Dark Light
Нийтлэл | 2025-05-14

516 ХҮҮХДЭЭС 196 НЬ ХЭЛ ЯРИАНЫ БЭРХШЭЭЛТЭЙ

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image

Сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүд хэлд орой орох, ярьж өөрийгөө илэрхийлж чадахгүй байх, үгээ тод чанга зөв хэлж чаддаггүй зэрэг олон бэрхшээл тулгарах болжээ. Энэ юунаас үүдсэн, яагаад хүүхдүүд оройтож хэлд орох болсон талаар холбогдох мэргэжилтэн, хэл засалч, нийгмийн ажилтнуудаас тодруулан сурвалжиллаа.

“Түшиг” хэл яриа, авиа заслын төвийн үүсгэн байгуулагч С.Орхонтуултай ярилцлаа.

-Сүүлийн үед хэл засалч гэх нэр томьёо өргөн хэрэглэгдэх боллоо. Хэрэгцээ шаардлага их үүссэн учир энэхүү мэргэжилтнийг бэлтгэх болов уу?

-Монгол Улсад хэл ярианы засалч, хэл ярианы багш хүнийг бэлтгэдэггүй байж байгаад одооноос л бэлтгэж эхэлж байна. Энэ бол маш том сайшаалтай ажил. Цаашдаа яах вэ гэвэл аутизмын хам шинжтэй хүүхдүүд, хөгжлийн хоцрогдол нь нэн өндөрт орсон хүүхдүүдийн тоо ихсэх тусмаа энэ хүүхдүүдтэй ажилладаг мэргэжилтнүүд маш их хэрэг болно. Үүнийг улсаас маш өндөр түвшинд анхаарах хэрэгтэй болж байгаа.

-Хэл ярианы бэрхшээлтэй, оройтож хэлд орж байгаа хүүхдүүдийн тоон судалгаа байдаг болов уу?

-Сүүлийн таван жилийн судалгаагаар хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүдийн тоо эрс нэмэгдэж байна. Хүүхдээ анхаарах анхаарал суларч байна. Айлын бага хүүхэд юм уу, эсвэл хэнз төрсөн хүүхэд юм уу, ээж аав нь ажил ихтэй учир багаасаа утас таблетын хэрэглээнд орсон хүүхдүүд их болсон. Энэ хүүхдүүдийн хэл ярианы хоцрогдол өсөх хандлагатай харагдаж байна.

-Хүүхдийн ярих чадвар хэзээнээс эхэлж хөгжиж эхэлдэг юм бол. Ямар алдаа гаргаснаар хэл ярианы бэрхшээл үүсдэг вэ?

-Хүүхэд төрөөд л уйлж эхэлдэг. Төрсөн цагаасаа эхлээд орчныхоо бүх мэдрэхүйг авдаг. Орчныхоо бүх дуу чимээг сонсож, харж байдаг. Багаасаа чихээрээ сонсож, нүдээрээ харж бүх юмыг цээжилж байгаад дараа нь амаараа гаргана. Хоёр ой гарантай анхны үгээ хэлж байгаа тэр агшинд бид хүүхэдтэй харьцахгүй, ярихгүй утасны хэрэглээг өндөр байлгахаар хүүхдийн ярих процесс үүсэхээ больчихож байгаа. Ярих хэрэгцээ үүсэхгүй болохоор хэл ам, нүүрний бүх булчин чангарахгүй байна гэсэн үг шүү дээ. Хүүхдүүддээ хатуу юм идүүлэхгүй байна. Багаас нь хахчихна гэсэн ойлголтоор миксэрдсэн хоолыг  4-5 нас хүртэл нь өгчихдөг. Тэгэхээр хүүхдийн эрүүний булчин хөгжихөө больчихож байгаа юм. Эрүүний булчин хөгжихгүй болохоор ам нь сайн ангайхгүй ерөөсөө л шүлс нь урссан, хэл нь аман дотроо ямар ч үүрэггүй памбайсан байдалд орсон хүүхдүүд их болсон. Манай уламжлалт хүүхэд өсгөх арга бий шүү дээ. Багаас нь хүүхдэд хатуу ааруул идүүлээд хатуу мах бариулаад, булчин мах зулгаалгаж идүүлэх нь шинжлэх ухаанаар батлагдсан хүүхдийн хэл ярианы хөгжлийг дэмжсэн асар том хүмүүжил байгаа юм.

-Хүүхдээ оройтож хэлд орж байгааг, хэл ярианы бэрхшээл үүссэнийг мэдсэн эцэг эхчүүд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Хүмүүс хэцүү зүйл бодоод, гэрт нь юу хийлгэнэ ээ, одоо бид яана аа л гээд байдаг. Гэтэл зүгээр л ажигласан мэдсэн бол хүүхдүүдтэйгээ маш сайн ярилцах л хэрэгтэй. Ядаж л орой унтахад нь үлгэр уншиж өгч бай. Үлгэрийн баатруудыг ялгаж хоорондоо ярилцаж, дуу хоолойгоор хоорондоо тоглож байх нь зүйтэй. Хүүхдэдээ 20 минут л зарцуулахад болчихно. Түргэн хэллэгээр наадах ч гэдэг юм уу иймэрхүү маягаар хүүхдэдээ үлгэрлэх хэрэгтэй. Их бор морь, бага бор морь гэдэг ч юм уу, хүүхдүүдийн өөрсдийнхөө хэлж чадах, хэлэх боломжтой тэр богинохон үгтэй түргэн хэллэгийг өдөрт 2-3 удаа хүүхдүүдтэйгээ ярьдаг байх хэрэгтэй. Үүнийг л дадал болгочих хэрэгтэй байгаа юм.

Нэгдүгээр ангид орсон хүүхэд ярьж чадахгүй байх, буруу ярих тохиолдол гардаг болсон аж. Энэ талаар бага ангийн багш Ч.Энхтуяа ярихдаа “Нэг ангид 2-3-хан хэлний бэрхшээлтэй хүүхэд орж ирдэг байсан бол одоо арваас илүү байдаг болсон. Хэлний бэрхшээлтэй байгаа байдал нь өөрөө тэр хүүхдийн уншиж сурах, цээжээр бичих зэрэг бүхий л чадварт нь нөлөөлдөг” гэв.

Хүүхдүүдэд тулгарсан эдгээр асуудлын хэрэгцээ шаардлага нэмэгдсэн учир хэл засалчдын холбоо байгуулагджээ. Тус холбооны захирлаас цөөн асуултад хариулт авлаа.

Монголын хэл засалчдын холбооны захирал Ч.Ганбилэгтэй ярилцав.

-Одоогоор танай холбоонд хэдэн хүүхэд бүртгэлтэй байна вэ?

-Манай сургуульд 516 хүүхдээс 196 нь хэл ярианы бэрхшээлтэй. Найман хэл засалч багштай мөртлөө бид 196 хүүхдээ бүгдийг нь хэл заслын хичээлд хамруулж чадахгүй байгаа. Бага ангийн нэг хүүхэд хэл заслын хичээлд долоо хоногтоо 4 удаа хамрагдах хэрэгтэй. Багшийн хүрэлцээ муутай учраас бид долоо хоногтоо гурван удаа л орж байх жишээтэй.

-Ярьж таниулж л чадахгүй байгаа болохоос хүүхдүүд угтаа бүгдийг ойлгож мэдэж л байгаа байх даа?

-Хүүхдүүд утас дэлгэж үзэж байгаатай холбоотойгоор амьд харилцаанд орж өөрийгөө илэрхийлэх чадвар нь муу, өөрөө дотроо бүгдийг ойлгоод мэдээд байдаг. Гадагшаа гаргаад ярих чадвар нь их муу харагдаад байдаг.

-Гол ажиглагдаж буй асуудал нь юу байна вэ?

-Нэгдүгээр ангид маш их авиа дуудлагын буруу дуудлагатай хүүхдүүд их болсон. Үүнээсээ болоод хоёрдогч гажиг үүсэж байна. Жишээ нь, с ш үсгийг сольж хэлдэг, эсвэл хэлж чаддаггүй. Тэдгээр хүүхдүүд тэрхүү үсгүүдээ мөн бичиж чаддаггүй. Сонсоод сонсголоороо бичихдээ сольж бичдэг. Тэр авианы бэрхшээл бичигт тусаад ирэхээр сольж бичээд хоёрдогч гажиг үүсэх болсон. Хэл ярианы бэрхшээлээс болоод хүүхдийн танин мэдэх үйл ажиллагаа саатна. Оюуны хоцрогдолтой, оюуны бэрхшээлтэй юм шиг харагдах тохиолдол ч байдаг. Сайн судлаад үзэхээр тэр хүүхдийн үндсэн бэрхшээл нь хэл ярианы л бэрхшээл байдаг. 

-Ярих чадвар нь бусад тал дээр ч бас нөлөөлдөг үү?

-Хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүдийн өөрийнхөө бэрхшээлийг маш их мэдэрдэг юм байна. Жаахан тийм өөртөө итгэлгүй доогуур харцтай, буруу ярингуут нь хүүхдүүд инээдэг ч юм уу, энэ хүмүүс ингэж ярьж байхад би ингэж яриад байдаг гэж боддог ч юм уу, өөрийгөө мэдэрч байна, тэдгээр хүүхдүүд. Тэгэхээр өөртөө итгэх итгэлгүй, хэл ярианы бэрхшээлээс болоод найз нөхөд бага, найзгүй, ганцаардаж байна. Сургуульд ороод яваандаа сурлагаар хоцрох ч асуудал гарч байна.

Судалгаанаас үзэхэд 12 сартай хүүхэд 1-5 үг,  24 сартай хүүхдийн хувьд  50-300 үг,  36 сартай хүүхэд 250-1000 үгийн баялагтай болсон байдаг аж.

3 сартайгаасаа эхлээд хүүхэд дуугарч, аав ээж нь түүнтэй харилцах үед инээмсэглэж эхэлдэг. Тэд өсөж томрох тусмаа дуу чимээтэй танилцаж даллах, заах зэрэг дохио зангаагаар харьцаж эхэлнэ. Ойролцоогоор 4-6 сартайгаасаа эхлээд “ба, ма, га” гэх мэт нэг үетэй авиа гаргах бөгөөд удалгүй нэг авиагаа олон давталттайгаар “ба ба ба ” гэж хэлдэг болдог. Энэ үеэс эхлэн хүүхэд танд тодорхой нэр авиагаар ямар нэг зүйл хэлж байгаа мэт сонсогдох боловч танигдахуйц үг шиг сонсогддоггүй. Хүүхдийн анхны утгатай үгс нь ихэвчлэн 12 сараас эхэлдэг тухай хэл заслын мэргэжилтнүүд хэлж байна. Хэрвээ хүүхэд аль хэдийн ярих нас буюу  ой өнгөрсөн ч ярьж чадахгүй байгаа бол яаралтай мэргэжлийн хэл засалч багш нарт хандахыг мэргэжилтнүүд зөвлөлөө.  

Сэтгэгдэл бичих
Image
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00