БНХАУ-ын Чиндао хотноо болсон Ази, Далайн орнуудын цаг уурын хиймэл дагуул хэрэглэгчдийн хуралд ЦУОШГ, УЦУОСМХ-ийн төлөөлөл оролцлоо. Хурлын нээлтэд Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга цаг уурын салбарт хиймэл дагуулын мэдээ ашиглагч орнуудыг төлөөлөн мэдээлэл хийсэн бол хурлын хоёр дахь өдөр Цаг уур, орчны шинжилгээний газрын мэргэжилтэн, цаг уурч С.Жавзмаа “Latest Progress in Satellite Applications and Services” сэдвээр илтгэл тавьж, Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн ажилтан Х.Болормаа “Utilization and future perspectives of meteorological satellites in Mongolia” сэдвээр ханан илтгэл танилцууллаа.
15 дахь удаагийн хурлаар цаг агаар, уур амьсгал, орчны шинжилгээ, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, сансрын цаг уурын хэрэглээ, зайнаас тандан судлал, хиймэл оюун ухаан, шинэ технологи зэрэг өргөн хүрээний сэдвийг хамарч, олон улсын байгууллага болон бүс нутгийн мэргэжилтнүүдийн дунд туршлага солилцох, мэдээ мэдээлэл, арга зүй, хэрэглээний шинэ хандлагыг хэлэлцэв.
Монголын төлөөлөгчид илтгэлдээ хиймэл дагуулын мэдээг үндэслэн уур амьсгалын үйлчилгээ үзүүлэх арга зүй, хэрэглэгчдэд мэдээлэл хүргэх тогтолцоо, бүтээгдэхүүн боловсруулах үйл явц, тулгарч буй асуудлуудын талаар танилцуулсан бөгөөд цаг уурын мэдээллийг илүү хүртээмжтэй, хэрэглээнд нийцсэн хэлбэрээр түгээх ажлын үр дүн, өөрийн орны туршлагыг хуваалцсан. Илтгэлд хиймэл дагуулын мэдээг ашиглан хөдөө аж ахуй, байгаль орчны хяналт, зудын эрсдэлийн үнэлгээ болон эдгээр бүтээгдэхүүний давуу, сул талуудыг онцлон дурдаж, Монгол Улсад энэхүү чиглэлээр хийгдэж буй судалгааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.
Хурлын үеэр Фэнгюн хиймэл дагуулын мэдээ хүлээн авах системийн шинэчлэл, аж үйлдвэрлэл болон орчны шинжилгээний салбарт хэрэглэх туршлагын талаар олон орны судлаачид илтгэл тавьсан бөгөөд хиймэл дагуулын өгөгдлийг бодит хугацааны мониторинг, урьдчилсан мэдээ боловсруулах, байгаль орчны өөрчлөлтийг хянахад хэрхэн үр дүнтэй ашиглаж болох талаар жишээ, тоон мэдээлэлтэйгээр танилцуулсан. Түүнчлэн хиймэл оюун ухааныг хиймэл дагуулын өгөгдөлд суурилсан загварчлалд нэвтрүүлэх чиглэлээр дэвшилтэт туршлагуудыг хуваалцсан нь оролцогчдын анхаарлыг ихээхэн татсан юм.
Хурал нь зөвхөн мэргэжлийн түвшний мэдээлэл солилцох бус, бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хиймэл дагуулын мэдээлэл, технологийг илүү өргөн хүрээнд ашиглах, мэдээлэл солилцох тогтолцоог боловсронгуй болгох зорилготой байлаа.
Монголын төлөөлөгчдийн оролцоо нь манай улсын цаг уур, уур амьсгалын үйлчилгээний хөгжлийг олон улсын түвшинд харуулахын зэрэгцээ, цаашдын хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээсэн ач холбогдолтой үйл явдал болсон. Үүний баталгаа нь цаг уурч С.Жавзмаагийн илтгэл хурлын онцлох илтгэлүүдийн нэгээр шалгарч, зохион байгуулагчдын шагнал хүртсэн явдал юм.
Энэхүү хурлын дүнд Монгол Улс хиймэл дагуулын өгөгдөлд тулгуурласан цаг уур, уур амьсгалын үйлчилгээний хөгжлийг эрчимжүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх, мэдээлэл дамжуулах, хэрэглэгч төвтэй үйлчилгээний тогтолцоог боловсронгуй болгох чиглэлд олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах илүү өргөн боломж нээгдэж байна.
АДМИН







Нийгэм








