Цаг үеийн мэдээ

Манай улсад цусархагшилын хэлбэрээр илэрдэг удамшлын эмгэгийн нэг хэлбэр болох Гемофили /Hemophilia/ өвчнийг 1956 онд анх оношилж, албан ёсоор 1992 оноос бүртгэж эхэлсэн байна. Одоогоор манайд энэ төрлийн өвчинтэй 100 гаруй хүн бүртгэгдээд байгаагийн талаас илүү нь 0-18 насны хүүхэд байгаа гэнэ.
Гемофили буюу “Цус бүлэгнэлтийн эмгэг” гэдэг нь төрөлхийн эмгэг өвчин юм. Хүүхэд эхээс төрөхдөө цус бүлэгнэлтгүй, цус урсамтгай төрөх өвчинг Гемофили гэж нэрлэдэг. 10 мянган төрөлтөд нэг эрэгтэй хүүхдэд, нэг сая төрөлтөд нэг эмэгтэй хүүхдэд уг өвчний шинж тэмдэг илэрдэг гэж дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас судалгаа гаргасан байдаг. Хүний цусан дахь уургийн хэмжээ аль зэрэг их байгаагаас шалтгаалж уг өвчинг хөнгөн, хүнд, хүндэвтэр гэж ангилдаг. Хүнд хэлбэрийн гемофилитэй хүүхэд төрсөн цагаасаа эхлэн гемофили нөхөх эмчилгээ буюу цус бүлэгнүүлэх тариагаар амьдардаг. Харин хүндэвтэр хэлбэрийн гемофили нь хүүхэд мөлхөж, явж эхлэн гадаад орчинтой шүргэлцэхэд хөл гар нь хөхрөх, хавдах шинж тэмдэг илэрдэг. Мөн биеийн хэсгүүдээр хөх толбо, тууралт гарна.
Хөнгөн хэлбэрийн гемофилитэй хүн ийм өвчинтэй гэдгээ мэдэхгүй явсаар хагалгаанд орж, цус ихээр алдаж, хагалгааныхаа ширээн дээр нас барах тохиолдол байдаг. Тиймээс цус гоожимтгой, урсамтгай бол шинжилгээнд хамрагдах нь зүйтэй.
Одоогоор дэлхий нийтээр эмчлэх аргыг олоогүй байна. Тиймээс насан туршдаа нөхөх эмчилгээ буюу долоо хоногт 2-3 удаа цус бүлэгнүүлэх эмчилгээг судсаар буюу тариа хийлгэснээр амьдрах чадвартай. Тариагүй нөхцөлд цус алдах, үе мөчид нь харвалт өгөх, бүр цаашилбал амь насаа алдах тохиолдол гардаг.
Аливаа улс оронд ийм төрлийн өвчтэй хүний тунг улсаас нь үнэ төлбөргүй даадаг. Одоогоор манайд бүртгэгдсэн 100 гаруй хүний тариаг улсаас бага хэмжээгээр үнэ төлбөргүй дааж байгаа аж. Энэ өвчин удамшдаг бөгөөд олдмол ч гэж байдаг.
Гемофили өвчтэй эмэгтэйчүүд хүүхэд гаргахаар шийдсэн бол жирэмсэн болохоосоо өмнө гемофили өвчтэй хүүхэд төрүүлэх эрсдлийн талаарх генетикийн зөвөлгөө авч байх шаардлагатай байдаг. Түүнээс гадна гемофили өвчний ген дамжуулагч эмэгтэйчүүд жирэмсэлсэн байж магадгүй гэж таамагласан даруйдаа эх барих, эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж, жирэмсний хугацаанд сайтар сувилуулах шаардлагатай.
0-18 насны хүүхэд ЭХЭМҮТ, насанд хүрэгчид Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон хувийн лабораториудад шинжилгээ өгч болох бөгөөд бага насны хүүхдүүдийг үнэ төлбөргүй оношлодог байна.

 

Таны сурталчилгаа