СХД-ийн цагдаагийн газрын II хэлтсийн дуудлага мэдээлэл, үйл ажиллагааг сурвалжлахаар зорин очлоо. Яагаад энэхүү цагдаагийн хэлтсийг зорин очих болов гэвэл дан гэр хороолол хамарсан хамгийн их хүн амтай нутаг дэвсгэр хэмээн бодож сонгосон юм.
2025 оны тавдугаар сарын 6-ны өдрийн оройн 18:00 цагт зорьсон газраа хүрэв. СХД нь 43 хороотой. СХД-ийн цагдаагийн газрын II хэлтэс нь дан гэр хорооллын бүс нутаг хамарсан 13 хороог хариуцдаг. Үүнд 25000 гаруй өрх айл, 112000 гаруй иргэн оршин суудаг. Хоногт 70 гаруй дуудлага мэдээлэл ирдэг бол хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмж буух үеэр энэ дуудлага мэдээлэл 80-90 болж өсдөг байна. Энэ талаар СХД-ийн цагдаагийн газрын II хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Т.Ариунзаяатай ярилцлаа.
-Голцуу ямар дуудлага мэдээлэл зонхилдог вэ?
-Архидан согтуурахаас үүдсэн гэмт хэргийн дуудлага мэдээлэл зонхилдог. Үүн дотроо архидан согтуурснаас үүдсэн гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл дийлэнх хувийг эзэлдэг. Гэр бүлийн хүчирхийллийн давтамжтай дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллага бүртгэдэг болсон. Нэг хаяг, нэг утаснаас ирсэн давтамжтай дуудлага мэдээллийг бүртгэж аваад хяналтад авдаг. Гэр бүлийн хүчирхийлэл нь хаалттай хаалганы цаана үйлдэгддэг онцлогтой. Үүн дотор мөн хамтран уугч гэж байна.
-Энэ төрлийн гэмт хэргийг бууруулахын тулд ямар арга хэмжээ авдаг вэ?
-Хамтарсан багтайгаа энэ төрлийн гэмт хэргийг бууруулахын тулд олон арга хэмжээг авдаг. Жишээ нь, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран сайн дурын эмчилгээ, сургалт нөлөөллийн ажлуудыг байнга хийдэг. Эдгээр ажлуудыг хийсний үр дүнд амьдралын зөв хэвшилд шилжиж архинаас гарах, ажил хийх зөв дадал хэвшилд орох тохиолдол бий.
-Архидан согтуурхнаас үүдсэн гэр бүлийн хүчирхийлэлд өртөх хүүхдүүд их байдаг уу?
-Багаа насны хүүхэд аюулыг тооцоолж мэдэхгүй. Жишээ нь юмнаас унах, тогонд хүрэхэд яах билээ, галын аюулыг гэх зэргийг мэдэхгүй. Гэтэл хуулиар хүлээсэн хүүхдийг аюулгүй орчинд өсгөх, асран хамгаалах үүрэгтэй эцэг эхчүүд өөрсдөө хамтран уугчидтайгаа архийг хэтрүүлэн хэрэглэж, өөр өөрсдийгөө удирдан жолоодож чадахгүй, өөрсдийгөө ч хамгаалах чадамжгүй байдалд хүрчихсэн байдаг. Энэ тохиолдолд бид хүүхдийг хамгаалалтад авдаг.
Ийн ярилцаж байх хооронд эхний дуудлага мэдээлэл ирэв. “Хүргэн согтуу дээрэлхээд байна” гэх дуудлага мэдээллийг аваад цагдаагийн хэлтсээс хөдөллөө.
2025 оны тавдугаар сарын 6-ны 19:00 цаг: Гэр хорооллын гудамж дундуур явсаар айлаа олж очлоо. Модон хашаа, цэнхрээр будсан төмөр хаалгыг онгойлгож оров. Хашааны зүүн урд буланд нохойгоо уяжээ. Төмөр гинж нь тасраад барих нь уу гэлтэй хуцаж цойлно. Шавар жижиг байшингийн зүүн талаар хойш чиглэсэн нарийн замаар явлаа. Хойд талд дахин нэг жижигхэн шавар байшин. Дотор нь насанд хүрсэн гурван хүн байлаа. Хүргэн гэх хүн нь өөдөөс гарч ирээд мэнд мэдэв. СХД-ийн цагдаагийн газрын II хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдал хариуцсан тасгийн эргүүлийн офицер цагдаагийн дэслэгч А.Баттүшиг тухайн хүнтэй ярилцлаа.

-Таныг архи уусан гэх дуудлага мэдээлэл ирсэн. Та хэр их уусан бэ?
-Би 0.33 л уусан.
-Яагаад агсам согтуу тавиад байгаа юм бэ?
-Би агсам тавиагүй шүү дээ. Сайхан толгой чанаж идэх гээд л байж байна.
-Дуудлага өгсөн хүн хаана байна вэ?
-Мэдэхгүй. Хэн дуудлага өгсөн юм бэ. Хөгшөөн чи дуудлага өгсөн юм уу?
-Үгүй ээ. Би өгөөгүй. Эгч та өгсөн үү?
-Үгүй ээ. Би өгөөгүй. Тэгвэл ээж өгч.
-Ээж нь хаана байна вэ?
-Хажуу гэрт байгаа гээд буцаж гарлаа.
Жижиг шавар байшин залгасан модон хашааны дунд хаалганы зай үлдээжээ. Зүүн талд байх хашаанд нэг гэр байна. Тэрхүү гэрээс 70 нас гарсан болов уу гэмээр буурал үстэй эмээ гарч ирэв. Эргүүлийн офицер цагдаагийн дэслэгч А.Баттүшиг та дуудлага өгсөн үү гэхэд “тийм” хэмээн өөдөөс нь алхав. Хүргэн ямар асуудал гаргав. Би сая хэд хоног гэртээ байгаагүй. Иртэл энэ нөхөр согтуу намайг элдвээр дуудаад юм авч шидсэн.
-Цохиж зодсон зүйл бий юу?
-Зодоогүй. Гэхдээ манай охиныг байнга зоддог. Бие хаа, гар хөл нь байнга л хөх эрээн болчихсон байдаг.
-Таныг зодсон уу хэмээн охиноос асуухад “үгүй ээ, намайг зодоогүй” гэв. Ингээд хүргэн гэх хүнийг авч явахаар болов. Эхнэр нь гэх хүн энэ хүн уг нь асуудал тариагүй л дээ. Хайлааст руу ээжийнх рүү нь би аваад явчхаж болох уу гэхэд ээж нь цаанаас чи цуг явахгүй шүү. Тэндээ аваачаад яаж тамлах юм байгаа юм хэмээн чанга дуугаар хэлэв. Тэгтэл “за би явахгүй ээ ээж, энэ хүнийг явуулчихъя” хэмээн чанга дуугаар хариулав. Хүргэн гэх хүн нь ч би яасан юм бэ ээж зүгээр сайхан толгой хуйхлаад чанаж идэх гээд л гал дээр үйчихээд сууж байсан шүү дээ гэхэд “Чи түрүүн намайг юу юу гэж дуудаад байлаа. Түүн шигээ элдвээр хэлээч. Төрийн цагдаа гэж байдаг шүү” хэмээн хоорондоо хэлэлцэх, хэрэгдэхийн завсраар чанга дуугаар ярилцсаар...
Цагдаа хүргэн гэх хүнийг дагуулан машиндаа сууж эрүүлжүүлэх байр руу хүргэж өгөхөөр хөдлөв. Замдаа нөгөө хүн нь дуудлагын мөнгө хэд байдаг билээ. Би төлчхөөд Хайлааст руу ээжийнх рүүгээ явчхаж болох уу. Өнөөдөр уг нь миний цалин буух байсан юм. Даанч хойшлогдчихсон. Тэгээд л хадам авгай ад үзэж байгаа юм байна гэх мэтээр ам хуурайгүй ярьсаар явав.

20:30 цагт дараагийн дуудлага ирлээ. Аав согтуу зодоод байна. Дуудлагыг аваад шуурхай хөдлөв. Гудамж ороон сүлжилдсэн замаар явсаар. Дуудлага өгсөн хүн рүү залгаж хаягийг лавлав. Тахиралдсан гудамж эргэтэл өөдөөс 14-15 орчим насны охин гарч ирээд газарчиллаа. Модон хашааны том хаалга нь онгорхой хашаа бүхэлдээ харагдаж байлаа. Хашааны хойд талд улаан тоосгон нэг давхар байшин. Үүдээр нь ортол хамаг юм нь ундуй сундуй, нил цус нөж болсон байна. Үүдний цонх нь хагарсан. Юу болсон тухай асуухад аав нь найзтайгаа цуг гэртээ архи уусан. Согтоод том охиноо зоджээ. Бага насны гурван дүү нь цуг байлаа. Ээж нь ажилтай гэв. Цонх хэн хагалсныг асуухад аав нь уурлаж цонхоо хагалахдаа өөрийнхөө гарыг зүсжээ. Ингээд тэр хавиар нил цус болсон аж. Ямар арга хэмжээ авахыг асуухад түргэн дуудна. Ирж анхны тусламж энэ хүнд үзүүлээд эмнэлэг авч явах уу, эрүүлжүүлэх авч явах уу гэдгийг шийднэ гэнэ. Бага насны дөрвөн хүүхэд гэртээ үлдэх учир харгалзах насанд хүрсэн хүн дуудаж үлдээнэ. Байхгүй бол 108 төвд дуудлага өгч иртэл нь хүлээнэ гэв. Ингээд эргүүлийн хоёр цагдаа дуудлага өгсөн айлдаа үлдэж, бид ахлах мэргэжилтэнтэй дараагийн дуудлагад явлаа.
20:40 цаг: Гурван настай хүүхэд харгалзах хүнгүй гудамжинд ганцаараа явж байна. Дуудлагын дагуу очтол ээж нь ирчихсэн “Яана аа уучлаарай. Түрхэн гараад амбаараасаа юм оруулах хооронд гараад явчхаж. Хайгаад олохгүй үнхэлцэг хагарах шахлаа” гэчихсэн зогсож байв. Цагдаа хүүхдээ сайн харж хандаарай гэж сануулаад дараагийн дуудлагадаа явлаа.

21:15 цаг: Нөхөр согтуу агсам тавиад байна. Ирсэн замаараа буцаж өгсөн дахин нэг хашааны үүдэнд очиж зогсов. Байшин руу орохоор явж байтал 50 нас дөхөж яваа болов уу гэмээр эмэгтэй хүн өөдөөс тосон гарч ирлээ. Танайх нь таван удаа дуудлага мэдээлэл өгч байсан юм байна. Энэ зургаа дахь нь шүү. Хамгийн сүүлд 2024 оны арваннэгдүгээр сард өгч байжээ. Тиймээс танайх давтамжтай дуудлага мэдээллийн санд бүртгэгдээд хяналтад авагдсан байна гэж цагдаа сануулав. Нөхөр гэх нэлээд агсам аж. Цагдаа руу ч хэл амаар дайрч, гэр бүлийнхэн рүүгээ ч элдвээр дайрна. Чамаас сална гэсээр гарч ирэв. Гарч ирээд ч дуугүй байсангүй. Түүнийг эрүүлжүүлэх байр руу авч явав. Зургаан удаагийн дуудлага мэдээлэл учир шүүхээр орж 7-30 хоногийн баривчилгаанд ч явж магадгүй гэв.