлогын зорилго зорилт, бодлогын өмгөөллийг хэрэгжүүлэх тогтвортой бизнес, хууль эрх зүйн орчин бүрдүүлэхийн төлөө шинэ баг хамт олноороо хичээн ажиллаж байна.

МҮХАҮТ-аас 5000 орчим бизнес эрхлэгчийг хамруулан явуулсан "Монголын бизнесийн орчин-2023" судалгааны үр дүнгээс үзэхэд, татварын орчин нь 2020 оноос хойш 0.12 нэгж буюу 5 хувиар буурч, 2.50 оноогоор дундаас доогуур үнэлэгдсэн нь бизнес эрхлэхэд татварын орчны асуудлууд байсаар байгааг илэрхийлж байна.

2024 онд Монгол Улсын татварын нийт орлого 27.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 5.9 их наяд төгрөгөөр буюу 27.4 хувиар өссөн байна. Энэ орлогын 32.8 хувийг орлогын албан татвар, 21.4 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар, 17.2 хувийг нийгмийн даатгалын орлого, 4.0 хувийг онцгой албан татварын орлого, 18.1 хувийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого тус тус бүрдүүлж байна. Орлогын албан татварын 71.4 хувийг ААНОАТ эзэлж байгаа нь татварын ачаалал өндөр байгааг илтгэж байна.

Мөн 2023 оны ТОП-100 ААН-ийн төлсөн татвар нийт татварын орлогын 29 хувийг бүрдүүлсэн дүнтэй байна.

Далд эдийн засгийн судалгаагаар Монгол Улсад сүүлийн 15 жилийн хугацаанд ДНБ-ний 21 орчим хувьтай тэнцэх хэмжээний далд эдийн засаг оршин тогтнож байгаа бөгөөд энэ нь ДНБ-ний 5.2 орчим хувьтай тэнцэх татварын орлогын алдагдлыг үүсгэж байна гэж тооцоолсон. Далд эдийн засгийн хэмжээ өндөр байх нь шударга татвар төлөгч бизнес эрхлэгч аж ахуйн нэгж болон хувь хүмүүсийн татварын дарамтыг нэмэгдүүлж байгаа бөгөөд энэ нь татварын тогтолцоо болон эдийн засгийн тогтвортой байдалд сөрөг нөлөөг үзүүлсээр байна. Тиймээс, далд эдийн засгийг бууруулах, татварын орчныг сайжруулах, шударга татвар төлөгчдийг дэмжих нь эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, бизнесийн орчныг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.

МҮХАҮТ-аас бизнес эрхлэхэд тулгарч буй татварын орчны асуудлуудыг тодорхойлж, засаж сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 2023 оны 12 дугаар сард УИХ-ын даргын ажлын албатай хамтран "Татварын цогц шинэчлэл" хэлэлцүүлэг,  2025 оны 1 дүгээр сард УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүдтэй хамтран  "Татварын багц хуулийг шинэчлэх хэрэгцээ шаардлага,  асуудал шийдвэрлэх арга зам" хэлэлцүүлгийг тус тус зохион байгуулсан. Эдгээр хэлэлцүүлгийн үеэр бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдээс амаар болон бичгээр ирүүлсэн саналуудыг нэгтгэн, 12 төрлийн хууль тогтоомжид хамаарах 178 саналыг УИХ-ын Төсвийн байнгын хороо, Сангийн яам, Татварын ерөнхий газар зэрэг төрийн байгууллагуудад тус тус хүргүүлээд байна.

Бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдээс дараах саналуудыг илэрхийлээд байна:

Нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээ 10 хувь байгааг 5 хувь болгон бууруулж, татварын бааз суурийг нэмэгдүүлэх,

Татвар ногдуулах орлогын суурийг мөнгөн суурьд шилжүүлэх,

ААНОАТ-ын шаталсан хувь хэмжээг байхгүй болгох, эсхүл босгыг өндөрсгөх,

Үндсэн хөрөнгийн худалдан авалтад төлсөн татварыг шууд хасах

Татварын хялбаршуулсан горимд хамрагдах нийт борлуулалтын орлогын хэмжээ 50 сая төгрөгийг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлэх,

Ажил эрхлэлтийг дэмжсэн хөшүүргийг бий болгох,

Орлого хүлээн зөвшөөрөх суурь зарчмыг өөрчлөх,

Татварын хөнгөлөлт эдлүүлэх зохицуулалтыг хялбаршуулах, оновчтой болгох,

ОУ-ын татварын харилцаатай холбоотой зохицуулалтуудыг судалж, сайн туршлагыг нэвтрүүлэх. 

Түүнчлэн, одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Татварын багц хуулиуд нь зөвхөн татвар, хураамжийг бүрдүүлж, улсын төсвийг бүрдүүлэх зорилготойгоор хэрэгжиж байгаа нь бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүд татвараа төлсний дараа үйл ажиллагаагаа өргөтгөх, ажилчдын цалинг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт хийж өсөн дэвших боломжгүй ийм л татварын тогтолцоог бий болгосон байгааг өөрчлөх цаг болсон байна. Тодруулбал: НӨАТ 10%, НДШ 14%, ААНОАТ 10%, нэмэх нь бусад төрлийн татвар, хураамж, төлбөр, торгууль, алданги төлж байгаагийн улмаас ихэнх компаниуд зах зээлд удаан оршин тогтож чадалгүй, татварын дарамтад орсноор үүд хаалгаа барин дампуурч байна.

Мөн татварын хууль тогтоомжууд нь нийтэд ойлгомжгүй, уялдаа холбоо муутай, холбогдох дүрэм, журам, маягтууд нь салаа утга агуулсан, хуулиас давсан заалтуудыг дүрэм, журамдаа тусган, хүнд суртал, чирэгдлийг үүсгэдэг, хууль хэрэглээний явцад татварын байцаагчид хуулийн нэг заалтыг өөр өөрөөр тайлбарлаж татвар төлөгчидтэй хамтарч ажиллахгүй, мэргэжил арга зүйгээр хангахгүй дарамтлах, Хөрөнгө оруулалтын тухай хуульд итгээд хөрөнгө оруулалт хийхээр татварын хуулиар хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх заалт байхгүй гэх мэтээр хууль хоорондын уялдаа холбоогүй зөрчилтэй байдлаас болоод үндэсний үйлдвэрлэгчид хохирдог, тэгш бус татварын орчин үйлчилж байгаа зэргээр нийтлэг хүндрэлтэй асуудлууд байсаар байхад гадны хөрөнгө оруулагчдыг татах нь бэрхшээлтэй болж,  Монгол Улсын иргэдэд ч Монгол Улсад бизнес эрхлэх, амьдрахад ихээхэн хүндрэл учруулж байгаа талаар яригдаж байна.

Иймээс, цаашид Татварын багц хуулийн Зорилгыг:

Нэгдүгээрт: Монгол Улсын эдийн засаг, хөгжлийн түвшинд татварын хуулиудыг бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих замаар улс эх орны хөгжлийг үсрэнгүй дэвшилд хүргэх,

Хоёрдугаарт: Татвар, хураамжийг бүрдүүлж улсын төсвийг зохистой хэмжээнд бүрдүүлэх зорилгыг агуулах хэлбэрээр үндсээр нь өөрчлөх шаардлага тулгарч байна.

Үүнтэй холбоотойгоор, татварын бодлогыг илүү уян хатан, ойлгомжтой болгох, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, татварын ачааллыг бууруулах, хөнгөлөлт чөлөөлөлтийг илүү оновчтой, хүртээмжтэй болох чиглэлээр татварын багц хуулийг бүхэлд нь шинэчлэх, холбогдох дүрэм, журмын уялдаа холбоог сайжруулах, хууль хэрэглээг тодорхой, ойлгомжтой, хүндрэл чирэгдэлгүй,  нэгдмэл болгож, бизнес эрхлэгчдэд ээлтэй, шударга ёсны болон тэгш байдлын зарчимд үндэслэн татварын тогтолцоог бий болгох шаардлага зүй ёсоор үүсээд байна.

Ингэснээр, Татварын бодлогын шинэчлэл нь бизнесийн орчныг илүү таатай, тогтвортой болгож, хууль эрх зүйн таатай, ээлтэй орчин нөхцөлийг бүрдүүлэхэд чухал алхам болж чадна.

Таны сурталчилгаа