Dark Light
Нийтлэл | 2025-04-09

Г.МЯГМАРНАРАН: БИ ТЕАТРЫН 60 ГАРУЙ ЖИЛИЙН ТҮҮХИЙГ МЭДНЭ БАС ҮҮРЭЛЦСЭН

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
Монгол Улсын Ардын жүжигчин Гомбын Мягмарнарантай ярилцлаа.
-Та театрын урлагт олон жил зүтгэсэн. Олон дурсамж үлдсэн байх даа?
-Эргээд бодоход нэлээд цаг хугацаа өнгөрсөн байна шүү. Би 1965 онд театрт орсон. Тэр үед Монголын театрын урлаг 30-аад жилийн настай. 1966 онд 35 жилийнхээ ойг хийж байсан санагдаж байна. Ингээд бодсон 95 жилийнхээ ойг хоёрхон жилийн дараа хийх гэж байна. Цаг хугацаа их явжээ. Өөрөөр хэлбэл би театрын 60 гаруй жилийн түүхийг мэдэх бас үүрэлцсэн байх гээд байна. Энэ утгаараа театрын урлагийн талаар нэлээд ярилцах хүний нэг л би болж байна л даа. Театр хөгжиж байна уу гэвэл театр хөгжиж байна. Маш их хөгжиж байна. Хөгжих ч ёстой. Театр амьд урлаг. Амьд урлагийнхаа хувьд үргэлж өөрчлөгдөж, шинэчлэгдэж, хэлбэр агуулгын хувьд улам хөгжиж, дэвшиж байдаг. Театр музей биш. Театр зогсонги зүйл огт биш. Амьд урлагийнхаа хувьд дандаа шинэчлэгдэж байдаг. Тэр бүү хэл нэг сар тоглоод маргааш нь дахиад л шинэчлэгдэж болно. Үргэлжид шинэ үзэгчидтэй, шинэ уур амьсгалаар, шинэ харилцаагаар хөгжиж байдаг. 
-Таныг анх театрт ороход үзэгчид ямар байсан. Одоо үзэгчид ямар болсон бэ. Театрын урлагийн 60 гаруй түүхийг мэдэхийн хувьд үзэгчдийн боловсрол хэр болсон бэ?
-60, 70, 80-аад онд театр үзэгчдээр дүүрэн байсан. Бүтэн 10 жил тасрахгүй тоглож байсан жүжиг Драмын эрдмийн театрт байсан. 5-6 жил тоглогддог сонгодог жүжгүүд байж л байсан. Тэр үед зөвлөлтийн зохиолчдын, оросын зохиолчдын, европын зохиолчдын, сонгодог бүтээлүүд, дорнын өрнийн гээд л бүх л шилдэг зохиолыг ээлж ээлжээр тавьж байсан. Тийм болохоор үзэгч театрыг үздэг болчихсон байсан шүү. Зах зээлийн үе буюу сүүлийн 30-аад жилийг харахад нийгмийн хөгжлийн чиг хандлага, эдийн засгийн бяр тэнхээ зэргээсээ болоод театрт үзвэр үзэх, театр руу ирэх хүрээ багасах явдал байсан. Харин сүүлийн жилүүдэд эргээд театраа үзэх үзэгчдээр дүүрч, улам залуужиж, улам шинэчлэгдэж ирж байна. Үзэгчдийн боловсролын хувьд хамаагүй дээрдэж байгаа. Үзье л гэсэн киногоо үзэж, үзье л гэсэн сувгаа үзэж байгаа болохоор үзэгчдийн маань соёл, боловсролын түвшин асар өндөр байна. 
-Зах зээлийн үе гарснаар нийгэм өөрчлөгдөж, театр үзэх үзэгчид ховордсон гэлээ. Нийгэм чухам яаж өөрчлөгдөв?
-Нийгэм үнэхээр өөрчлөгдсөн. Үзэх юм олонтой болсон. Телевизийн суваг гэхэд л болсон байна.  Дээр нь маш олон үзвэрийн арга хэмжээнүүд зэрэг зэрэг явагдаж байна. Хувийн студиүд, хувийн театрууд, маш олноороо төрөн гарч, театрын үзэгчдийг улам хөгжүүлж, баяжуулж, арвин баялаг санг бий болгож, өрсөлдөөний дунд хөгжиж байна л даа. Кино гэхэд л манайд хаалттай орны кино гэж байхгүй боллоо. Аль ч орны киног чөлөөтэй үздэг болсон. Тэр үед чинь солонгосын киног үзэх гэж оочирлоод л зогсдог байлаа. Би социализмын үеийн юм ярих гэж байна шүү дээ. Хон Гил Дон киног үзэх гэж бөөн оочир. Хүүхэд хүртэл гэмтэж, бэртэж, осолдож байсан удаа бий. Үзэх юм ховор байсан. Энэтхэг кино гарлаа гэхэд л бөөн хар оочир. За америк кино бол нүдний гэм. Ийм л байсан. 1990-ээд оноос хойш үзэх хүрээ маш их болсон. Тэр үед дотооддоо үйлдвэрлэж байсан кино гэхэд жилдээ 4-5 л уран сайхны кино гардаг байсан бол одоо жилдээ 40-50 кино хийж байна шүү дээ. Үзэж гүйцэхгүй байна. Тэгж их үзвэрийн эрэлт хэрэгцээ нэмэгдсэн. Драмын эрдмийн театр, Дуурийн театр л гэж байсан. Тэгтэл одоо олон сайн дурын театрууд, хувийн продакшнууд, инээдмийн продакшнууд маш олон бий. Ингээд үзвэрийн хувьд үзэгчид сонголт арвинтай болчихсон. Сонголт олон болохоор аль чадалтай, аль сонирхолтой бүтээлийг үзэх болсон.   
-Аливаа улсын хөгжил урлагийн үзвэрийг үзэж байгаа үзэгчдийн массаас уншигддаг гэдэг. Нэг үе манайд хошин шогийг масс илүү үздэг байсан. Та театрын урлагт олон жил зүтгэсний хувьд ямар байр суурьтай явдаг вэ?
-Инээдмийн төрөл гэдэг урлагт байх ёстой. Гэхдээ жинхэнэ утгаараа. Инээдмийн төрөл гэдэг тайзанд олон хэлбэр бий. Комеди, сатир, трагикомеди гэх мэт олон төрлөөрөө байна. Яг утгаар нь ярих юм бол. Тийм зохиол ч байна. Францын, оросын, зөвлөлтийн зохиолууд бий. Гүржүүд инээдмийн зохиолд үнэхээр сайн. Хошин шиг төрөл бол циркийн нэг хавсарга хэсэг гэж хийж байсан. Содном гуай, Данзан гуай, Дамдинсүрэн гуай тэгээд л Латиф, Цээеэ хийдэг байлаа. Инээдмийн төрөл, ёстой жинхэнэ хошин шогийн төрөл. Нийгмээ шүүсэн, шүүрсэн, шоглосон, чимхсэн шүүмжлэлтэй сэдвээр хийгдэж байсан. Гэтэл сүүлийн үед гарч ирсэн 20-иод жил давлагаалсан манай инээдмийн продакшнуудын хийж байгаа үзвэрүүд зарим талдаа учир дутагдалтай. Дэндүү их касс байна. Хүнийг л инээлгэж байвал агуулга, чанар, хэлэх гэсэн санаа, ур хийц, зохиомж, зохиолын хувьд, найруулгын хувьд маш их учир дутагдалтай байсан учраас тайзан дээр наслах насжилтын хувьд богиносоод ирлээ шүү дээ. Аяндаа өөрөө цаг хугацааны аясаар шүүгдээд, үзэгчдийн боловсрол нь өндөр болоод ирэхээр ийм ч юм үзэж байх гэж дээ, ийм ч юманд цагаа барж байх гэж дээ гэдэг шүүлт рүү орсон л доо. Тэгэхээр манай инээдмийн продакшны залуус маш их бодох хэрэгтэй. Заавал зохиол байх хэрэгтэй. Заавал нийгэмд хэлэх гэсэн санаа байх хэрэгтэй. Заавал тайзны гоозүйчдийн ститикийн зарчим байх хэрэгтэй. Бид юу хэлэх вэ, юу судлах вэ, дээрээс нь найруулагч байх хэрэгтэй юм аа. Жүжигчид өөрсдийгөө юу хийгээд байгааг сайн мэдэхгүй. Олон дахин олон номер хийгээд байхаар өөрийгөө эвдэж чадахаа байгаад, нэг хайрцаг, нэг рамд, нэг штанбад ороод эхэлдэг. Тэгж штанбад орсон инээдмийн, хошин шогийн хүүхдүүд их байна. Маш сайн хүүхдүүд найруулагч ч үгүй, зохиол ч үгүй, чи тийм хүн бол. Би согтуу хүн болъё. Чи аальгүй эмэгтэй бол. Би архичин болчихъё гэсээр байгаад сэдвийнхээ хувьд, агуулгынхаа хувьд уран сайхны түвшин алдагдаж байна. Үүнийг хэлдэг шүүмжлэгч байх хэрэгтэй. Үүнийг хийдэг найруулагч байх хэрэгтэй байхгүй юу. Зохиолч байх хэрэгтэй юм. Жишээ нь, Барамсай гуайн, Доржготовын хэчнээн сайхан хошин шог зохиолууд байдаг. Тэднээс зөвшөөрөл аваад, тэднийг баяжуулаад, найруулагчтай хийх юм бол бүтээл болно. Тэгж хийж чадахгүй зарим нь бүтээл гэхэд үнэхээр нүүр улаймаар юмнууд гардаг. Ер нь тайз дэлгэцийн бүтээлүүд үзэгчдээсээ түрүүлж явах ёстой. Үзэгчдээ дагуулж, хөтөлж явах ёстой. Гэтэл үзэгчдийнхээ дунд эсвэл асуудал үзэгчдийнхээ хойно орчихсон. Боловсролын хувьд, дэвшүүлж байгаа санааны хувьд, хэлэх гэсэн агуулгынхаа хувьд ингэхээр ямар хэрэгтэй юм. Ямар ч хэрэг байхгүй. Хажуу айлын хэрүүлийг тайзан дээр очиж үзээд яах юм бэ. Найз нөхдөдөө тохиолдсон адал явдлыг тайзнаас үзээд яах юм бэ. Ийм л болж хувираад байна. Үгүй ээ, тайзны бүтээл гэдэг оюуны бүтээл болохынхоо хувьд заавал үзэгчдээ урагш татаж, үзэгчдээ санаа сэдэл өгч, үзэгчдээ баясгаж хөгжөөх жинхэнэ бүтээл хийх ёстой. Үүнийг театр судлаач, урлаг судлаачид дугарч байх хэрэгтэй. 
-Таны хүү одоо Орфей театрын ерөнхий найруулагчаар ажиллаж байна. Хүүдээ шүүмжлэлтэй хандах үе байдаг уу?
-Байлгүй яах вэ. Бүтээл гарах болгонд сэтгэл зовдог. Сонголтоос нь өгсүүлээд л хамт түгшиж эхэлдэг дээ. Тэгээд явцаас нь үзнэ, үзүүлнэ. Одоо би хүүдээ итгэж байна. Сургууль номыг нь дүүргээд ирсэн хүнийхээ хувьд энэ дайны бүтээл туурвил хийлгүй яах вэ. Тэр цаг нь ч болсон. 4-5 жил болчихлоо. Энэ хугацаанд хэд хэдэн сайхан бүтээлүүд гарчихлаа. Дэлхийн хэмжээний зохиолуудыг үзэгчдэдээ хүргэж байна. Би үүнд нь баярладаг. Сэтгэл ханамжтай байгаа. 
-Саяхан “Амьдрахуй” жүжгийг Орфей театр тоглож, хэдхэн хоногийн өмнө тайзнаас буулаа. Энэ зохиолыг хүү нь барьж авч, тайзанд амилуулсан нь танд ямар санагддаг вэ?
-Амьдрахуй Үй Хуагийн зохиол. Үүнийг тайзны бүтээл болгосных нь хувьд би их баяртай байгаа. Энэ бол өнөөдрийн зрительд агуулга санааныхаа хувьд, дэвшүүлсэн асуудлынхаа хувьд маш чухал сэдэв. Ялангуяа залуу үзэгчдэд маш үзүүштэй, бодууштай бүтээл болсон гэж би ам бардам хэлнэ. Тийм учраас чанарынхаа хувьд, бүтээлийнхээ хувьд ч гологдох зүйл байхгүй. 
-Та жүжигтээ ажиллаж байх явцдаа хүүтэйгээ ам зөрөх, санаа нийлэхгүй зүйл гарах уу. Хүүдээ уран бүтээлээс болж загнуулж байна уу?
-Тэгэлгүй яах вэ. Найруулагчийн өөрийнх нь үүрэг байна. Тэр чинь загнах гэж загнахгүй шүү дээ. Буруу зөрүү байвал хэлнэ. Ойлгохгүй бол эмоци нь хөөрч ч болох. Тэр бүү хэл өндөр шаардлага тавина. Би түүнийг жүжигчин, найруулагч гэдэг утгаар хүлээж авна уу гэхээс биш тайзан дээр би Ардын жүжигчин, би аав нь чи дуугүй бай гэдэг үүднээс ярих эрх байхгүй. Тэгж харьцаж болохгүй. Тэгэх юм бол бусад залуус яах юм. Тиймээс адаглаад л цагтаа ирнэ. Хожигдож болохгүй. Үлгэр жишээ үзүүлэх, би чинь 40-50 жил театрын тайзан дээр амьдарсан хүн байна. Театрын этик соёлыг залууст чадах ядахаараа үзүүлж харуулах хэрэгтэй. Энэ үүднээсээ би найруулагч, жүжигчин хоёрын харилцааны зааг ялгаа, албан тушаалын зааг ялгааг харуулах ёстой. Тиймээс би хүүгээ найруулагчаа л гэж хүлээж авна. Жүжгийн бэлтгэл дууссаны дараа бол аав болно.  
Сэтгэгдэл бичих
Image
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00