Dark Light
Нийтлэл | 2025-05-05

ЭРИК ЧУН: МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙД ТӨЛӨӨЛЖ ЧАДАХ ГОЛЬФИЙН ТАМИРЧНЫГ БЭЛТГЭНЭ

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
АНУ-ын гольфийн PGA академийн ерөнхийлөгч доктор Эрик Чунтай ярилцлаа. 
-Та Монголд хэд дэх удаагаа ирж байна вэ. Энэ удаагийн ирсэн зорилго юу вэ?
-Би Монголд дөрөв дэх удаагаа ирж байна. Энэ удаад өөрийн хичээлийг телевизүүд болон хэвлэл мэдээллийн хэрэгсэлд бэлэг болгон өгч, хөрөнгө оруулах зорилгоор ирсэн. Мөн Монголд буй АНУ-ын салбар дээд сургуультай хамтран хүүхдүүдийг нэгдүгээр курсийг нь энд төгсгөөд, 2, 3, 4 дүгээр курсийг нь АНУ-д сургах, санхүүгийн боломжийг нь зөөлөн болгох боломжийг хайхаар ирсэн юм. АНУ-д Опус-18 гэж гольфийн академи байдаг. Энэ академийн салбарыг Солонгост нээж байгаа. Мөн Монголд би энэ академийн салбарыг нээх сонирхолтой байгаа. Яагаад гэвэл бүх насны хүмүүс гольф сураасай. Тэгснээрээ Монгол Улсыг дэлхийд төлөөлж чадах гольфийн тамирчныг маш хурдацтай бэлтгэх хүсэл сонирхлоор ирсэн. 
-Гольф гэдэг спортыг монголчууд бараг л мэдэхгүй. Энэ спортын талаар товчхон ойлголт өгвөл? 
-Гольф насан туршид хэрэглэж болох тэтгэвэрт гардаггүй спорт гэж хэлж болно. Хоёрдугаарт, аль хэдийн гольф хөгжчихсөн газраас илүү дөнгөж эхэлж байгаа газарт үр өгөөж сайтай байдаг. Өдийг хүртэл дэлхийд Тайгэр Вүүдс гэж тамирчин дэлхийд ноёрхож байлаа. Гэтэл саяхан болсон тэмцээн дээр Рори Макроё гэж шинэ тамирчин гарч ирсэн. Тэгэхээр шинэ цаг үе эхэлж байна гэж харж байгаа. Монголд гольфийн соёл дэлгээрэй, бий болоосой гэж хүсдэг. Үүний тулд өвлийн урт хугацаанд хичээллэж чадахгүй байгаа үед нь дотор орчинд хичээллүүлэх сургалтын төв нээх сонирхолтой байна. Тэгснээрээ Монголд алдартай тамирчид төрөх, үүнд миний туршлага, мэддэг чаддаг зүйлээ дайчлан хичээнгүйлэн дайчилж зааж өгөх болно оо гэдэг хүсэлтэй байгаа. 
-Монголоос 20 хүүхэд сонгон авч өөрийн гараар сургана гэсэн. Эхний зургаан АНУ-д оччихсон бэлтгэлдээ орчихсон яваа юм байна. монгол хүүхдүүд гольф хэр сурахаар байна. Тэдэнд энэ спортод суралцах онцлог шинж ажиглагдав уу? 
-Гольф сурахын тулд бие сайтай байх ёстой. Мөн маш сайн сунгалттай байх ёстой. Солонгос дэлхийд гольфоор ноёрхдог маш олон тамирчидтай болсон. Гэтэл гений хувьд монгол хүмүүс илүү гарамгай юм байна гэдгийг олж харсан. Солонгос болон америк хүмүүсээс онцлог шинж нь монгол хүмүүст маш их хүч байна. Маш сайн сунгалтын эвсэл байна. Би арван жил ажиглалаа. Монгол хүнд өгөгдөл нь байгаад байгаа. Тийм учраас бусад улсаас илүү алдартай тамирчин гарч ирнэ гэж итгэж байна. Би 30 жил энэ спортод маш олон хүнийг бэлтгэж, маш олон хүнтэй уулзаж байна. Гольфийн спортоор 3 настайгаа эхэлж хичээллэдэг. Миний охин 5 настайгаа хичээллэсэн. Гэтэл сурагч үедээ насанд хүрэгчдийн про болж чадсан цорын ганц тохиолдол бий. Ингэж хүмүүсийг бэлтгэж, хүмүүстэй уулзаж явахдаа монгол хүний онцгой чанарыг олж харсан. 2000 онд төрсөн миний охинтой нас чацуу гольфоор хичээллэсэн 200 мянган хүн байдаг. Тэрхүү 200 мянга дотроос номер нэг болно гэдэг том амжилт. Шалтгаан нь хэнээс яаж сурсан бэ гэх том шалтгаан байдаг. Сонирхогчдын гольф, мэргэжлийн гольф гэж бий. Хоёулаа адилхан маш олон цагийн бэлтгэл хийдэг. Гэтэл мэргэжлийн гольфийн ялгаа маш олон техник технологи ашиглаж, нарийн хэмжилт тестийг давж байж сая мэргэжлийн түвшинд хүрдэг. Би шинэ мөрөөдөлтэй болсон. Ямар мөрөөдөл вэ гэхээр Монголд Опус-18 академийн салбарыг нээгээд, цэцэрлэгийн насныхан бага, дунд, ахлах ангид хуваан хүүхдүүдийг сургаад тэр дундаас шалгарсан шилдэг хүүхдүүдийг АНУ-д сургах мөрөөдөлтэй байна. Миний харж байгаагаар ойрын дөрвөн жилдээ Азийн шилдэг рүү эхний тамирчид орох болов уу гэсэн санаа сэтгэл төрсөн. Тиймээс эхний ээлжийн тамирчдаа маш яаралтай бэлтгэе гэж бодож байна. 
-Эхний ээлжийн 20 хүүхдээ хэрхэн яаж сонгож авав? 
-20 гэсэн шалтгаан нь шилдгийн шилдэг гэсэн 20 хүнийг хаалттайгаар бэлтгэх учраас 20 гэж тогтоосон. Хэрвээ хүүхдүүд маань нэмэгдэх бол бид сургаж байгаад шилдэг 20 хүүхдээ сонгож авна. Миний хамгийн гол шалгуур нь биеийн үзүүлэлтүүд. Гольф тоглоход хамгийн гол нь хүчтэй байх хэрэгтэй. Би дөрвөн сарын турш монгол хүүхдүүдтэй ажиллалаа. Монгол солонгос хүүхдүүд ялгарахгүй юм байна лээ. Би АНУ-ын мэргэжлийн гольфийн холбоог төлөөлдөг. Хүүхдүүдийг бэлтгэж байхдаа маш нарийн хэмжилт датаг цуглуулдаг. Над шиг мэргэжлийн түвшинд зааж буй 40 мянга гаруй хүн бий. Тэдгээр хүмүүс дунд сургууль, ахлах сургуулиа төгсөөд PGA-A зэрэглэл авахын тулд шалгалт өгдөг. Өндөр шалгуур тавигддаг. Өөрөөр хэлбэл энэ нь дэлхий дээрх гольфчдынхоо дунд тавигддаг хамгийн өндөр зэрэглэл гэсэн. Түүнийг бид PGA-A зэрэглэл гэдэг. Тэгэхээр энэхүү зэрэглэлийг хамгийн шилдэг их дээд сургууль дүүргэсэнтэй тэнцэтгэж ойлгож болно. Хоёр жил сурсны дараа хүүхдүүд гурван төрлөөр хуваагддаг. Дасгалжуулагч болох уу, тамирчин болох уу эсвэл гольфийг шинжлэх ухаан талаас нь судлах менежментийг судлах уу гэж хуваагдана. Хэрвээ тэнцвэл про зэргийн мэргэжилтэн болно. Энэ нь ялгарах онцлог нь болдог. Би гольфийн доктор зэрэгтэй. Дээр миний ярьсан про зэргийн дээр дахин нэг зэрэг байдаг. Хэрвээ тэрхүү зэргийг авч чадвал АНУ-ын гольфийн холбоог төлөөлж чадах хүлээн зөвшөөрөлтийн лиценз болдог. Тэр зэрэгт хүрч чадвал дэлхий хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж, маш олон эрх нээгддэг. Эрх мэдэлтэй болно гэсэн үг. Би өөрөө мэргэжлийн гольфийн холбооны А зэрэглэл доторх мастер цолтой. Энэхүү мастер цол юуг илэрхийлдэг вэ гэхээр 40 мянган хүнээс хоёрхон хүнд л олгодог. Миний авсан докторын зэрэг 10 докторын зэрэг авах хэмжээний материал, туршлага, хичээл заасан үзүүлэлтүүд болон өөрийн десертацийг бичдэг. Миний хувьд хамгийн хүнд шалгуур байсан. солонгост гольф тоглож байгаа хүмүүс 4 сая гаруй болсон. Солонгос гольфоор галзуурч байна. Тэр өвчилчихсөн, гольфоор галзуурч байгаа хүмүүсээс тамирчин болгох арай хялбар. Би солонгос талаасаа мастер цолыг авсан цорын ганц хүн. Монголд гольф бусад улс орноос сүүлд эхэлж байна. Гэтэл түрүүлээд эхэлсэн тэр хүмүүсийн өдөр тутмын бэлтгэлийг давсан хурдаар технологийг хэрэглээд монгол хүнийд дэлхийд гаргах боломжтойг хариуцлагатайгаар хэлье. Монгол хүнийг дэлхийд про тамирчин болгох, про болгох зорилго миний хувьд нэгдүгээрт тавигдаж байна. 
-Хэрвээ та бүхэнтэй холбогдоод энэ спортоор хичээллэе гэвэл хаашаа хандах вэ? 
-Бид удахгүй Опус-18 академийн оффисыг нээнэ. Мөн төлөөлөл болгох, оюутныг хариуцах хүмүүстэй гэрээгээ хийчихсэн. Би гольфийн сургалт, хичээлд зориулсан контент бэлтгэсэн. Контент болгон дээр дэлхийн шилдэг тамирчид оролцсон. Би 40 ширхэг контентоо монголын телевизүүдэд бэлэглэхээр ирсэн. Үүнийг монголчууд үздэг нэвтрүүлгээ болгоосой гэж хүсэж байна. Би гольф мэдэхгүй гэсэн ч үзээсэй. Энэ спортод дурлах болно. 
-Эхний ээлжид очсон зургаан хүүхэдтэй харилцахад хүндрэл үүсэж байна уу. Гэрээ, эх орноо санаж байна гэнэ үү. Сургалт хэр ахицтай яваа вэ? 
-Би ямар ч хүүхдийг сургахдаа анх ирсэн байдлыг нь дөрвөн сарын дараахтай нь заавал харьцуулдаг. Хүүхдүүд гэрээ санаж байна гэж ерөөсөө хэлээгүй. Аз жаргалаар бялхсан л хүмүүс бий. Америк орон номер нэг гэдгийг хүн болгон хэлдэг. Манай хүүхдүүдийн сурч байгаа орчин, хоол, сургууль дотроо сурч, гэр хоорондоо явах хөтөлбөр нь америк дотроо шилдэг нь. Манай академиар дамжуулаад 4-5 жилийн дараа англи хэлтэй, шилдэг тамирчин, шилдэг дасгалжуулагч гэсэн хоёр төрлөөр удахгүй шинэхэн мэргэжилтэн төрөх болно оо. 
-Гольфын спорт улс оронд өгөх үр өгөөж, эдийн засгийн ач холбогдол нь юу байдаг вэ? 
-Солонгост дунд зэргийн айлууд гольф тоглож чадах хэмжээний болсон. Америкт сурахаар ирж байгаа хүүхдүүдийн хувьд санхүүгийн байдал хүнд байгаа. Санхүү нь байвал ирмээр байгаа хүүхдүүд зөндөө бий. Удахгүй Опус-18 академийн сургалтын төв нээгдээд үйл ажиллагаа нь эхлэх юм бол цэцэрлэгийн насны, бага ангийн 70 хүүхэд, дунд ахлах ангийн 200 хүүхэд сургах багтаамжтайгаар хичээллүүлэхээр бэлтгэж байна. Тэдгээр хүүхдүүдийг сургаад, шилдгийг сонгоод америк руу илгээнэ. Ингэж сонголт хийх үед компаниудын ивээн тэтгэлэг үүсдэг. Үүнийг л бид бий болгохын тулд контентоо бэлэглэнэ, сурталчилгаагаа хийж байна. Олон хүүхдийг хамруулах зорилготой. Ингээд ирвэл санхүүгийн хувьд арай боломжтой болоод ирнэ. Японы Саппоро хотод гольф тоглоход маш тохирсон уур амьсгалтай. Энэ уур амьсгал нь Улаанбаатарын зуны уур амьсгалтай адилхан. Солонгост л гэхэд жилдээ 60 мянган аялагч гольфчин бусад улс орон аялж гольф тоглодог. Гольфоо хөгжүүлээд аялал жуулчлал орж ирвэл тухайн улс оронд санаанд багтамгүй тийм их санхүүгийн урсгал орж ирдэг. Суурь болсон тамирчин нь бий болчихвол олон улсын тэмцээн зохион байгуулах боломжтой болно. Хэрвээ олон улсын тэмцээн зохион байгуулаад эхэлбэл дагаж орж ирэх мөнгөн урсгал нь маш их. Тэгэхээр үүнд анхны хөрөнгө оруулагч нь хүүхдүүдээ сургахаар илгээж байгаа 20 ээж аав. Тэдгээр хүүхдүүдийн аав ээжийн гаргасан золиос эргээд улс оронд нь үнэтэй хувь нэмэр болно гэж найдаж байна. 
-Баярлалаа. Бидний ярилцлага гольфийн тухай багахан ч гэсэн ойлголт өгөх байх гэж найдаж байна. 
-Баярлалаа. Намайг харахад ганц л хүн харагдаж байгаа. Гэхдээ би Монгол Улсыг гольфоор дамжуулан онцгой хөгжил сэргэлт рүү дагуулах байр сууринд байгаа хүн нь юм. Тийм учраас хамтраасай. Хамтдаа бүгд нэг зүг рүү харж энэ спортыг монголд хөгжүүлээсэй гэж хүсэж байна.
Сэтгэгдэл бичих
Image
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00