Dark Light
Нийтлэл | 2025-10-27

Б.ЭРДЭНЭБИЛЭГ: КОМЕДИ БАЯРААГИЙН БУЯНААР УУЖ ИДДЭГ НЭР АВСНААС ХОЙШ ТУЛТАЛ БҮТЭЭЕ ГЭЖ БОДСОН

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
“Надад ирээгүй хайр” МУСК-нд туслах дүр бүтээсэн комедиан Бээгий буюу Б. Эрдэнэбилэгтэй ярилцлаа.
-“Надад ирээгүй хайр” кинонд туслах дүр бүтээсэн байсан. Дүрийнхээ саналыг хэзээ хүлээж авсан бэ?
-Энэ жилийн зун киноны санал орж ирсэн. Гол дүрийн эмэгтэйн 3 дахь нөхөр л гэж хэлсэн. Товч мэдээлэлтэй л байсан. “Хүлэгү пикчерс”-тэй очиж уулзахад сэргэлэн, хорчин дүрд тоглоно гэж хэлсэн. Надад хүнд дүрд тоглоно гээд хэлчихвэл "үгүй" гээд татгалзаж магадгүй гэж бодсон байх. Зураг авалтын өдрөө товлоод дүрийн дэлгэрэнгүй тайлбараа авсан. Намайг дүрээ авахаас өмнө Дарханд өмнөх зураг авалтууд нь эхэлчихсэн байсан. Дүр бол дүр шүү дээ. Хүндээр тусгаж аваагүй. Дүр намайг голно уу гэхээс би дүрийг голно гэж юу байхгүй. Комеди Баяраагийн буянаар угаасаа л ууж иддэг гэж нэр авснаас хойш өөрийнхөө хэмжээнд дүрээ тултал бүтээе гэж бодсон. 
-Өөр кино саналууд ирсэн үү?
-Саяхан нэг туслах дүрийн санал ирсэн. Одоогоор би “Макс групп”-ийн “Бургер кинг”-ийн маркетингийн албанд ажиллаж байгаа учраас урт хугацаагаар кино зураг авалтад явах боломжгүй байгаа.
-Комеди хийж байгаа юу?
-Комеди хийж байгаа. Комеди ажлын цаг дууссаны дараа оройн цагаар эхэлдэг болохоор ажлын цагтай давхацдаггүй. Гэхдээ сүүлийн нэг жил “Мөрч”, “Амьд үлд” зэрэг олон кинонд дүр бүтээгээд хотод байж чадаагүй. Хотод байх хэд хоногтоо л комеди хийсэн. Ойрын хэдэн жилдээ комеди хийхдээ анхаарна гэж бодож байгаа. Киноны арын албанд ажиллах хэцүү юм байна лээ. Дүр бүтээхэд өөрийнхөө дүрийг бичүүлээд л дуусдаг. Арын албаныхан, зургийн дарга нар эхнээс нь дуусах хүртэл нь байдаг болохоор их хэцүү байсан. Цаашдаа киноны арын албаны саналыг авахгүй гэж бодож байгаа. Амьдралын хэмнэл алдагдаад байдаг. 
-Таны үндсэн мэргэжил юу вэ?
-Жүжигчин, найруулагч мэргэжилтэй. Найруулагч гэж дээ. Кофеноос өөр юм найруулж үзээгүй би юугаа ч найруулах вэ дээ. Одоо бараг сурсан зүйлээ хоолтойгоо холиод идчихсэн байх. Аливаа юмны тохироо бүрдэнэ гэж байдаг. Найруулагч хийх боломж, бололцоо, нөхцөл бүрдээгүй. Арын албанд ч ажиллаад, урд нь ч гарч жүжиглээд бүх талаас нь уур амьсгал, мэдрэмжийг авч юм сурсныхаа дараа зохиол дээр ажиллая гэж бодож байгаа. 
-Багадаа ямар хүүхэд байв?
-Сахилагагүй талдаа, хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Бидний үеийнхэн бүгд л ялгаагүй байсан байх. Орчин үеийн хүүхдүүд шиг утас байгаагүй. Байсан нь хэдэн ундааны бөглөө. Ихэнх цагийг гадаа өнгөрөөдөг байсан. Дүрсгүйтэж цонх, шил хагалж аав ээжийнхээ чихнээс их хонх уясан даа. 
-Гэр бүлээ танилцуулж болох уу?
-Эхнэр, охинтойгоо гурвуулаа амьдардаг. Манай эхнэр хүний нөөц хийдэг. Үндсэн мэргэжил нь нисэхийн инженер.
-Охин нь бүтээсэн дүрийг нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Ар гэрийнхний нэгдсэн хурлын захирамжаар охиндоо үзүүлэхгүй байхаар шийдсэн. Нийгмийн сүлжээ хэрэглэдэггүй. Гэхдээ зурагтаар гарж байх хугацаанд нь ямар нэгэн байдлаар олж үзэх магадлалтай байх. Хүүхдээ сургуулиас нь авахдаа өөрийнхөө царайг харуулахгүйн тулд эмээгээр нь авхуулдаг. Бусад хүүхдүүд “Танай аав чинь архичны дүрд тоглож байгаа” гэх мэт асуудал гарч магадгүй. Хүүхэд учраас сэтгэл санаагаар их унах байх. Том болтол нь ийм зүйлсээс хол байлгая гэж боддог юм.
-Гэр бүлийнхэн нь ямар сэтгэгдэлтэй байсан бэ?
-Манай эхнэр бол дөжирсөн. Бид 11 жил хамт байгаа. Би комеди хийгээд 7-8 жил болж байна. Энэ хугацаанд комеди хийж байх үеийн бичлэгүүд цацагддаг байсан. Тэр тал дээр эхнэр минь дархлаа суусан гэж бодож байна. Би эхнэрээ зодож, хүчирхийлдэг дүрд ч тоглож байсан. Саяхан “Амьд үлд” кинонд цуврал алуурчны дүрд ч тоглолоо. Манай хадам ээж залуу хүн болохоор ойлгодог. Харин ээж настай хүн болохоор санаа нь зовнидог юм шиг байна лээ. Хүмүүс киноны үйл явдалд бухимдаж “Хаанаас гарч ирсэн гай вэ?”, “Архичин новш” гэх мэтчилэн харааж, үг хэлээр доромжлоход миний 3 эгч бага зэрэг дургүйцсэн. 
-Таны дүр олны анхаарлыг их татсан. Найзуудынх нь сэтгэгдэл ямар байсан бэ?
-Манай найзууд ёжилж их явуулсан. Найз нөхдийн хувьд маазрах нь хэвийн зүйл. Надад хүнд тусдаггүй. “Бээгийгийн эхнэр хүүхэд яаж ийм өрвийсөн юм тэврээд унтдаг байна” гэсэн кино амьдрал хоёрыг ялгаж хардаггүй хүмүүсийн сэтгэгдэлд жаахан уур хүрдэг. Хамгийн гол нь би айл гэрийн ноён нуруу, эцэг хүн шүү дээ. Эхнэр хүүхдийг минь оролцуулж доромжилдог хүмүүст уурлах гэхээсээ илүү өрөвддөг. Тэрнээс биш найз нөхдөө маазрахад юм боддоггүй. Найзууд, ах нар “Кинонд тоглосон юм уу? Мөнгийг нь авчхаад жүжиглэх хэрэгтэй шүү дээ” гэх мэт маазарсан байсан. Бид дандаа биенээ тэгж явуулж байдаг юм. 
-Бүтээсэн дүрүүдийн тань ихэнх нь сөрөг дүр байсан. Эерэг, гол дүр бүтээе гэж боддог уу?
-Би 10 гаруй кинонд туслах дүр бүтээсэн. Тэднээс хамгийн гэгээлэг нь “Молоко” киноны дүр. Тэр дүр л гэнэн цайлган, гэрээсээ гардаггүй дүр байсан. Бусад нь архичин, алуурчин, луйварчин дүрүүд байгаа. Боломж олдвол эерэг дүрд тоглож үзмээр байдаг. Гэхдээ дүрийг голно гэж байхгүй, энэ дүр дээр явах гээд байна гэвэл зохиолоо уншина, дүрдээ яаж орох, ямар өнцгөөс яаж урсаад орох вэ гэж байгаад ордог. Дахиад ийм дүр дээр тоглохгүй гэж байгаа юм биш. Зохиол утга агуулга болж байна гэж үзвэл. Дандаа цэвэр цэмцгэр гоё харагддаг дүрд тоглох гээд нийгэмд хүмүүст өөрийгөө гоё мундаг харагдах гээд байдаг хүмүүсийг жүжигчин гэж хэлэхэд хэцүү гэж боддог. Сөрөг дүрийг гаргахад хүн амьдралдаа алдаж байгаа унаж байгаа гэдгээ мэддэггүй.жишээ нь архичин хүн өөрийгөө архинд яваад байгаагаа мэддэггүй. Муу, эсрэг дүрийг гаргадаг жүжигчид байж жигших үйл явц явагдаж эхэлдэг. Хүн өөрийгөө мэдэхгүй бол архичны дүрийг үзчихээд дараа нь өрийгөө харахдаа үзсэн дүртэйгээ өөрийгөө жишдэг, зогсох хөшүүрэг болж өгдөг. Бүжингийн амьдрал яагаад дандаа уруудаад байгаа, энэ архичин нөхөр хаанаас гараад ирэв гэх мэт зүйлс дээр анализ хийгээд жигшиж байгаа бол уур нь хүрээд стресстэж байгаа бол өөрийнх нь амьдралд ийм юм тулаад ирэхэд тархиныхаа дал ухамсраар ийм юм байж болохгүй гээд шууд жигшинэ. Гэхдээ тэр хүн хаанаас тэр далд ухамсрыг авсан бэ гэдгээ бол мэдэхгүй, үүнийг суулгаж өгч байгаа хүмүүс нь эсрэг дүр, зохиол. Үүнийг буруу зүйл гэдгийг тархинд нь суулгаж өгч байгаа. Бүжингийн дүр дээр сэтгэлийн тэнхээтэй байх, хүн сэтгэлээр доошоо унавал хязгааргүй гэдэг үг байдаг. Өөрийгөө л хаях юм бол дуусна, зааг дээр ирэх үед өөртэйгөө ярилцаж таслан зогсоож, тоормос авахгүй бол тэр чигээрээ уруудна. Сэтгэлийн тэнхээ бол амьдралдаа хийж буй үйлдлүүдийн 90 хувийг эзэлдэг.
-Бүжингийн дүрд тоглоход өөрийнх нь карьерт сөргөөр нөлөөлнө гэж зарим хүмүүс бичсэн байсан. Энэ тал дээр таны байр суурь ямар байна?
-Аль ч нийгэмд хар масс гэж байдаг. Тэр хүмүүсийн хувьд архичин хүүхнээрээ л дуусах байх. Харин урлагийн салбарт ажиллаж байгаа уран бүтээлч, найруулагч, жүжигчид, тогоон дотроо байгаа хүмүүстээ, зарим нэгэн сегментдээ бол асар их үнэлэгдэнэ. Хүн өөрийгөө эвдэж дотогшоо орж, дүрийнхээ төлөө өөрийгөө хаяж, эмэгтэй хүний гоо үзэсгэлэн карьерын төлөө биш би яавал хүмүүсийг жигшүүлэх үү, өрөвдүүлэх үү, харахад архичны хувцас өмссөн ч тоглолт нь цэмбэгэр, байгаад байж болохгүй. Үг хэл нь, шүд нь бүрэн, хумс нь лактай гэх мэтчилэн бүх деталь юм болгон дээр өөрийгөө хаяад дүрдээ орж чадсан. Бүжингийн дүр бол хүнд дүр, хэд хэдэн удаа унана, сэтгэл санааны доголдол, хүн өөрөө сэтгэхүйгээрээ хангалттай тоглох хэмжээний тоглолт олон. Энэ болгон дээр зоригтой орж, өөрөө өөртөө нэг шат ахиж, бусад хүмүүсийн үнэлэх үнэлэмж нь нэмэгдээд явж байгаа.энэ хүүхдэд хувирч чадахгүй байх өнцөг маш бага, аль ч киноны сонгон шалгаруулалтад сонгогдох магадлал 100 хувь.
-Гол дүрээсээ алдартай туслах дүр боллоо гэсэн сэтгэгдэл байсан. Энэ тал дээр та ямар бодолтой байгаа вэ?
-Би кинонд дуртай. Хүний шуналын юм байдаг. Гол дүр маш их сцентэй, тэр хүн хүссэн хүсээгүй дуустал нь байна, хангалттай өөрийгөө илэрхийлнэ, үзэгчдийн сэтгэл санаа ой тоонд хоногших хугацаа байгаа. Туслах дүрд цөөхөн сцентэй, зарим нэг сценийг найруулагч хэрэггүй юм байна гээд хасагдах үе зөндөө байдаг. Олдож байгаа жоохон боломж дээрээ байгаагаа шавхаад харуулъя гэдэг. Илүү нягт, бүтээмжтэй, яавал дүрээ гоё гаргах уу гэдэг. Бид нарын эд өссөн он 1990 оны сүүл 2000 оны эхээр орц болгоны үүдэнд ах нар архидаад, хаа сайгүй гэр хорооллын гудмаар дүүрэн ах нар зодолдоод л олон үйлдлийг харж өссөн. Тэр үеэ бодож нягтаршуулж, харагдаад өнгөрөх богинохон хугацаандаа хоногшоод үлдчих юм сан гэх бяцхан сэтгэлийн оч байдаг. Том ч бай, олон ангит, нэг ангит ч бай бүхий л уран бүтээлд орж байгаа туслах дүрүүдэд тийм бодол байдаг байх. Өөрийгөө үнэлэх хэрэгтэй. Чи тэнд хэрэгтэй учраас л тэнд байгаа. Туслах дүр юм чинь гэдгээр биш, эд эс нь учир амьтай болгох ёстой гэдэг хандлагаар хандаж байгаа бүхнээ богинохон хугацаанд гаргахыг зорьдог.
-Баатархүү ахын бүтээдэг дүрийг хамгийн сайн бүтээсэн байна гэх хөгжилтэй постууд зөндөө байсан?
-Ажлынхандаа энэ зун лапа архичны дүрд тоглосон гээд хэлсэн. Миний хэсэг гарахад ажлынхандаа шоолуулаад л байж байна. Чи хүн болгоныг жигшүүлж, инээд хөөр бэлэглэж, өөрийнхөө хэмжээнд тултлаа хичээсэн чинь харагдаж байна, мундаг байна шүү. Хүмүүсийн сөрөг сэтгэгдэл хараад шантраад нуруугаа хугалуулаад больчих юм биш биз дээ гэсэн хүмүүс бас байсан. Тийм юм бол байхгүй, дүрээ гаргаж чадсан болохоор л хүмүүст хүрсэн байх. Баяртай байна. 
-2025 онд зорьсон зорилтууд биелсэн үү? Ирээдүйд төлөвлөж байгаа зүйлүүд бий юу?
-Явсан уран бүтээлүүд амжилттай, ажлаа дээшлүүлээд тав тухтай орчинд ажиллая гэсэн маань биелсэн. Гадаад дотоодоор явсан, тоглолтууд амжилттай. 2025 он дажгүй болоод дуусаж байна. Төлөвлөсөн, хийнэ гэсэн ажлуудаа их бага хэмжээгээр бүгдийг нь хийсэн. Он дуустал ажлаа хийгээд орой нь хэдэн шинэ жил хөтөлье гэж бодож байна. Он гараад хэсэг амаръя гэж бодож байгаа. Дараа жилийн том зорилт бол бид анимешн дээр ажиллаж байгаа. Зохиол нь талдаа орсон, эхнээсээ дуу оруулалтдаа ороод эхэлсэн байгаа. Дараа жилийн хүүхдийн баяраас өмнө үзэгчдийн хүртээл болгоно. Залуу байгаа дээрээ бүгдийг хийгээд болгож бүтээе гэж боддог. Миний хувьд амжилт гэдэг бол удаан байсан ч зогсохгүй, тууштай байхыг хэлдэг. Бүгдээрээ дурласан зүйлдээ тууштай байцгаагаарай. Амжилт хүсье. Энэ хэцүү нийгэмд хэдүүлээ тууштай байж л амьдарна шүү.
Б.ЭНХЗАЯА

Сэтгэгдэл бичих
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.03 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.01,02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30