2024 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд байрлах Миний дэлгүүрт гал гарч, Нийслэлийн аврах, гал унтраах 10 дугаар ангийн алба хаагч, ахлагч ахлагч Д.Жанчив нас барсан харамсалтай хэрэг болсон. Тухайн өдрөөс хойш яг нэг жилийн хугацаа өнгөрч байна. Ингээд түүний том хүү Ж.Бат-Оргилтой ярилцсанаа хүргэе.
-Аавынхаа мэргэжлийг өвлөж, онцгой байдлын алба хаагч болохоор суралцаж байгаа гэсэн. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?
-Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн 611 дүгээр дамжаанд дэд түрүүч цолтой суралцаж байна. Нэгдүгээр курсийн оюутан.
-Тэмүүжин өрлөг ерөнхий боловсролын сургуулийг төгссөн байх аа. Яагаад онцгой байдлын албыг сонгох болсон юм бэ?
-Тийм. Тэмүүжин өрлөг ерөнхий боловсролын сургуулийг төгссөн. Онцгой байдлыг сонгох болсон шалтгаан нь аав, өвөө хоёр минь. Би багаасаа юунд ч санаа зовж үзээгүй, эрх танхи өссөн. Ер нь эрсдэлд дуртай гэх юм уу, аав өвөөгөө харж өссөн болохоор хүн аврах сайхныг хардаг байлаа. Галзуу, галзуу зүйл хийх дуртай. Юмнаас айна гэж байхгүй. Манай аав бас тийм хүн байсан. Гэм нь уснаас л айчих гээд байдаг юм. Би бас түүнийг нь дуурайсан. Бусдаар аавыгаа л дуурайж энэ албанд орохыг сонгосон.
-Аав өвөө хоёр нь онцгой байдлын албанд ажиллаж байсан гэсэн. Ямар алба хашдаг байв?
-Манай өвөө Гал түймэртэй тэмцэх байгууллага гэж байхад галын шинжээч мэргэжилтэй хүн байсан. Аав минь Нийслэлийн гал унтраах дугаар ангид тасгийн дарга байсан. Гал сөнөөгч байж байгаад сүүлд тушаал дэвшээд тасгийн дарга болсон.
-Яг нэг жилийн өмнө аав нь албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн. Тухайн үед анх хэрхэн тэр мэдээг дуулж байв. Яаж хүлээн авч байв?
-Жирийн л нэг өглөө байсан. Өглөө эрт тэр үйл явдал болсон. Би сургалтдаа эрт гараад явчихсан. Найз охин маань бидэнд туслаад түрээсэлдэг дэлгүүрт маань худалдагч хийнэ. Биднийг эзгүй үед дүү нарыг харна. Тэгээд сургалтаа тараад гэртээ иртэл найз охин маань уйлчихсан байсан. Яасныг нь асуутал “Хичээлдээ уначихсан” гээд надад хэлж чадахгүй уйлаад байсныг нь мэдэлгүй тэнэг хичээлдээ уначхаад уйлаад гээд тоглож байтал ээж залгасан. Тэгээд л ээж хэлсэн. Тухайн үед үнэхээр хэцүү санагдсан. Аавыгаа алдчихаад тэнгэр хөмрөх шиг л болсон.
-Энэ нэг жилийн хугацаанд гэр бүлийнх нь амьдралд олон өөрчлөлт гарсан байх. Хэрхэн даван туулж байна вэ?
-Тэр үйл явдлын дараа би найз охинтойгоо ярьж байсан л даа. Аав яаж энэ бүх ажлыг амжуулдаг байсан юм бол гэж. Өөрөөсөө ч энэ асуултыг байнга асууж байсан. Найз охин маань аав чинь чадсан юм чинь чи чадна гэж байнга хэлнэ. Тэгээд л би зоригтойгоор дайрч байсан. Шантарч болохгүй. Би хөл алдвал миний дөрвөн дүү байна. Дээрээс нь ээж минь байна. Зоригтой байх ёстой гэж өөртөө байнга хэлдэг болсон.
-Сургууль нь нэгдэхийн өглөө ороод 5 дахь өдрийн орой тардаг гэсэн. Эндээ байрладаг юм уу?
-Тийм. Дотуур байранд байгаа учраас хашаанаасаа гарч болохгүй. Онцгой байдлын сургууль маань зөв тэгш хүнийг бэлтгэдэг. Дээд курсийн ах эгч нар маань ч зааж зөвлөж, маш сайн ярилцдаг. Нэгдэх өдрийн өглөө хичээлдээ ирээд 5 дахь өдрийн орой гэртээ харина.
-Таван өдөр хичээлтэй байж байгаад эрээн хувцастай гэр рүүгээ орохоор дүү нар нь яаж хүлээж авч байна вэ?
-Анх сургуульдаа ороод таван өдөр хичээлтэй байж байгаад харихад хэцүү байдаг байсан. Одоо бол дассан. Бага дүү нар агаа гээд л гүйлдээд хүрээд ирнэ. Одоо ч тараад гэртээ очихоор гүйгээд л ирнэ. Би гурван эмэгтэй, ганц эрэгтэй дүүтэй. Эрэгтэй дүү минь ч орохоор хүлээгээд сууж байдаг.
-Аав өвөөгийнхөө мэргэжлийг өвлөөд онцгой байдлын байгууллагад орохоор зорьж байна. Шантрах үе гарч байна уу?
-Ер нь надад шантрах эрх байхгүй. Аав минь ч бас тэгж боддог байсан байх. Яагаад гэхээр аав минь яг миний насан дээр бас аав ээжийгээ алдаж байсан. Хоёуланг нь зэрэг алдсан. Аав минь өөрөө айлын том. Гурван эрэгтэй дүүтэй. Аавыгаа ч бодоод үзэхэд хэрвээ тэр үед аав минь шантарсан бол хэцүү л байх байсан. Аавынхаа өнцгөөс бодоход аав хэрвээ тэр үед шантарсан бол бас хэцүү л зүйл болно. Миний аав шантраагүй тулдаа гурван дүү нь өдий зэрэгтэй амьдралаа босгочихсон явж байгаа. Би ч гэсэн дөрвөн дүүтэй айлын том. Тэгэхээр би шантрах эрхгүй л гэж боддог.
-Хүнд зөн совин төрдөг гэдэг дээ. Аавтайгаа байх сүүлчийн мөчүүдэд мэдрэгдсэн зүйлүүд байдаг уу?
-Байгаа. Гэхдээ би аавтайгаа оройдоо л гэртээ таардаг байсан. Бусад үед бараг таардаггүй. Би Тэмүүжин өрлөгт сурч байхдаа бас л казармд байрладаг байлаа. Аав минь өглөө ажил руугаа гараад явчихна. Би хичээлдээ гараад явчихна. Тэгээд л барагтаа таарахгүй. Хоёр талд цэргийн хүн яваад байхаар таарах нь ховор. Тэгээд нэг таарахаараа аялал зугаалга гээд явчихдаг байсан. Байнга таараад байхгүй ч аавтайгаа дотно байсан. Намайг төрж байхад аав минь туршлагагүй нэг хэсэг алга болж байсан гэдэг яриа байдаг. Туршлагагүйтсэн гээд л инээгээд байдаг юм. Манай аав тэгээд л бүх ажлаа амжуулна. Би нэгдэхээс тав дахь хүртэл хичээлтэй байж байгаад орой 7-8 цагийн үед харихад аав гэртээ харьчихсан. Оройны хүргэлтүүдээ хийчихсэн. Дэлгүүртээ сууж байна. Аавыг байхгүй болсны дараа бүх зүйл миний толгой дээр ирэхэд би бодож үзсэн л дээ. Бие минь дийлэхгүй үнэхээр хэцүү байсан. Тэгэхэд аавыгаа бодож үзсэн л дээ. Би энд сандал дээр суугаад хичээл хийж байна. Дасгал сургуулилт хийж байна. Тэгэхэд миний аав тэнд бүхэл бүтэн гал унтраагаад, хүний амь аварна. Өдөржин ажлаа хийж ирээд, орой нь юу ч болоогүй юм шиг хийчихдэг л байсан. Тэгэхээр би ч бас хийх л ёстой гэж бодсон.
-Ээжийнхээ маш том түшиг нь болж үлдсэн шүү дээ. Энэ хугацаанд ээждээ хэрхэн хань болж түшиж тулж байна вэ?
-Миний ээж маш мундаг хүн. Ээжид маш олон авууштай чанар байдаг. Би ээжийгээ маш их хүндэлдэг. Орой үдэш гардаггүй. Намайг хүмүүс гайхдаг л даа. Ээжээсээ асуугаадахъя гэхээр гайхна. Тэр чинь ёсны хүндлэл, ёс суртахуун шүү дээ. Ээжид их хэцүү байсан. Ээжийнхээ царайг ч харж чадахгүй үеүд байсан. Ээжийнхээ байтугай дүү нарынхаа царайг ч харж чадахгүй хэцүү үе байсан нэг хэсэг. Одоо бол дүү нар минь хүлээн зөвшөөрөөд том болцгоосон. Хамгийн анх аавыг сонсчхоод ээж мэдэж байгаа. Дүү нарынхаа царайг яаж харна аа гэж бодогдсон. Дүү нарт юу гэж хэлнэ ээ гэдгээс би маш их айсан. Яаж дүү нартаа ойлгуулах вэ гээд л лифтээр гараад л дүү нартайгаа таарсан. Тэгэхэд дүү нарынхаа царайг харахдаа маш их айсан.
-Аавынхаа тухай бодоход сэтгэлд хамгийн дотно үлдсэн дүр төрх ч юм уу, сэтгэлд хоногшин үлдсэн зүйл нь юу вэ?
-Аав минь намайг эр хүн шиг эр хүн болгож өсгөсөн. Багаас минь цэргийн сургуульд сургаж, намайг байнга дасгал сургуулилт хий гэдэг байсан. Спортоор хичээллэ гэнэ. Тэр болгон дээр минь дандаа дэмждэг байсан. Дандаа л миний ард байдаг байсан.
-Дүү нараа яаж өсгөөрэй гэж зөвлөж байв?
-Би яг одоогоор дүү нартаа цаг гаргаж амжихгүй байгаа. Багш нар нь над руу залгаад л байдаг юм. Одоохондоо очиж уулзаж амжихгүй л байна. Хоёрдугаар курстээ орохоор дотуур байрнаасаа гарчихна. Тэгэхээр дүү нараа жинхэнэ халамжилна. Одоо халамжлах нь халамжилж л байгаа л даа. Гэхдээ нэгдэхээс тав дахь өдөр хүртэл гэртээ эзгүй. Намайг байхгүйд юу ч болж байгаа юм билээ. Ер нь орой болгон, өдөр бүр утсаар ярина. Тэгээд залгахаар нь авах үе байна, авахгүй үе байна. заримдаа уурлана. Утсаа авсангүй гээд. Аав минь дүү нараа яаж хайрлаж өсгөсөн би түүн шиг нь л дүү нараа хайрлаж өсгөнө. Хүний дайтай л хүн болгоно гэж боддог.
-Магадгүй ээждээ хэлье гэж бодсон ч хэлэх боломж олдоггүй эсвэл санаа зовох үе байдаг байх. Ээждээ хандаж хэлэх үгээ дамжуулж болно шүү?
-Ээжээ тандаа хүү нь хайртай шүү. Ямар их зүйлийг тэвчиж байгааг хүү нь харсан. Ямар их тэвчээртэй, ямар их сэтгэлийн тэнхээтэйг хүү нь харж байгаа. Тэр болгоныг ганцаараа давах гээд л хичээгээд байдаг. Ганцаараа л гээд байдаг. Намайг ерөөсөө тийм асуудалдаа оролцуулдаггүй. Одоо ээждээ хэлэхэд хүү нь том болсон. Гэрийнхээ асуудлыг шийдье гэхээр дургүй байдаг. Ээждээ бүрэн туслах боломжтой болсон. Би дүү нараа элдэв зүйл хийлгэхийг хүсэхгүй. Ер нь бүх ачаагаа л өөр дээрээ авна. Ээжий минь хэлдэг ганц үг нь дүү нараа битгий орхиорой гэдэг. Аав минь ч хэлдэг байсан. Намайг 12 дугаар ангиа төгсөхөд аав минь надад захиа үлдээсэн байна лээ. Түүн дээр аав нь чамайг хурандаа болохыг мэдэж байна. Хамгийн гол нь дүү нараа битгий орхиорой. Ер нь аав ээж хоёр минь байнга л хэлдэг байсан. Би тэр үедээ нэг их тоодоггүй байсан. Сүүлд нь л хүн санадаг юм байна лээ.